Ярилцлага
Г.Цэвэгжав: Өөрийн гараар бүтээсэн бүхэн хожим дурсахад бахархалтай
/Дорноговь аймаг дахь Ардчилсан хөдөлгөөний
анхдагчдын нэг, өндөр настан Г.Цэвэгжав гуайг
“Хөөрөлдөөн” булангийнхаа зочноор урьж
цөөн хором ярилцлаа./
-Нутаг ус, ижий аавынхаа тухай дурсахгүй юу. Та аль нутгийн хүн бэ?
-Би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хүн. Бага залуудаа эцэг эхийн хамтаар мал аж ахуй эрхлэн амьдарч байсан. Аавыг маань Дарьзавын Гочоо гэдэг. Багаасаа Хуруутын сүмд шавилан сууж байгаад 1937 оноос хойш хар болж мал маллан амьдарсан. Хожим Агаруут сумын хоёрдугаар багийн агентаар ажиллаж байсан. Харин ээж маань насаараа нэгдэлд хонь хариулсан даа.
-Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би 87-той. Хөвсгөл сумын нутаг “Сайн төгрөг” гэдэг газар 1935 онд төрсөн.
-Ажлын гараагаа хаанаас хэрхэн эхэлж байв?
-Анх Хөвсгөл сумын Хүн эмнэлэгт санитараар ажиллаж эхэлсэн. Улмаар Дорнод аймагт Эх барих бага эмчийн нэг жилийн курст суралцан 1960 онд төгсөж тэндээ Буйр нуурын загасны үйлдвэрт бага эмчээр ажиллаж байлаа.
Дараа нь цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод Цэргийн төв госпитальд таван жил ажилласан. Цэргээс халагдаад нутагтаа ирж АУДуС-д лаборант, 1972-1982 онд Эрчим хүчний үйлдвэрт цахилгааны монтёр хийгээд, 1982 оноос өндөр насны тэтгэвэрт гартлаа 10 жилийн Нэгдүгээр сургуульд цахилгаанчин байсан.
-Та чинь тэгэхээр эмч хүн байх нь ээ. Цахилгаанчны мэргэжлээ хэзээ эзэмшсэн юм бэ?
-Цэрэгт байхдаа Дарханы Политехникумын цахилгааны ангид эчнээгээр дөрвөн жил суралцаж зургаадугаар зэрэгтэй цахилгаанчин болоод төгсөж байлаа. Сэлэнгэ аймгийн Дулааны станцад дипломын ажлаа хамгаалсан.
-Цэрэгт байхдаа давхар суралцах боломжтой байсан гэсэн үг үү?
-Тэр үед цэргүүд эчнээгээр суралцах боломжтой байсан юм. Цэргийн албыг таван жилээр хаана. Давхар хүссэн мэргэжлээрээ суралцаад мэргэжлийн үнэмлэхтэй болоод халагдах боломжтой байлаа. Миний хувьд таван жилийн албаа Цэргийн төв госпитальд ажиллаж өнгөрөөсөн.
Хажуугаар нь суралцаад явсан. Зун нь сургуульдаа очоод хичээлийн программаа авчихдаг, хавар нь шалгалтаа өгдөг байлаа. Сайхан цаг байжээ. /инээв/
-Таныг бага залуу наснаасаа эхлээд хөдөлмөрлөсөн, их хөдөлмөрч хүн гэж ярьдаг. Ер нь хөдөлмөр хийхийн ач тусыг та юу гэж ойлгодог вэ?
-Хөдөлмөрийн ач тус гэдэг бол асар их шүү. Аливаа ажлыг хийхдээ сэтгэлээ зориулж, цаг тухайд нь амжуулж, алдаа доголдол гаргалгүй шударгаар ажиллах шаардлагатай гэж ойлгодог. Мөн тэгж ажиллахыг хичээж зүтгэж ирсэн.
Сэтгэлээ зориулж хийсэн ямар ч ажил үр шимээ заавал өгдөг юм. Өөрийн гараар бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй, хожим дурсахад ч бахархалтай сайхан байдаг юм шүү.
Ийм үзэл бодолтойгоор миний бие улс эх орондоо 57 жил ажиллаж төр засгаас Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, ойн медалиуд зэрэг шагналаар шагнагдаж байлаа. Одоо нас дээр гараад хийхээсээ зүгээр суух нь их болжээ.
-Өнөөгийн залууст хөдөлмөрч чанар хэр зэрэг байна гэж хардаг вэ?
-Зөв бодолтой, шударга ажилсаг улс байлгүй л яах вэ. Гэхдээ хэлмээр зүйл бас байна. Одоогийн залуусын дийлэнх нь мөнгөний хойноос хэт хөөцөлдөх юм. Дээр нь залхуу, тэгээд ажлыг сайн муу гэж голох байдалтай.
Энэ маш буруу. Ямар ч хөдөлмөр байсан ялгаагүй хийсэн хүндээ ач тусаа харамгүй өгдөг гэдгийг дахиад хэлье. Хамгийн гол нь улс эх орондоо үнэнч шударга ажиллах шаардлагатай байна. Өөрийн хариуцсан үүрэгт ажлаа чанартай хийхэд наанадаж ахуй амьдрал нь өөдөлж дээшлэнэ, цаашлаад улсынхаа хөгжилд хүчээ өргөж байгаа хэрэг юм.
-Өнгөрсөн нийгэмд хариуцлага маш өндөр байлаа шүү дээ. Харин өнөөдөр ямар түвшинд байна вэ? Үүрэг хариуцлагын талаар та юу гэж боддог вэ?
