Онцлох мэдээ

Хилийн бүс нутагт агропарк байгуулжээ

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар анги анх удаа нэг га газрыг хашаажуулж, агропаркийг шинээр байгуулжээ.

Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн “Ногоон хэрэм-II” хөтөлбөр, Дорноговь аймгийн Засаг даргын “Ухаалаг хот, ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд тус анги ойролцоох газартаа энэ хавар нэг настай хайлаас мод 4000, хоёр настай хайлаас мод 200, таван настай хайлаас мод 1500, нэг настай агч мод 100, жигд мод 150, улиас модны мөчрийн суулгац 700, сухай мод 1500, улиас 6500, бургас мод 3800, нийт долоон төрлийн 21650 ширхэг мод тарьж, ширгэсэн нуурын хойд хэсэгт бургас мод 1200, хүлэмжид 3,5 кг хайлаас модны үрийн тарилтыг хийгээд байгаа юм.

Мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод тарьж ургуулах мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор  аймгийн Политехник коллежтэй хамтран ажиллаж алба хаагчдад мод тарих, модны үрсэлгээ суулгац хэрхэн хийх тухай мэдлэг олгох чиглэлээр танхим, практик хослуулсан сургалтыг зохион байгуулж буй.

Эхний төгсөгчид нь энэ сард жилийн сургалтаа дуусгаж, онолын болон практик мэдлэг эзэмшсэн алба хаагчид болон төгсчээ. Ингэснээр ангийн алба хаагчид бүс нутагтаа өөрсдөө модоо тарьж ургуулан, ногоон байгууламж нэмэгдүүлж ажиллах боломжтой болох аж.

Үүнээс гадна гадна хүнсний ногоог өөрсдөө тариалж анги байгууллагаа хангаж улмаар бусад анги нэгтгэлд нийлүүлэх зорилт дэвшүүлсэн  аж. Тус анги Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Цэргийн Шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонтой.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button