Говийн буйдхан зөрлөгөөс сурвалжилсан нь
Улаанбаатар төмөр зам гэх их айлын эд эс нь болсон өртөө зөрлөг дээр ямар амьдрал өрнөдөг, эндхийн хүмүүс чухам юу хийдэг тухай сонирхож Дорноговь аймгийн Сайншанд Өртөөнөөс урагш Түшлэг өртөө, Долоодын хөндий зөрлөгөөр буугаад мордсон юм.
Зах хязгааргүй үргэлжлэх уудам говийн чимээ аниргүйг сэрээж буйдхан зөрлөг дээр галт тэрэг давхин ирэх нь сүртэй. Ямар нэгэн сайхан мэдээ тээгээд ирж байгаа юм шиг эсвэл учралт хосыг уулзуулахаар аваад ирж байгаа юм шиг хурдаа сааруулан зогсоно.
Аяншиж ядарсан холын зочин гэлтэй нөгөө галт тэрэг хэсэг дүнхийж зогссоноо төд удалгүй аварга төмөр дугуйнуудаа бетонон дэртэй үе дээр харшилдуулан нүсэр дуу чимээ гаргаад, хар утаа суунаглуулан эвдрэх нь үү гэмээр түжигнэснээр дахиад л хурдлан одно.
Ингээд их говь дахиад нам гүм болох нь тэр. Галт тэргийг тосон угтаж дараа нь гараараа даллан үдэх цор ганц хүн бол буйдхан өртөө, зөрлөгийн жижүүр юм. Шар дарцгаа дэлгэж баривал галт тэрэг зогсоно, шар дарцгаа хуйлаастай баривал саадгүй нэвтрэх утгатай.
Томоохон өртөө л биш бол жижиг зөрлөг дээр зорчигч буух нь ховор. Зорчигч бууж суухгүй, ачаа ачиж буулгахгүй хэрнээ галт тэрэг энд зогсдогт л зөрлөгийн жижүүрийн ажлын учиг тайлагдана.
Сайншанд өртөөнөөс сардаа нэгээс доошгүй хугацаанд шугам замын өртөө зөрлөгөөр явж ажлыг нь хянаж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгдөг. Хөдөлгөөн зохицуулалтын алба нь дотроо хэсэг хариуцсан байцаагчидтай. Тэд хөдөлгөөний аюулгүй байдал хангаж буйд ханалт тавьдаг.
Сайншанд өртөө Айраг сумаас наахна 30 дугаар зөрлөгөөс Долоодын хөндий болон Зүүнбаян зөрлөг хүртэлх нийт 10 өртөө зөрлөгийг хариуцдаг.
Харин Долоодын хөндий Замын-Үүд болон Эрдэнэ сумын дунд байдаг суурин газраас алслагдмал зөрлөг юм. Буйдхан энэ зөрлөг дээр жинхэнэ ажлын амтыг ойлгосон, ажиллах чин хүсэл тэмүүлэлтэй залуус л ажилладаг гэдгийг мэдрэв. Зөрлөгийн дарга Г.Тамир гэх хөнгөн шуурхай залуу Сайншанд Өртөөний даргыг ирэхтэй зэрэгцэн цэрэг хүн шиг босч рапорт өгч ажлаа танилцуулав.
Төмөр замынхныг хагас цэрэгжсэн байгууллага гэдэг. Их дээд сургууль төгссөн хэнбугай ч ажлыг эхнээс нь хийхийг төмөр зам шаардана. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн “түүхий” нэгэн инженерээр шууд ажиллахгүй.
Говийн халуун хүйтэнд зэлүүд газар өртөөний ажлаас төмөр замчин болох эсэхээ шийднэ.Тамир Улаанбаатараас иржээ. Тэрээр жижүүрээ ч хийнэ, зөрлөгийн даргаа ч хийнэ.
Өртөөний жижүүр галт тэрэг өнгөрөх болгонд гарч дохио өгч, галт тэрэгний хөдөлгөөний хяналтыг хийдэг. Төмөр замыг хөндлөнгөөс ажихад бүдүүн тоймын мэт боловч ажил нь минут, секунд, мм, метрээр хэмжигддэг аж. Галт тэргийг зогсоох ёсгүй газар нэг минут зогсоосон тохиолдолд маш их төлбөр үүсэх магадлалтай.
