Иргэний зөвлөл хуралдлаа
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын дэргэд орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийг 5 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан.
Тус зөвлөл нь Аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэгтэй бөгөөд хууль дээдэлж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, хараат бусаар ажилладаг юм. 2022 оны ээлжит хурлаар тус зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалтыг хэлэлцэн, Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу баталсан юм.
Харин 2023 оны эхний улирлын хуралдаан 3 дугаар сард болж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэн өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллагад тодорхой зөвлөмж өгсөн юм.
Орон тооны бус Иргэний зөвлөл нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан зүйл заалтын дагуу цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох, цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг эрхтэй.
Иргэний зөвлөлийн гишүүд нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байх бөгөөд тэднийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилох аж.