Б.Үлэмжсаруул:Би сайн хүний хүү байх тавилантай хүн биш л дээ
Хаврын тэнгэрийн ааш аяг хэдэнтээ хувирч цасан шамарга, шороон хавсарга зэрэгцсэн тэр нэг өглөө уусан архи гараагүй дотор арзайн нүд бүрэлзээд, хөл дээрээ тогтож ядан, шар тайлах санаатай Сайншандын Дэнжийн дэлгүүр рүү алхаж явтал гэнэт нэг хар машин дэргэд ирж зогслоо.
“Саруул аа нааш ир” гэж хэн нэгний танил дуу хадав. Өнөөх хар тэргээс Юм ах бууж ирээд “Маргааш Хүүхдийн ордонд “АА” нэртэй цуглаан нээнэ. Миний дүү очихыг бодоорой. Харин өнөөдөртөө наад архиа уудгаараа уучих” гэж хэлээд явчихав.
Би тэр хүнтэй өмнө нь нэг удаа архи ууж байснаа саналаа.Архинаас өөр юм бодохоо байсан цаг. Ахиад л архи олж авах шунал дэв хөдлөх. Өнөөх хүнээс архины мөнгө салгах л ганц хүсэл толгойд байсан ч чадсангүй явуулчихав.
Өвчүү ходоод нийлэх шахан өлсөж байгаа тул хятад гоймон, жаахан годгор хиам авахаар дэлгүүрт ороод худалдагч руу мөнгөө сарвайх зуур гэнэт “Ээ аяга хоол чамд олдоно. Тэрний оронд хоёр пиво аваад уучихъя” гэж хэн нэгэн шивнэх шиг болов.
Хоол идэх мөнгөөрөө хоёр шил пиво аваад гарч одлоо. Сархадтай ханилсан өдөр хоногууд ээлжилсээр амьдралынхаа хорин жилийг архи ууж өнгөрөөсөн тухайгаа ярих түүнийг Байдын Үлэмжсаруул гэдэг.
Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэдэг ч амьдралдаа олон удаа алдаж, олон ч хүнд сорилтын дунд бүдэрч ойчиж явсан тэрбээр сархадаас татгалзаад есөн жил болжээ.Түүнийг урландаа ажилтай байхад нь уулзаж ярилцлаа.Тэрээр цааргалалгүй өөрийн амьдралаа ярьсан юм.
–Портер машин хөлөглөөд Сайншандын төвөөр тоос татуулах жолооч, эсвэл урландаа морин хуур урлаж буй бүтээлч Үлэмжсаруулыг би мэдэх юм. Гэхдээ таны өнгөрсөн амьдрал хийгээд тэс өөр Үлэмжсаруулын тухай ярилцъя гэж бодлоо,Та зөвшөөрөх үү?
–Өөрийнхөө амьдралыг хүмүүст яриад, сонирхуулаад байх хүн биш л дээ. Та асуусан учраас нуух юун. Би Дундговь аймгийн Мандалговь суманд Эмнэлэг гэгээрлийн ордон гэх газар ээжийнхээ анхны хүүхэд нь болж мэндэлсэн.
Ээж Дорноговийнх, аав Дундговийнх. Намайг хорвоо дээр мэндлэх цагт Дундговь аймгийн хүн эмнэлгийн байрыг засварлаж байх үе таарч би эмнэлэг гэгээрлийн ордоны тайзан дээр хөшигний ард төрсөн гэдэг юм.
Хожим Дундговьд очихдоо өөрийн төрсөн газраа хөрвөөе гэж бодоод өнөөх байшинг сураглаж явсаар олсон. Жижгэвтэр тэр байшин танил дотно сайхан санагдсан. Одоо ч байна лээ.
-Хүүхэд насны үеийн дурсамж ойн тоонд тань тодхон үлдсэн байх? Багадаа ямархуу хүүхэд байв?
–Миний багын амьдрал хүүхэд болгон үзээд байхааргүй сонин амьдрал байсан. Ээж, хоёр дүүтэйгээ, хөгшин эмээ, өвөөтэйгөө аж төрдөг. Сурлагадаа тааруу, арай гэж л эх орны алтан гурав дэгээднэ.