Үүнээс гадна өртөөний жижүүр зам дээр арчилгаа үйлчилгээ хийж байгаа замчид, холбоочид болон бусад хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг.
Тэддүгээр замын тийм хэсэг дээр замчид ажил хийж байгаа гэсэн анхааруулга зөвлөмжийг галт тэргэнд өгнө. Зам сум дээр ажиллаж байгаа хүмүүст урьдчилан анхааруулна.
Галт тэрэгний дугуй, тоормозны систем, ачааны бүрэн бүтэн байдал, вагон салж үлдсэн эсэх хийгээд өдөр ч шөнийн алинд ч галт тэрэг яваад дуусах хүртэл процессыг хянаж шалгах бөгөөд ямар нэгэн зөрчил илэрвэл радио санцаар мэдээ өгч зогсоох арга хэмжээ авдаг.
Өртөөний жижүүр бүртгэлийн дэвтрийг цэвэр, нямбай хөтлөх ёстой
Өртөөний жижүүр дэвтэр бланкаа зөв хөтөлж байгаа эсэх, гаргацтай ойлгомжтой бичиж байгаа эсэхээс эхлээд ажлын сахилга, хариуцлага эхэлдэг.
Бүргэлийн дэвтэр дээрээ нэг минут секундыг зөрүүлж бичсэн тохиолдолд галт тэрэгний үйл ажиллагаанд аюултай нөхцөл байдал үүснэ.
Энэ бол бүртгэлийн нэг хэлбэр. Галт тэргийг зөв зөрүүлж, аюулгүй өнгөрүүлж байна уу гэдгийг хянадаг. Өртөө, зөрлөгийн жижүүрт маш олон дэвтэр бланк бий. Хэвийн үйл ажиллагаанд ашигладаг таван дэвтэр, хэвийн бус үе буюу галт тэрэгний үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар саатсан, аюултай үед ашиглах 15 дэвтэр, нийт 20 орчим дэвтэр дээр бүртгэл хийж байдаг.
Хэрэв хяналтын систем гэмтсэн тохиолдолд дараагийн хувилбарыг ашиглах боломжтой. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг гурван шатанд тавьж анхаардаг гэх. Нэгдүгээр шатны ханалтыг ажилчин ажлын байр дээрээ өөрөө хариуцдаг.
Хоёрдугаар шатны үзлэг хяналтыг зөрлөг хариуцаж байгаа Зөрлөгийн дарга долоо хоног тутам, гуравдугаар шатны хяналтыг Өртөө сардаа нэгээс доошгүй удаа хийдэг аж. Замчид холбоочид зам шугам дээр ажилд гарахдаа дохиол төвлөрүүлэл тоноглолын байгууламжийн үзлэгийн дэвтэр дээр өөрсдийн хийх ажлынхаа талаар бичиж тэмдэглэнэ.
“Галт тэрэгний хөдөлгөөнийг урьдчилан мэдэгд” гэж тэмдэглэнэ. Өртөөний жижүүр тухайн дэвтэр дээрх тэмдэглэлийг үзээд өөрийн хариуцаж байгаа хэсэг дээр хэн, хаана, юу хийж байгааг ойлгодог. Тиймээс зам шугам дээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж урьдчилсан зарлан мэдээллийг тогтмол хүргэдэг.
Урьдчилсан мэдээллийн дагуу замчид, холбоочид, бусад ажилтнууд галт тэрэгний хөдөлгөөнөөс сэргийлж ажлаа зохицуулж байдаг. Нөгөө зүйл нь өртөө, зөрлөг хоорондын замд ажиллаж байгаа хүмүүст урьдчилсан анхаарамжийг олгодог.
Тухайн замын тэддүгээр километр дээр ийм төрлийн ажил хийнэ гэдгийг галт тэрэгний машинистад өртөөний жижүүр бичиж өгдөг. Улаан дохио байвал зогс, улаан дохио байхгүй бол тогтоосон хурдтай явах зэргийг маш гаргацтай, цэвэрхэн, тодорхой бичих ёстой.
