Манаач багш
Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэгийн манаач Д.Түмэнбаяр гэх тавиад насны эрийг хүүхдүүд “Манаач багш”аа гэж дуудах.
Унтах нойроо хугаслаад өглөө эртлэн ирсэн өөдөсхөн амьтад аав ээжийгээ дагаж, уйлж, чарлах энүүхэнд. Хичээл эхлэх, жигдрэх мөчөөс эхлээд оройг хүртэл багш нарт хэн тусалдаг гээч? манаач багш!
Олон хүүхэд үймэлдэж зарим нь уйлж, эжий аавыгаа даган гүйлдэх агшинд Түмээ ахаа” гэж багшийн сандрах зуур шуртхийн ирээд “Усанд оруулья, тоглоом тоглоё, дуулъя, хуурдъя” гээд заримыг нь тэврээд одно.
Хэсэгхэн хугацааны дараа нүүрийг угааж, нусыг нь авч, үсийг нь самнаж цэмцийлгээд гарт нь тоглоом бариулж,эрхлүүлээд инээд хөөр болгоод аваад ирэх.
Манаач хүүхдүүдийг хөгжөөн баясгана, дүр тоглолт хийнэ, баримлын шаврыг хувиргаж өөр өөр амьтан болгоно, үлгэрийн амьтны дүрд хувирч дуу хоолойгоор ярьдаг учраас хүүхдүүд манаач багшийнхаа ээлжийн өдрийг тэсэн ядаж хүлээдэг юм.
Магадгүй олон эмэгтэй багш нарын дунд ганц эрэгтэй хүн гүйлдээд байхаар содон харагдаж хүүхдүүд аавыгаа гэж боддог байж ч мэдэх.
Үг өдөж юм асуухгүй л бол барагтай дуугарахгүй “Багш” хэмээн эндүүрч мэдэх ийм л дөлгөөн, тайван эр есдүгээр цэцэрлэгт ажиллаад арваад жил болжээ.
Ажилдаа цагтаа гозойдог бол буух цагаа хэтрүүлж сунаж ажилладаг түүнд цэцэрлэг амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон байна.
Залуудаа УБИС-ийн зураг хөдөлмөрийн ангид сурч байсан тэрээр байгалиас заяасан зурах авьяас, бүтээх шидтэй аливааг эвлүүлэх ур дүйтэй, зохион бүтээх сэтгэлгээтэй тул хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, багш нарын багшлах арга зүй, хөдөлмөр бүтээлд ихээхэн дэм болдог байна.
Шинэ жилээр цана чарга хийж, гэрлэн чимэглэлээр тайз засчихдаг, уралдаан тэмцээн болоход загвар гаргаж, оёж хатгадаг, баримлаар дүрс хийх гээд багшид юу хэрэгтэй байгааг хурдхан хийгээд өгчихдөг чадалтай.
Их спортод сонирхолтой тул бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд бөхийн барилдааны дугуйлан, бадминтон тоглох арга зүй зааж сургаж байна.
Гартай дүйтэй, бүтээх шидтэй манаач багш гар дээрээ 380 мянга төгрөгийн цалин авдаг. Цалин бага гэж албаны ажлыг орхигдуулсангүй, харин ч сэтгэл гарган зүтгэсээр иржээ. Тэрээр хүү, охинтой. Охин нь говь нутгийн авьяаслаг бүжигчин юм.
Нийт 150 хүүхдийн багтаамжтай хэдий ч 272 хүүхдийн бүртгэлтэй, 25 багш ажилчидтай даац хэтэрсэн байдалтай ажиллаж байгаа тус цэцэрлэг хүүхдийг хөгжүүлэн, хүмүүнжүүлэн төлөвшүүлэх зорилготой.
Хүнийг хүн болгон төлөвшүүлж, хөгжүүлэх эрхэм зорилгод нэгдсэн манаач багш чимээгүйхэн ажлаа хийж, хүүхдүүдээ эрхлүүлж, тоглуулсаар.
Гаргасан амжилт, бүтээсэн үйл хэргээрээ аймагтаа байнга тэргүүлдэг есдүгээр цэцэрлэгийнхний ололт амжилтад “Манаач багш”-ийн оруулсан үүрэг их ээ.
Өөдөсхөн жаахан үрсээ хөтөлж өглөө болгон цэцэрлэг рүү таваргах томчууд ийм л сэтгэл сайтай, бүтээлч хамт олонд хүүхдүүдээ даатгасан нь магадгүй илүү азтай ч юм шиг.
….Мангир мөөгтэй хоолоор дайлсан
Тогооч багшаа сайн байна уу?
Мандах нарыг инээж угтсан
Манаач багшаа сайн байна уу?…. гэж уянгалуулах хүүхдүүдийн цангинасан хоолой цэцэрлэгийн орчинд хадааж манаач багшийн ажил үргэлжилсээр.