Замын-Үүдийн эмнэлэг PCR шинжилгээний цогц лабораторитой боллоо
НҮБ-ын “Хүн амын сан”, “Рио Тинто Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар PRC/ПГУ шинжилгээний цогц лабораторийн тоног төхөөрөмжийг Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Лабораторийн тоног төхөөрөмжтэй болсноор зөвхөн коронавирусний шинжилгээнээс гадна үүсгэгч нь тодорхойгүй бүх төрлийн вирусийг оношлох, томуу,томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирусний оношилгоо гээд бүх төрлийн халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлох боломжтой аж.
Түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн ажиллаж амьдардаг Замын-Үүдийн боомтоор хөл хорионы дэглэмийн бус үед өдөртөө зургаагаас найман мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж, гарч байдаг аж.
Тиймээс коронавирусний халдвараас хүн амыг хамгаалах зорилгын хүрээнд шаардлагатай шинжилгээг газар дээр нь хийж, хариу гаргах боломжтой болсон талаар албаныхан дурдсан юм.