Ээжийг хамгийн том төрсөн ахтай нь хамт айлд өргүүлсэн юм.Ээж ахыгаа аав гэж хэлээд өсчихсөн учир ээжийн том ахыг бид өвөө гэж авгайлдаг байв. Намайг ажилд сургасан, өсгөсөн хүн бол Алтанширээ сумын уугуул жолооч мэргэжилтэй, модны уран дархан Нэмэхийн Лувсангомбо өвөө юм.
Урьд лам байсан гэдэг. Аймгийн даргатай ч нөхөрлөдөг, тарвага ч агнадаг элдэвтэй. Өвгөн аав минь Ховдод дайн гарлаа гэхэд морио унаад давхиад очсон гэдэг. Ийм л эх оронч хүн байсан. Би өвөөгөөр их бахархдаг. Өвөө минь миний насан туршдаа хоолоо олж идэх замыг зааж өгсөн.
Ээж ажил ихтэй, заримдаа гэрийн бараа харахгүй. Зун болоход би хоёр дүүгээ дагуулаад л айл хэсээд явдаг. Хүүхэд болсон хойно айлын хоол горьдож, тогоотой шимэлдэг идээд л, хаясан ясны чөмөг ташаад л иддэг байлаа.
-Аравдугаар ангиа төгсөж амьдралд хөл тавих үеэс эхлээд л та нийгмийн шилжилтийн үетэй нүүр тулсан?
-Аравдугаар анги төгсөөд амьдралд хөл тавих үед ардчилал зах зээлийн нийгэм эхэлсэн.Би тэр үеийн нийгмийг сөхөөрч ойлгох ухаан байсангүй.
Зургийн сургуульд орохоор конкурс өгтөл ерөнхий эрдмийн шалгалтдаа унаад цэрэгт явсан. Цэргээс ирээд гэр бүл болж анхны хүү 1988 онд төрж, дараа нь 1990 онд охин маань мэндэлсэн. Сургуульд орж чадаагүй нэг жил завсардаж цахилгаанчны курсэд суусан гээд миний паян их.
-Архийг та хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?
–Анх1991 онд залуу зандан 23 наснаасаа эхлээд 43 хүртлээ 20 жил архи уусан. Найз нөхөдтэйгээ уулзах, дарвиж бужигнах, залуу насны омголон зан гээд юм юм л нөлөөлсөн байх.
-Таныг нэрт зураач Ц.Байды гуайн хүү гэж ярьдаг. Аавынхаа тухай яривал болох уу?
-Ээж дунд сургуулиа төгсөж Дорноговьд ирэхэд аав хамт ирсэн.Удалгүй аав хуучнаар ЗХУ-руу зургийн сургуульд явсан гэдэг.
Жил бүр ирж чаддаггүй учир хэдэн жил болоод ирэхэд ээж дахин төрж миний доод талын дүү гарсан байсан.Дахин яваад ирэхэд нь дараагийн дүү гарчихсан байсан гэдэг.
Ингээд аав дахиж ирээгүй. Хожим жаран нас гарсан хойноо Дорноговьд ирж хайрхан ууланд сүсэглээд буцаж байсан.
-Та бол том удамтай хүн. Амьдралын эрхээр хамт өсөөгүй ч жаргал зовлон дээр бодогдох үе бишгүй гардаг л байх?
-Тэр том хүний үр ингэж явах ч гэж санаа зовж л явсан. Гэлээ гээд яахав дээ амьдрал хэлж ирэх биш. Би ч амьдралын эрхээр хамт өссөнгүй. Хүмүүсийн зарим нь тааралдахаараа “Чи Байдыгийн хүү юм уу” гээд л асуухад нь “Тийм ээ л” гэдэг.
Хүмүүсийн хандлагыг ажихад харцанд нь “Энэ ч худлаа залж байна даа” гэсэн шиг үл итгэсэн шинжтэй байхыг бодохоор заавал би тэр хүний хүү нь гэж овоглуулах шаардлагагүй юм шиг санагддаг. Тэр хүнд надаар бахархах нэг ч зүйл байхгүй.
