Ухрах эрхгүй цагаан нөмрөгтнүүд
2021.09.29. Сайншанд.
“Улаан бүс”-д нэвтэрч эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажиллаж буй талаар сурвалжлахаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Чинзоригт хүсэлт тавихад зөвшөөрсөн тул Нэгдсэн эмнэлгийн хоёр давхрын дотрын тасгийн дэргэдэх ковидын эмчилгээнд зориулсан 100 ортой тасгийн үүдэнд ирлээ. Корона вируст халдварын тоо Дорноговь аймагт өдөрт дунджаар 200 гараад байна. Үүнээс улбаалж эмнэлэг бараадахыг хүссэн хүний тоо ч эрс нэмэгдээд байгаа юм.
Хүүхдийн их эмч С.Болортуяа халдвар хамгааллын дэглэмийг танилцуулж хамгааллын хувцас гаргаж өгөв. Ажлын багаж болох камер, утас, үзгийг ариутгав. “N-25” агаар нэвтрүүлдэг амны хаалт зүүгээд, нүүрний амны хаалт давхарлан, халдвараас хамгаалах комбинзон, урт түрийтэй резинэн гутал, бээлий гартаа өмсөөд “Улаан бүс”-д нэвтэрлээ.Бидний мэддэг эмнэлгийн ердийн нөхцөл байдал өөрчлөгдөж тэс өөр орчин угтав. Цагаан халадаар гоёсон эмч нар цааш нааш явж хүмүүсийг үзэж, үйлчлүүлэгч иргэд коридороор алхаж харагддаг эмнэлгийн орчиноос ондоо бөгөөд зөвхөн битүү хувцастай цөөхөн хэдхэн эмнэлгийн ажилтан л үзэгдэнэ.
Энэ бол хүн төрөлхтнийг нөмрөөд байгаа халдварт өвчин “Ковид-19” халдварын өндөр эрсдэл бүхий орчин юм. Өөрөөр хэлбэл ковидын халдвар авсан 100 гаруй хүн энд хэвтэн эмчлүүлж байна.Ингээд ковидын эмчилгээнд зориулсан тусгай тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нар хэрхэн ажиллаж байгааг сурвалжилснаа хүргэе.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүн олширч эмнэлгийн ажилтнууд халширч байна
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч С.Болортуяа мэргэжлээрээ хорь гаруй жил, хүүхдийн чиглэлээр дагнан арваад жил ажиллаж байгаа манай аймгийн туршлагатай эмч нарын нэг юм. Түүнийг хүүхдийн чиглэлээр мэргэшсэн, ажлын арвин туршлагатай учраас улаан бүсэд удаа дараа томилон ажиллуулж байгаа аж.
“Ковид-19” халдварын эмчилгээнд зориулсан 100 ортой энэхүү тасгийг хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан зэрэг зорилтот хүмүүсийг эмчлэхээр нээжээ. Тэрээр “Улаан бүс”-д хоёр дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд эхний удаа 100 гаруй хүнд эмчилгээ хийж олон хүнд амьдралын баяр баясал бэлэглэсэн бол энэ удаа 50 орчим хүний эмчилгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа аж.
Мөн хамтран ажиллаж байгаа эмч Ц.Цэндсүрэнтэй эмчилгээ үйлчилгээгээ ярилцаж, заримдаа зөвлөн тусалж, хэвтэн эмчлүүлэгчдийн амин үзүүлэлтийг хянаж, хүндэрсэн тохиолдолд эмчилгээг өөрчлөх, дараагийн эмчилгээг хэрхэн эхлэх зэргийг хянан зохицуулж буйгаа ярьсан юм. “Ковидоор өвчилсөн хүн хамгийн багадаа 14 хоног, үүнээс дээш хугацаагаар эмчлүүлж байна.Халдвар авсанаа мэдэлгүй олон хоног явснаас зарим хүний бие хүндэрч эрчимт эмчилгээнд орох нөхцөл бүрдэж байгаа. Халдвар авсанаас хойш зургаагаас долоо хоногт халдварын шинж тэмдэг илэрч байна. Биеийн байдал нь хүндэрсэн хүмүүст эмчилгээ хийх өөр, зуун хүнд эмчилгээ хийх бас нэг өөр юм.
Чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй, өндөр настай, жирэмсэн, хөхүүл гээд өлгийтэй нярайгаас ерэн нас хүрсэн ахмад настан хэвтэн эмчлүүлж байгаа тул тэдэнд тохирсон үрэвслийн эсрэг, шинж тэмдгийн эсрэг, вирусын эсрэг эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, зүрхний дархлаа сэргээх эмчилгээ гээд шаардлагатай эмчилгээг тохируулан хийж байна.Тарианы цаг зогсоо зайгүй тул сувилагч нар маань хэдэн цагаар ч хамаагүй тариа хийгээд амрах завгүй үед заримдаа бараг чирэх нь холгүй дуудаж амраах аядана.Өдөр болгон эмчилгээ тариатай бид шөнийн 02.00 цаг хүртэл ажиллаад дараа нь бичиг цаасны ажлаа үргэлжлүүлсээр бараг үүрийн гэгээтэй залгаж амрах завгүй ажиллаж байна.
Халдварт вирус хэлбэрээ өөрчилж альфа байсан бол дельта болж хувирлаа. Хор уршиг нь ч илүү болж өвчин маш хурдан хүндэрч байна. Бидний нэрийг шууд зоогоод л улаан бүс рүү оруулж байна. Эмч сувилагч, үйлчлэгч бүгд л халширч байна.Гэлээ ч бидний үүрэг учраас ажиллахаас өөр нөхцөлгүй. Бид ч мөн адил хаанаас халдвар авах нь цаг хугацааны асуудал боллоо.
Битүү хувцастай хамгийн багадаа дөрвөн цаг түүнээс дээш хугацаагаар ажиллах үед нүүрний амны хаалт цантаж заримдаа амьсгалах аргагүй болж хөлрөх энүүхэнд. Зуны халуун үеэр бидний хувцас усан хулгана болтлоо хөлөрч тайлаад мушгихад ус гарч байсан шүү.Одоо сэрүү ороод арай өөр боллоо. “Ковид-19”-өөс өөрсдийгөө хамгаалж, аль болох өвдөхгүй байхын тулд амны хаалтаа тогтмол зүүх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гэр орон орчин тойрноо ариутгаж цэвэрлэж байх шаардлагатай” гэж тэрээр ярьсан юм.
Мөн тэднийг улаан бүсэд ажиллах үеэр буюу энэ оны есдүгээр сарын 27-нд корона вирусын халдвар авсан бие давхар залуу ээж эмнэлэгт ирсэн бөгөөд эмч, сувилагч нар хийсвэр хагалгаагаар эхийг эсэн мэнд амаржуулж хүүхдийг эсэн мэнд төрүүлснээс гадна эхийг халдварт өвчнөөс гэтэлгэж чаджээ.
Тарианы сувилагчийн тасралтгүй ажил үргэлжилсээр
Аймгийн дотрын тасгийн сувилагч Б.Дэлгэрмаа АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийг сувилагчийн мэргэжлээр дүүргэжээ.Тэрээр ковидын үеийн эмчилгээ буюу улаан бүсэд мөн л хоёр дахь удаагаа ажиллаж байгаа юм. Улаан бүсэд цаг гаруй болсон би сувилагч Дэлгэрмааг хором ч амралгүй хэвтэн эмчлүүлэгчиддээ тариа хийж байгааг нүдээр харав. Сувилагч бол эмчийн баруун гар нь юм байна гэх бодол яагаад ч юм надад төрсөн юм.
Хэний судас нарийхан, хэнийх нь олддоггүй, хэн нь зовиур шаналгаатай байгааг сувилагч андахгүй. Битүү хувцас өмсөж бээлий гартаа хийгээд хамгийн багадаа дөрвөн цаг үүнээс ч илүү хугацаагаар халдвартай хүмүүсийн тариаг хийе гэж төсөөлье.Дэргэд нь зогсоод нэг агаараар, нэг орчинд амьсгална. Тангараг өргөсөн эмнэлгийн ажилтны эр зориг, тэсвэр тэвчээр, хүний төлөө гэсэн нинжин сэтгэл нэвт үнэртэж байгааг ядах юмгүй мэдэрнэ. Эрүүл мэндийн салбарынхан ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгаа. Хэзээ ч халдвар авч болзошгүй эрсдэл дунд эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.
Битүү хувцсыг тайлбал халдвар авна. Тиймээс хамгааллын хувцастайгаа хэдэн ч цаг хамаагүй ачаалал дааж ажиллах нь тэдний тэвчээр, сэтгэл зүрхнээс хамаарч байна.Хамгийн багадаа дөрвөн цаг үүнээс дээш арван цагаар ч ажиллана. Олон цагаар ажиллах үед бие нь хөлөрч, амны хаалт нь цантаж, тариа хийхэд түвэгтэй болох тохиолдол их гардаг гэж тэрээр өгүүлсэн юм.