-Тэгэлгүй яах вэ. Хүлээх хариуцлага өндөр учраас тэр хэмжээгээр ажлын бүтээмж, үр дүн сайн байсан. Өөрт оногдсон үүргээ биелүүлэхийг л чухалчилдаг байлаа. Одоо бол хаа хаанаа хариуцлага гэж алга. Хариуцлага хүлээх байтугай үг даадаг хүн ч ховор болжээ.
Үг даана гэдэг бол итгэл үүрч, ачаа даахын эхлэл юм шүү дээ.
-Та бол Дорноговь аймагт Ардчилсан хөдөлгөөнийг анхнаас нь дэмжин оролцож ирсэн хүмүүсийн нэг. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-1990 оны 04 дүгээр сарын 02-нд Дорноговь аймагт долоон гишүүнтэйгээр анх Ардчилсан холбоог байгуулсан юм.
Эхний үед олон талын шахалтанд орж хүнд хэцүү үеийг туулж байсан боловч зорьсон зорилгоосоо ухарч няцаж байсангүй ээ. Миний хувьд Алтанширээ, Дэлгэрэх сумдыг хариуцан ажилладаг байлаа.
Ардчилсан холбооны ажилд биечлэн оролцож, шударгаар зүтгэж явсан минь одоо санахад амьдралын бас нэгэн сайхан дурсамжтай цаг үе байжээ. Одоо Монгол хүн бүр ардчиллын үр шимийг хүртэж суугааг харахад сайхан байдаг.
-Хариуцсан сумдадаа ямар ажил зохион байгуулж, хэрхэн ажилладаг байв?
-Сумдаар тойрохдоо голчлон хөдөөний айлуудаар явж залуучуудтай их уулзана. Мөн сургуулийн сурагчидтай ч уулздаг байсан.
Тухайн үед Ардчилсан холбооноос “Шинэ толь” гээд сонин гаргадаг байлаа. Сониноо тараангаа холбооныхоо үйл хэрэг, зорилго чиглэлийг сурталчлан таниулж, гишүүн элсүүлэх үүрэгтэй. Зарим хүмүүс нь уурлах эсэргүүцэх байдал ч гаргана. Ардчилсан холбооны ажлыг Алтанширээд жолооч Ч.Дэлэгмаа, Дэлгэрэхэд багш Б.Шараа нарын хүмүүс хариуцдаг. Тэдэнтэйгээ нийлээд л явдаг байсан. Аймгаас унаа тэрэг гаргаж өгөх боломж байсан биш. Өөрийнхөө муу “Урал-72”-оор л давхиад байна шүү дээ. /инээв/
-Та чинь орос цэргүүдийг нутаг буцах үед мотоциклоо төмөр зам дээр хөндлөн тавиад суулт зохион байгуулалцаж явсан гэдэг байх аа. Тухайн цагт бол ял үүрч мэдэхээр хэрэг биз дээ. Яг ямар шаардлага тавьж суулт хийсэн юм бэ?
-Зөвлөлтийн цэрэг буцах үед тарьсан хогийг нь цэвэрлүүлэхийг шаардан суулт зарлаж, зэвсэг ачсан вагоных нь замыг хаагаад хэвтэж байлаа. Найрамдлын төмөр зам дээр болсон хэрэг. Тэр үед “Оросын хог” гэж тоймгүй их юм байдаг байв. Аймаг тойруулаад ухсан нуувч ч зөндөө.
Нүх тойрч явж л аймаг руугаа ордог байлаа шүү дээ. Ардчилсан холбооны 10 гаруй хүн суулт хийсэн юм. Өглөө 8-14 цагийн хооронд суулт хийгээд, аймгийн дарга Оросын талтай ярилцаж зөвшилцөх санал тавьснаар бид суултаа зогсоосон юм.
Тухайн үед аймгийн дарга Б.Мижид гэдэг хүн байлаа. Б.Мижид дарга Зөвлөлтийн цэргийн тойргийн даргатай ярилцаж, тэд бидний шаардлагыг хүлээн авч орой нь аймгийн даргын өрөөнд уулзалт хийснээр “Аж ахуйн салаа” нэртэйгээр Оросын нэг салаа цэрэг үлдэж, хогоо цэвэрлэж, нуувчаа булах ажлыг хоёр сар орчмын хугацаанд хийсэн байдаг юм.
-Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлыг таны зүгээс яаж харж байна вэ? Намын гишүүн, мөн ахмад хүний хувиар…
-Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Дээрээ бужигнаж, доороо учраа олохгүй, харсан хүлээсэн байдалтай л байх шиг. Хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Албан тушаал эрх мэдлийн төлөө үндсэн зарчмаасаа хазаймааргүй л байна. Өөр ч юу хэлэх вэ дээ.
-Ахмадаас үг сонс гэдэг дээ. Залуустаа хандаж захиас сургаалийн үг хэлэхгүй юу?
-Залуустаа хандаж хэлэхэд үнэнч шударгыг эрхэмлэж, хөдөлмөрийг сайн муу гэж голохгүй ажилладаг баймаар байна. Ахмад хүнээс үг сонсож, хүнтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Цагийг үр бүтээлтэй ашиглаж залуу насандаа ихийг сураарай. Улсынхаа түүхийг судалж мэдэх нь чухал, архи тамхинаас татгалзаж, орон нутаг эх байгалиа хамгаалж хайрла.
Малчин залуусыг хараад байхад малтай их ширүүн харьцаж байгаа ажиглагддаг. Хөдөлмөр хийж байгаа залууст сэтгэл их дутагдаж байна. Ажилдаа эзний ёсоор хандаж байгаарай. Эцэст нь чухалчлан захихад орон гэрээ аятай авч явж, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлмээр байна. Айл амгалан бол улс амгалан гэж үг байдгийг санаж явууштай.