Яг үнэндээ би тэр хүнээр овоглох нь зөв гэж боддоггүй. Би сайн хүний хүү байх тавилантай хүн биш л дээ.Хүний заяа дутна гэж байдаг гэсэн. Тэр л болсон.
–Архинд орж, хөлөө олохгүй бүдчиж явахад хүмүүс татаж босгохоос илүү гишгих нь холгүй байдаг. Та ч тэр зовлонг туулсан байх?
–Над шиг архичин хүний туулах ёстой л зам. Хэн нэг хүнтэй уулзъя гэж очихоор хүмүүс тээршаадаг байлаа. Энэ надаас юу гуйх бол гэсэн харцтай тулдаг. Аргагүй юм даа. Танил тал, найз нөхөд, ах дүү, хамаатан садан гээд бүхнийг залхаасан байдаг.
Ярих юм нь дандаа л гуйлга.Хэн нэгэн надад сайн муу хандах нь миний байгаа байдлаас шалтгаалдаг.Найз нөхөд хэн нэгэнтэй уулзахад надаас нүүр буруулах үед нь би ойлгодог байсан.
Өөрөөсөө болж архичин болчихоод надад тусалсангүй гэж бусдад гоморхоод ч яахав гэж боддог. Учир нь би архичин.
-Таныг аавын хаалга татаж байсан гэж сонссон? Энэ талаар асууж болох уу? Хариулахгүй байж ч болно.
-Тиймээ тэр үнэн. Хүчингийн хэргээр шоронд орсон хүн шүү дээ. Хууль хяналтын байгууллага намайг хамгаална, намайг буруугүй гэдгийг тогтооно гэсэн итгэл үнэмшилтэй байлаа. Юу юугүй шоронд орчихно гэж бодоогүй.
Би хэрэг хийгээгүй гэхлээр хүмүүс хийчихээд ингэж ярьж байна гэж ойлгоно л доо. Хэрэв ээ би хүчингийн хэрэг хийсэн бол намайг тэнгэр ниргэг. Намайг шоронд суулгах гэсэн хар хүч байжээ гэж сүүлд нь бодсон.
Би тэр үед гэр бүлтэй болчихсон байсан. Эхнэрийнхээ дэргэд дүүг нь хүчиндээд л байдаг хүн гэж байх уу?
-Яг ямар шалтгаан байсан юм бол?
-Энэ бүхнийг дэлгэрэнгүй ярихлаар өөрийгөө өмөөрсөн болно л доо. Үнэн гэдэг цагаа болохоор өөрөө ирдэг. Намайг тэгэхэд хэнтэй ч уулзуулаагүй.Ингээд би 15 жилийн ял авсан.
Давж заалдсан уу?
-Давж заалдаад 15 жилээс бараг долоон жил суугаад гарсан.Энэ хугацаанд эхнэр, хоёр хүүхдийг минь дагуулаад шоронгоос гартал эргэсэн дээ.
Эхнэртэй баярлаж явдаг даа. Мөн Далан настай өвөө маань харвачихсан хэдий ч намайг эргэж ирж байлаа.
-Уран бүтээлч хүмүүс ямар ч үед амьдраад байдаг?
-Гарын ураар юм хийдэг хүн хаана ч яаж ийгээд амиа аргалаад байдаг. Ер нь шоронгийнхон хүнийг хараад л мэднэ. Үнэхээр хүчингийн хэрэг хийсэн хүн бол шоронд том гаруудын дунд өршөөлгүй.
Хэдийгээр би нарсанд сууж байсан ч хүмүүст хэрэгтэй зүйлийг хийж өгдөг байсан тул надад харгалзагч нар, шоронгийн дарга нь ч сайн байсан.
Намайг шоронгоос гарахад надтай хамт ял эдэлж байсан алт мөнгөний дархан гал хам маань “Хэзээ ч орж ирэх ёсгүй хүн орж ирчихээд, хэзээ ч дахиж орж ирэхгүйгээр гарлаа даа” гэж хэлж байсныг найзынхаа гал хамаас сүүлд нь дуулсан.