Тарианы цаг зогсоо зайгүй үргэлжилж байгаа учир тэрээр олон зүйлийг өгүүлэх зав гарсангүй. Биеийн байдал нь хүндэрсэн үед эмчийн заавраар хоёроос гурван антибиотек цагийг нь зөрүүлж хийнэ. Найман цагаар өдөрт 50-60 хүнд цагийн тариа хийдэг гээд бодохоор өдрийн бор хоногт хэчнээн тариа хийдэг байхыг түвэггүй мэдэж болно.
Хөнгөн эмчлүүлэгчид тариагаа ирж хийлгэдэг бол биеийн байдал нь хүнд хүмүүсийн тариаг сувилагч тасагт нь очиж хийнэ. Шөнийн 02.00 цагийн үед тэр өдрийн тарианы ажил шувтардаг бол үргэлжлүүлээд бичиг цаасны ажил залгадаг байна.
Асрагч Ж.Алтантуяа ковидоор өвдсөн нярай хүүхдийг гаднаас тэврэн тасагт хэвтүүлэв
Намайг “Улаан бүс”-д нэвтрэх үеэр амбулаторийн тасгийн асрагч Ж.Алтантуяа ковидоор өвдсөн нярай хүүхдийг гаднаас тэврэн авчирч тасагт хэвтүүлж байсныг хожим мэдсэн юм. Алтантуяа асрагчаар гурван жил ажиллаж байгаа юм.
Тэрээр “Улаан бүс”-д гурав дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд хорь гаруй өрөө тасалгааг цэвэрлэхээс гадна эмч сувилагч нарын ажилд байнга тусалж харагдана. Эмч нар ажил ихтэй тул халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гээд түүний ажил дуусахгүй.
Хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж, халдвар хамгааллыг сахиж, учирч болох эрсдлээс сэргийлж байгаа асрагчийн ажил үнэ цэнэтэй юм.
Нэг л мэдэхэд халдварын бүсэд цаг орчим болжээ. Өөрөө өвдөхөөс үл эмээж бусдын төлөө зүтгэж байгаа эмнэлгийн ажилтнууд бол энэ цагийн баатар юм гэх бодол энэхэн зуур төрөв. Халдварын эрсдлийг сөрөн бусдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэл зүрхийг юутай зүйрлэх билээ.
Хүний амьдралд баяр хөөр, аз жаргал авчрах нэгэн гэгээлэг өнгийг эмнэлгийн ажилтнууд асааж байна.Тэд хайртай хүүхдүүдээ, халамжит ханиа, аав ээжийгээ, гэр бүлээ, үнэтэй бүхнээ орхиод бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа юм. Халдвар хаанаас ч, хэзээ авах нөхцөл бүрдсэн цагт үүргээ ухамсарлаж ухрах эрхгүй урагшаа зүтгэн ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудаа хайрлаж, урам дэм өгцгөөе.
Энд халдвар хамгааллын битүү хувцас өмссөн хоёр эмч, хоёр сувилагч, хоёр асрагч 10 өдрийн турш 100 гаруй хүний эрүүл мэндийг хариуцан ажиллаж байгаа юм. Нэг эмч сувилагчид 50-60 хүн ногдож байна. Надтай уулзсан эмч, сувилагч, асрагч нар бүгд хоёроос гурван удаа улаан бүсэд ажиллаж байна.Тэдэнд ажлын туршлага, сэтгэл зүрх байгаа болохоор халдварын эрсдэл ихтэй бүсэд тохоон томилж ажиллуулж байгаа. Тэдэнд олигтойхон амьсгаа авч цайгаа тааваар ойчлох ч зав хомс байгааг анзаарав.
Халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 670 ор дэлгэснээс 365 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгаа юм. Мөн аймгийн эрүүл мэндийн салбарын 180 хүн “Ковид-19” халдвар авсанаас энэ оны есдүгээр сарын 27-ны байдлаар 54 хүн эмчлүүлж байгаа бол бусад нь эмчлүүлж эдгэрчээ.
Харин дээрх эмнэлгийн ажилтнуудын 34 нь ажлаа хийж яваад халдвар авсан гэх баримт байна. Тэд бол галын шугам дээр тулалдаж буй дайчид юм. Улаан бүсэд цаг орчим болоод гарахад бие хөлөрч, гар бадайрч ядарснаа мэдрэв.Цаг шахам хугацаанд хэцүүдэх маягтай байхад бүтэн өдрийн турш, шөнө нойроо хагаслан зүтгэж буй эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр ямар хүнд, тэвчээр шаардсан ажил вэ гэдгийг мэдрэв. Улаан бүсээс гарч цэнгэг агаар цээж дүүрэн амьсгалж аваад гэрийн зүг явлаа.
Үргэлжлэл бий.