Ноён хутагтын өвОнцлох мэдээ

“Гэтэлгэх мөр” туульсын драмын жүжгээс үүдсэн бодол …

Нэрнээсээ эхлээд л бодох, ойлгох сэтгэх мэдрэмжийг өгсөн гайхалтай жүжгийг нэгэн үдэш тухлан сууж үзсэн бодлоо хуваалцсу.

Гэтэлгэгч хэмээх үгийн язгуур нь зовлонгоос ангижруулагч бөлгөө.Гол гэтэлгээд аль, зовлонгоос гэтэлгээд аль хэмээн хүмүүс хэлэх нь бий. Гэвч яаж? Үйл зовлонгоо гэтэлгэхээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй хүний зовлон нимгэрэх боломжгүй. Тэр зовлонгоос хүн өөрийн  сэтгэлийн хүчээр даван гарахыг жүжигт өгүүлдэг. Товчхон хэлэхэд хүмүүс амьдралын төлөө явсаар өөрийгөө мартаж, сэтгэлээ мартаж, өөрийгөө гээх цаг дор сэтгэлийн хулгайч, оюуны хулгайч, эд хөрөнгийн хулгайч болон шунан шунасаар олон олон адын бодолд автаж өөрийгөө төөрүүлнэ.

Жүжгийн нэгээхэн хэсэгт орчлон хорвоо хөмрөх шиг хачин их дуун авиа гарч  хүмүүс огт өөр,  нэгнээ танихгүй болж орчлон дээр хоорондоо тааралдана. Хүмүүсийн мөн чанар энд  л харагдана. Өөр нэг үзэгдэл үйл явц  дээр хүмүүс зүүдэлнэ. Зүүдээр дамжин ирэх тэр мэдрэмж нь гайхалтай.

 Хаан, харц ард, хулгайч шуналтан, шагжийн номын эзэн, зовлонт эх… гээд жүжгийн олон олон дүрийн мөн чанар хийгээд “Гэтэлгэх мөр”-ийн үнэн нууцыг “Саранхөхөө” театрт очоод тухлан сууж үзээд мэдрэх болно. Энэ бол жүжгийг зөвхөн хэсэгхэн л үйл явц. Үргэлжлээд маш олон сонирхолтой үйл явдлуудыг өгүүлнэ.

Амьдралд хүмүүс ямар нэгэн зүйлийг эрж хайхын төлөө л  уралдах. Гэвч тэр нь юу вэ?  Харин тэрхүү хайсан эрэлээ эл жүжгээс олох болно гэдэгт итгэлтэй байна.

 Жүжгийн агуулга нь цаг үетэйгээ сайтар зохицсон эл жүжгийн  тайз дэлгэцийн шийдэл, дизайн урлал, жүжигчдийн чадвар, тоглолт зэрэг нь гайхалтай. Тиймээс үзэгч та “Саранхөхөө” театрт очоод л мэдэр. Жүжгийг 2023 оны тавдугаар сарын 26-ныг дуустал өдөр бүр 19 цагаас тоглож байна.

Харин энэхүү жүжгийг театрын дэлгэцнээ найруулан тавьж олны хүртээл болгосны шалтгааныг товчхон дурдах хэрэгтэй болов уу. Дорноговь аймаг бол  Дорнын Их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар дүрийн Догшин ноён хутагт Лувсанданзанравжаагийн адис жанлав оршсон нутаг. Энэ нутагт энергийн төв Шамбалын орон бий гэж үздэг. Шамбалын орныг нээж олохоор гадаадын олон эрдэмтэн, аялагч жуулчид олон зууны өмнөөс Азид, тэр тусмаа Төвдийн өндөрлөг, Монголын говиор явж мэдээ занги, аян замын тэмдэглэлүүд  бичиж үлдээсэн нь бий.

Рэгдэндагва хааны дүрд дуучин, МУСТА Д.Анхбаяр

Тэр тусмаа Оросын алдарт зураач шинжлэхүйн болон урлахуйн ухааны бүтээлээрээ дэлхийд алдаршсан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан Николай Константинович Рерихийн олон бүтээл байдаг бөгөөд тэрээр “Шамбалын хаан Рэгдэндагва“ хэмээх алдарт  бүтээлээ  зурж үлдээсэн байдаг. Хүний сэтгэлийг амраагч, ид шидийн гэмээр нууцлаг энэ газар орон чухам хаана байдгийг олж тогтоогоогүй л байна.  Гэвч энэ нууцлаг газар орон Дорноговьд тэр тусмаа Хамарын хийдийн орчимд байдаг гэж үздэгийн учир нь говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан гэдэг.

Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун  санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Ноён хутагтын өв дамжсан тахилч Алтангэрэл гуайтай олон жилийн өмнө уулзаж байхад Хамарын хийдийн орчимд хачин  жигтэй үйл явдал болсныг дурдаж байлаа. Тэрээр “Шамбалын орныг нээх үед надтай хамт ажиллаж байсан хүний дүү гэнэт алга болчихсон. Цаг агаар маш их халуун байсан. Тав хоногийн дараа олдсон. “Яав, юу болов” гэж асуухад “Би  нэлийсэн ногоон орчин руу орчихсон. Ус, мэлхийнүүд ихтэй” гэх зэргээр ярьсан юм.

Жил бүр л Хамарын хийд, Энергийн төвийг зорьсон аялагч жуулчдын тоо тасардаггүй бөгөөд зочлон ирэгсэд сэтгэлээ цэлмэтэл бясалгаж, аялж, Хүслийг гүйцээгч Ханбаян зүрх уулнаа зорчин хүслээ шивнэж,  бүх муу муухай бодлоо хаян шинэ хүн болоод буцдаг билээ. Яг л ийм үзэгдэл үйл явцыг “Гэтэлгэх мөр” жүжгээс харж болно. Энэ жил говийн тавдугаар дүрийн Ноён хутагт, Их соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн тэгш ой тохиож буй. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул төрийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарын зохиол “Гэтэлгэх мөр” туульсын хөгжимт драмын жүжгийг их хүмүүний түүхэн ойд зориулан “Саран хөхөө” театрын дарга, жүжигчин Э.Идэрболдын найруулгаар тус театрын уран бүтээлчид тайзнаа дэглэн олны сэтгэлийн чинадад хүргэж байна.

Товчхон хэлэхэд эл жүжгийг Шамбалын  орныг зорьсон  хүн бүхэнд зориулсан хэмээн жүжгийн ерөнхий найруулагч Э.Идэрболд хэлнэ лээ. Дорноговьд ирээд Шамбалын орноор аялахын  сацуу Шамбалын орны тухай, хүмүүний сэтгэлийн тухай өгүүлэх эл жүжгийг үзээд явахад л  газар орны мөн чанарыг мэдэрч сэтгэлийн таашаал, цэнгэл эдлэх нь гарцаагүй буй за.

Эцэст нь хэлэхэд хүний сэтгэлийн  далд хүч хийгээд Шамбалын орны тухай өгүүлэх ийм уран бүтээлийг Шамбалын орны дэргэд нь ажиллаж, амьдарч буй “Саран хөхөө” театрын уран бүтээлчид  л түрүүлэн  амилуулах нь зүй ёсных билээ.

Үзэгч олны оюуны эрэлт хэрэгцээнд нийцсэн сайн  уран бүтээл туурвисан Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар танд болон эл жүжгийг тайзнаа амилуулсан “Саранхөхөө” театрын уран бүтээлчдэд талархал дэвшүүлье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button