-Шоронгоос гараад ямар ажил хийв?
-Уг нь ажил хийж амьдрах санаатай хотод үлдэж Улаанхуаран, Сансар хороолол дамжин архи их уусан. Ингэж явсаар 2009 онд Сайншандад ирээд шинэ амьдрал зохиогоод охинтой болсон.
Амьдрах гэж үзээд л бас л бараагүй. Өөрийнхөө муугаас л болсон. Өөрийгөө л буруугүй гэж боддог байсан.
-Би гэх өвчин үү?
-Би л гээд байдаг. Би хийчихнэ, би чадна гээд л… Архичин хүн архинааас өөр юм боддоггүй юм билээ. Архи уудаг байхдаа над шиг сайн хүн байхгүй гэж бодоод л бусдыг буруутгана.
Унтлагынхаа хувцастай архи уугаад явчихдаг байсан. Шил архийг нэг дор сууж байгаад л уучихдаг. Архи хараад л шүлш гоожоод өөрийн мэдэхгүй аваад уучихдаг.
-Бас мэдэмхийрээд л?
-Ярьсан нэг зүйлээ дорж хаяж арван удаа давтан хэлнэ. Цонхны хөшиг тогтоогоод өгөөч, гүнгэрваа хийгээд өгөөч, сандлын тавиур хийгээд өгөөч гээд гуйлга тасрахгүй. Би үгүй гэхгүй. Шил юм аваад ир гэнэ.
Үүнийг уучихаад гяалзуулна гээд л яриад сууна. Ёстой нөгөө бүлтэрнэ гээч нь болдог. Нөгөөхөө ууна, дахиж нэмнэ, өдөр боллоо, орой боллоо, шөнө залгалаа бахь байдгаараа. Архи ууж байгаад л эхнэртэй хөөгддөг.
Надад дуртай хүн байгаагүй. Яаж байхав дээ. Үнэр танар нь дийлдэхээ байсан, хувцас хунар хиртэй, өлөн зэлмүүхэн ходоодтой, архинаас өөр зүйл бодохоо байсан согтуу хүний дэргэд эмэгтэй хүн яаж олон жил хамт амьдарч байсан юм гэж дараа нь бодсон.
-Өглөө ажилтай юм шиг гараад л алга болдог?
-Ажилтай хүн шиг гэрээс гараад Сайншандын төв гудамж “Хадгаламж” банк буюу одоогийн Төрийн банкны үүдэнд авлагатай юм шиг зогсчихно.Тэр хавиар эргэлдэнэ дээ. Үүгээр хүмүүс их явдаг хөл хөдөлгөөн ихтэй газар.
Таньдаг хүн харагдвал ахаа эгчээ болоод л зууралдчихна. Мөнгө нэхнэ. Эхлээд ганц юм авахуулна. Дараагийн удаа тавин төгрөг, 100 төгрөг хамаагүй нэхнэ.Сүүлдээ хүмүүс миний барааг хараад зугтаадаг болсон. Зөвхөн архи уух тухай л боддог хүнд үнэт зүйл байхгүй.
Эхнэр нь хаяад явчихсан таван хүүхэдтэйгээ амьдардаг найзтайгаа дэлгүүрт таарлаа. Архины мөнгө шаналгав.
Талх авах гэсэн 3000 төгрөгөө үзүүллээ. Яаж ийгээд чи аргалчихна биз дээ гэж хэлээд шалсаар байгаад мөнгөөр нь архи аваад уучихаж билээ. Хөгийн байж дээ.
-Удалгүй та Япон руу ажил хийхээр явсан шүү дээ?
-Японд ажиллаж байсан дүү дээрээ очиж хэсэг хугацаанд ажилласан. Цүнхний үйлдвэрт ажиллаж байсан. Хараар ажиллаж байсан болохоор удалгүй баригдаад ирсэн.
-Таныг “АА”-гийн цуглаанд явуулаарай гэж дотны хүн чинь захьсан гэдэг?
