Онцлох мэдээ

“Даншиг Наадам-Хүрээ Цам” наадамд Монгол Улсын Гарамгай мэргэн Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүн байрт шалгарав

Уламжлал болгон зохион байгуулдаг энэ жилийн “Даншиг Наадам-Хүрээ Цам” наадамд 20 багийн 160 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Үндэсний шагайн харвааны Монгол Улсын Гарамгай мэргэн Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Дорноговь амгийн баг тэргүүн байрт шалгарав.
2015 оноос хойш сэргээн зохион байгуулсан  Даншиг наадмын дэд байрт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харъяат аймгийн гоц мэргэн У.Өнөржадамба ахлагчтай баг, гутгаар байрт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул МУ-ын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн багууд тус тус шалгарлаа.
Ташрамд дурдахад Даншиг (Бат-Оршил) наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын томоохон баяр наадам билээ.
1911 оноос Монгол Улсын Богд хааны зарлигаар Бат-Оршил өргөх ёслолыг
жил бүрийн зуны сүүл сарын сайн өдөр явуулж байжээ. “Хүрээ Цам” наадам анх 1796 онд Эрдэнэзуун хийдэд цам гарч байсан түүхтэй.
Харин 2015 оноос эхлэн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүй долоон худагт Бат Оршил наадмыг сэргээн “Хүрээ цам-Даншиг наадам” нэртэй жил бүр зохион байгуулах болсоны 10 жилийн тэгш ой энэ жил тохиож байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button