-Санзайжамц гэдэг сайхан дуулдаг театрын дуучин хүн байсан. Энэ хүн л миний амьдралыг зөв замд оруулсан. Надад сайн байсан юм. Санзай ах Юм ахтай багын найз юм билээ.
Нэг удаа Юм ах Санзай ахтайуулзаад “Найз нь архи уухаа байсан. Би хотод “АА”-гийн цуглаанд явж байгаа. Энэ цуглаан манай аймагт л байдаггүй юм байна. Ямарч байсан аймагтаа энэ цуглааныг үүсгэнэ.
Миний найз тэнд очино биз дээ” гэсэнд Санзай ах хэвтэрт байсан хүн “Найз нь очих аз дутжээ. Харин чамд нэг залууг захья.
Тэр нөхрийг л олж цуглаандаа явуулж өгөөрэй. Тэхгүй бол тэр нөхөр удахгүй миний араас орох хүн байгаа юм” гэж хэлсэн.Удалгүй тэр ах маань өнгөрчихсөн. Ингэж би “АА”-д ахын нарын тус дэмээр очсон юм.
Тэр үед “АА”-г хүмүүс сайн мэддэггүй энд зөвхөн архичид цуглардаг газар гэж ойлгодог байсан юм шиг байгаа юм. Гэтэл тэнд архичин гэхээргүй хүмүүс сууж байлаа.
-АА-д очсон хүмүүс архины асуудлаа хоорондоо илэн далангүй ярьдаг. Ингэж ярьснаар архинаас гарах сэжүүрээ олдог гэж сонссон?
-Миний төлөө хэн нэгэн санаа тавьж байгаагүй болохоор надад сайхан санагдсан. Ямар ч байсан очоод үзье гэж бодсон. Тэр цуглаанд очоод суулаа. Тэнд цугларсан хүмүүс “Би архичин“ гээд л хоорондоо ярьж байна.
Тэдэн дунд төрийн албанд ажилладаг, нэр хүнд бүхий хүмүүс ч харагдана. Тэд архичин юм бол би хэн болох вэ гэж өөрөөсөө асуулаа.Тэд “Архи бол сэтгэцийн өвчин, өөрийн эрхгүй л шилтэй архи руу гарна явж байдаг” гээд л ярих.
Дэлхий дахинд үүнийг F10 буюу сэтгэцийн өвчин гэж нэрлэдгийг сонсов. Миний өнгөрсөн амьдрал толгойд зурсхийлээ. Дэлгүүрт хүнс авах гэж ороод архи аваад гардаг байснаа, шилтэй архи руу гар нэг л мэдэхнээ сунаад хүрчихдэг байснаас санав.
Би өөрийгөө удирдах биш сэтгэл зүйгээ удирдуулаад байснаа тэр үед л мэдсэн. Бас айх, харамсах хоёр зэрэгцэв. За тэгвэл үүнийг яаж эдгээх билээ гэж бодсон.Гэтэл ямар ч эмчилгээ байхгүй. Ердөө уухгүй л байх хэрэгтэй болж таарсан.
Хэрэв архи уухгүй байвал сэтгэцийн өвчин унтаа байдалд орж бие эрүүлжинэ. Хэрэв уугаад байвал нэг л өдөр үхэх зам тосож байгааг ойлгосон. Уухгүй байхын тулд цуглаанд явж эхэлсэн. Ингэснээр миний амьдрал цэгцэндээ орсон юм.
-Цуглаанд явсан ч архинаас гарч чадаагүй хүмүүс байдаг?
-АА-гийн бурхан, дээд хүч гэж бий. Архинаас гаргаад өгөөч гэж гуйсан цагт ямарваа нэгэн далд хүч үйлчилдэг. “АА”-г Христийн шашинтай орны хоёр иргэн анх үүсгэсэн байдаг юм.
Гэхдээ христийн итгэгчид биш л дээ. Нэг нь наркологийн эмч, нөгөөх нь брокер залуу. Мэдээж энэ нь аль нэг оронд дэлгэрэхэд тухайн орны нутгийн хэллэг, зан заншил нөлөөлдөг талтай.
“АА”-гийн хамгийн том залбирал бол “Бурхан минь надад өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн авахад минь саруул ухаан хийгээд амар амгаланг хайрла, хүч хүрэх зүйлээ өөрчлөхөд минь эр зориг хайрла, ялгаа заагийг мэдэхэд мэргэн ухаан хайрла, өнөөдөр л уухгүй юм шүү” гэж бичсэн байдаг.
Хүмүүс архинд буруу өгөөд байдаг. Архинд ямар ч буруу байхгүй.Үүнийг ууж байгаа хүн л буруутай. Хүмүүс амьгүй зүйлтэй тэмцээд байдаг. Гэтэл архийг ууж байгаа оюун санаатай нь тэмцдэггүй.
-Залбирал үнэхээр хүчтэй байх нь?
-Аливаа нэг хүчинд найддаг байх ёстой гэж боддог. Тэр нь ч амар байдаг. Харин чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй юм байна гэж боддог. Архичин хүний оюун ухаан нь сэтгэхээ больж зөвхөн архи яаж олох аргыг л хайдаг .Хамгийн амар арга нь гуйлга гуйх.
-“АА”-гийн бурхан, дээд хүч гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?
-АА-гийн 12 алхам гэж бий. Хүн болох тухай асуудал. Өөрийнхөө оюун санааг ямар нэгэн хүчинд даатгахыг хүсвэл түүнийгээ найдаж болох зүйлээрээ орлуулдаг.
Архинаас гарья гэсэн чин хүсэлтэй хүмүүс нийлээд нэг зорилгын төлөө залбирахад тэр нь нэгдэн нийлээд дээд хүч болдог гэж боддог. Энэ бол миний л бодол. Ер нь тэгээд архичин гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал.
–Далд ухамсрын тухайд?
-Уухгүй байсан ч би архичин. Яагаад гэхлээр далд ухамсар, сэтгэцийн өвчин байнга намайг дагаж байдаг юм. Магадгүй би нэг өдөр 100 грамм уулаа гэхэд миний далд ухамсарт байгаа тэр сэтгэцийн өвчин сэрж архинд хамааралтай болох магадлалтай.
Архинаас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүн олон. Сарын хугацаанд уухаа больчихсон хүн гэнэт өөрийгөө би архинаас гарчихлаа гэж баярлаад андуурч буцаж уугаад хэвийн байдалд орж байсан эрхтнүүдээ цоцролд оруулдаг..
-Та хэдэн жил цуглаанд явж байна?
-Би сүүлийн ес дэх жилдээ цуглаанд явж байна. Хүмүүс чи архи уухгүй байгаа юм чинь цуглаанд очих шаардлага байгаа юм уу? гэж асуудаг.Би архинаас гарчихлаа гэж бодож болохгүй. Өөрөө ямар байснаа мартсантай адил.
Би цуглаанд очдог нь анх цуглаанд очиж байгаа хүмүүст өөрийн туршлагаа хуваалцахын тулд очих ёстой. Намайг хараад энэ архинаас гарчихаад байхад би яагаад чадахгүй гэж бодох хүсэл төрж магад гэж боддог.
-Таны урланд байхгүй зүйл алга. Хөрөө раам, харуул, алх дөш, бийр бэх, гитар…, Ийм урланг хэзээ буй болгов?
–Сүүлийн найман жилийн хугацаанд бий болгосон. Өмнө нь би юу ч үгүй байлаа. Нэг юм хийх гэхлээр багаж байхгүй.Найз нөхдийнхөө багажийг хэрэглээд буцааж өгдөг. Юм хийдэг хүн багажтай байх хэрэгтэй.
Би хүмүүст хэрэгтэй юмыг нь хийж өгөөд авсан хөлснийхөө тодорхой хэмжээг хэрэгтэй багаж авахад заавал зарцуулдаг. Монголчуудын зарим нь гадаадаас зөвхөн хийсэн зүйлүүдийг зөөдөг. Миний бодлоор хийснийг нь биш хийдэг багажыг нь авчрах хэрэгтэй. Японд сейф хийдэг нэг өвгөнтэй танилцсан.
Ганцаараа ажиллаг юм билээ. Бүх зүйлийг автомат болгочихсон. Би хийдэг ажлаа ингэж хөнгөвчлөх талаар бодож сууна. Ядаж гар ажиллагааг 50 хувь хөнгөвчилж чадвал цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой.
-Уран бүтээлчийн урлан гэдэг онцгой ертөнц байдаг. Таныг олон морин хуур хийснийг мэднэ. Санасан бодсон зүйлс бүтээл болж цогцлох шиг баяр жаргал байдаггүй байх?
-Нэгдүгээрт би мэргэжлийн уран бүтээлч биш.Гэхдээ өөрийнхөө хийсэн бүтээлийг харахаар сайхан л санагддаг юм билээ. Үүгээрээ сэтгэлээ баясгаж явна даа.
Ер нь урландаа ирэхлээр цаанаа л нэг сайхан санагддаг. Хийсэн морин хуураа тоолж байгаагүй. Миний өвөө морин хуур хийж адуутай болсон гэдэг. Миний анхны морин хуурыг 1987 онд өвөө маань авч надад адуу өгч байсан.
Одоо бодоход миний урмыг бодож байсан юм болов уу. Өвөөгөө дурсаад өөрийнх нь адууны тамгыг хийгээд авдрандаа хадгалж байгаа. Миний хоёр өвөг эцэг маань дархан хүн байсан учир бурхан надад жаахан юм хийх дөр харамгүй заяасан юм болов уу.
-Таны бүтээл дунд тосон будгийн ажлууд ч байна?
-Би мэргэжлийн зураач биш. Гэхдээ зурах, эвлүүлэх, бүтээх дуртай. Яваандаа өөрийнхөө хэрд таарсан үзэсгэлэн гаргачих юмсан гэж боддог.
-Таны алсын мөрөөдөл зорилго юу вэ?
-Сайн сайхан зүйлийн төлөө хөдөлмөрлөх. Монголын өв уламжлал ёс жаншлаа үр хүүхдүүддээ өвлүүлэх юмсан гэж бодож явдаг. Би үндсэрхэг үзэлтэй хүн. Нутгаа их харамлана.
Жаргалаа зовлон гээд ойлгочихсон хүмүүс ч байх.Үүнээс илүү баяжихгүй бол болохгүй гээд л зүтгээд байдаг. УИХ-ын гишүүдийг хар, эх орноо юу ч биш гэж бодож байна. Би өвөөгийнхөө буянд Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан сувилалд өссөн. Манай нутаг далан төрлийн рашаантай.
…Далан зүйлийн рашаанд умбаж өссөн заяатай
Давхар хээтэй гартаамаар гэрээ өрсөн тавилантай
Ухаантай буурал өвөөгийнхөө урмаар өндийсөн заяа
Уужуу бодлынх нь үзүүрт сунаж тогтсон түүх… гээд л бичсэн.
-Шүлэг гэснээс таныг гитар тоглож яруу найраг уншихыг харлаа. Авьяас билэг үү эсвэл амьдралаас ургасан ухаарал уу?
-Миний шүлэг бичих гэж юу байхав. Хэрэв би архинд ороогүй, шоронд ороогүй, зөвхөн зураг зураад л явсан бол зовлон зүдрэл ямар байдгийг мэдрэхгүй, хоосрол ямар байдгийг, ядуу гэж юу болохыг мэдэхгүй байсан. Гэхдээ заавал шоронд орж байж мэдэх албагүй л дээ.
Архичин хүн үхээд босоод ирсэнтэй адилхан. Доромжлол гэдгийг мэднэ. Жаахан жаргалыг ч мэдэрдэг. Өнөөдөр үр хүүхэд, хань ижилтэй, өөрийн дураар ажлаа хийгээд явж байгаагаа мэдэрнэ гэдэг хувь заяа юм.
Хэн нэгний ивээл дор өссөн бол амьдралын амтыг мэдрэхгүй л байх. Мартсанаас би хүүдээ зориулж нэг шүлэг бичсэн юм. Уншиж болох уу?
-Бололгүй яахав
…Дуутай шувуудын цуваа үүл гүйцэн дэвцгээж
Цуутай найрын дугараа жаргал дуудан цангинахад
Хээрийн салхи таанын үнэртэй ханьсаж
Хэтийн жаргалыг дээдийн дээдээр дайлна
Уудам тал нутагт минь урт шар намар ирж
Удам дамжсан тамга унаганы ташаан дээр тогтлоо
Ухаан өвлөх заяаг үрдээ найдсан миний
Өвөртөө нирсэн бодол минь хууртай ханьсаж уярлаа
Адуу тургилдсан униар дунд
Айраг шимсэн өвгөд тухалж
Гоёхон говийн минь намар ирж
Уяхан сэтгэл намартай жаргалаа
Алаг үрсийн минь сэвлэг үргэж
Алтан намар харин надтай жаргалаа.
–Та үнэн байдаг гэдэгт итгэдэг үү?
-Байдаггүй л болов уу, гэхдээ үнэн худал хоёрыг хүмүүс шүүдэггүй, цаг хугацаа л шүүдэг. Аливаа зүйл дээр өөрийгөө сайн хүн болгож харагдуулах, эсвэл муу хүн гэж хэлүүлэх, хэн нэгэнд өрөвдүүлэх санаа надад байхгүй.
Муу юм модон улаатай гэдэг. Тухайн хүнийг хорвоогоос явсан хойно нь үнэн гараад ирдэг. Тэгэхээр үнэн байна уу? Яагаад гэвэл тэр хүн үхсэн учраас.Тэр уг нь сайн хүн байсан шүү, даана ч үхчихлээ дээ л гэх. Хэрэггүй болчихсон юм чинь магтахад яахав дээ гэсэн бодолтой.
Хэрэв тэр хүнийг амьдад нь магтчихвал өөрөөс нь илүү гарчих гээд байдаг. Бас л хэцүү дээ. Сайн айлыг нүүсэн хойно нь, сайн хүнийг үхсэн хойно нь гэдэг ч үг бий.
Би хэн нэг хүнтэй уулзахдаа, танилцахдаа хэлдэг.Ах нь муу нэртэй хүн шүү. Хэт битгий магтаарай, хэт битгий муулаарай, одоогийн байгаа байдлаар нь дүгнээрэй гэдэг. Учир нь хэн нэгэн намайг сайн хүн гэж бодож байтал өнгөрсөн амьдралыг маань сонсоод танилцсандаа харамсдаг байдал гаргадаг.
-Та юунд урам орж, юунаас эрч хүч, итгэл найдвараа олж амьдарч байна вэ?
-Миний явсан замын алдаа нь илүү байсан байх.Үүнээс залуус сургамж авбал зүгээр л байх. Архи, шорон… гээд ярихлаар хүнд сайхан сонсогдохгүй. Энэ бүхнийг би туулаад гарсан. Учир нь би өнгөрсөн амьдралаа бодоод шаналаад, өөрийгөө зовоогоод байдаггүй.
Алдахаа болвол хэн ч алдана. Үхэхээ хүрвэл бүгд л үхнэ. Надад тохиолдож байсан бүтэлгүй зүйлүүдийг би дахин санахыг хүсдэггүй. Хэрэв би өөрийнхөө алдаа оноог дэнслээд явсан бол магадгүй өдийд байхгүй ч байж мэднэ.Сэтгэл гутал гэдэг хүнийг үхэлд л хүргэдэг гэж боддог.
Амьд явахын тулд гэж би бодож байсангүй, үхэх юмсан гэж ч бодож байсангүй. Бэрхшээлийг яаж ийгээд туулах ёстой гэж боддог байлаа. Бурхан хүнд даах ачааг нь л өгдөг. Тэр ачаа нь хүртэх ёстой тавилан нь хэр томоос шалтгаална.
Ачааг нь дааж чадвал тэр тавиланг нь эдлүүлдэг гэж боддог. Бидний яриа ийн өндөрлөж ярилцлагын зочин маань урландаа бүтээлээ туурвиад үлдэв.
Ярилцсанд баярлалаа.Танд уран бүтээлийн амжилт хүсье.