Гаргацтай тодорхой бичээгүй тохиолдолд асуудал үүсдэг. Учир нь хоёрын тоог нэгийн тоо шиг бичсэн байхад машинист анхаарамж дээрх нэгийн тоо дээр ирж хурдаа бууруулах ёстой байтал тэгж амжилгүй хүн дайрах эрсдэлтэй.
Тиймээс Өртөөний жижүүр бол мэс заслын эмч шиг ажилтай. Замчид, холбоочид, вагон үзэгчид, ачаа тээврийн ажилчид бүгд Өртөөний жижүүр гэдэг хүнд амь насаа даатгаад гардаг тухай Сайншанд өртөөний дарга Н.Бямбасайхан дурдсан юм.
Түшлэг өртөө алсын удирдлагатай, автомат төхөөрөмжтэй
Долоодын говь зөрлөгийн наахна байх Түшлэг өртөө бол УБТЗ-д ганцхан байгаа алсын удирдлагатай, микр процессорын төвлөрүүлэлттэй /Бүх удирдлага компьютерт холбогдсон/ өртөө юм.
Ингэснээр хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой бөгөөд хаана ямар гэмтэл гарч байгааг дэлгэцээр хянана. Хуучны технологиор бол ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд инженерүүд үзэж нягталж гэмтлийг олдог байсан бол дээрх төхөөрөмжөөр гэмтэл хаана гарсан нь дэлгэцэнд харагддагаараа давуу талтай.
Өмнөх технологиор суман шилжүүлгийг гараар тохируулж шилжүүлж байсан бол дэвшилтэт технологиор автоматаар шилжүүлдэг болсон бөгөөд тухайн үйл явцыг ч нарийн хянадаг.
Хойд талын гучдугаар зөрлөг буюу Алтганын гол, наана байх Агьсүмбэт өртөөний ажлыг давхар хянадаг. Өртөөний жижүүр М.Рагчаасүрэн мөн л үе дамжсан төмөр замчны гэр бүлээс гаралтай.
Сайншанд өртөөнд ажиллаад зургаан жил болж байгаа тэрээр Долоодын хөндий зөрлөг дээр дөрвөн жил ажиллажээ.
Өвөө нь Сэлэнгэ аймагт мастер, бригадын даргын ажлыг олон жил хийсэн бол ээж нь Замын нэгдүгээр ангид жижүүрээр ажилладаг. Өртөө зөрлөг дээр ажилладаг хүмүүс голдуу гэр бүлээрээ амьдардаг. Түүний нөхөр нь замчин аж.
Өртөөний жижүүрээр залуу бүсгүйчүүд ажиллахаар дадлагажиж байна
Өртөөний жижүүрийн ажлыг ихэвчлэн залуу бүсгүйчүүд хийх сонирхолтой болжээ. Уг нь энэ ажил эрэгтэйчүүдэд тохиромжтой атал эмэгттэйчүүд сонирхох болсон нь эрчүүд хөдөө ажиллахыг хүсдэггүй, мөн сонирхдоггүйтэй холбоотой аж.
Долоодын хөндий зөрлөг дээр 20 орчим насны дөрвөн эмэгтэй өртөөний жижүүрээр ажиллахаар дадлагажиж байна. Тэдний нэг Д.Энхсайхан ийн ярьсан юм. Бид дадлагад гараад хоёр хонож байна.
Гурван сар дадлага хийгээд сурч мэдсэн зүйлээрээ арваад шалгалт өгнө. Зам сум дээр яаж ажиллах, хөдлөх бүрэлдэхүүн хэрхэн ажилладаг, гэмтэл яаж гардаг тухай өнөөдөр Өртөөний даргаас практик дадлага олж авлаа.
Дөрвөн хүн дадлагажиж байгаа бөгөөд хэн сайн сурч, хэн илүү шалгалтаа өгсөн нь ажилд орох боломжтой гэв. Тэрээр мөн л гурван үеэрээ төмөр замд ажиллаж байгаа аж. УБТЗ-ын хувьд хөдөлгөөний чиглэлийн боловсон хүчин нь залуужжээ.
Төмөр замын чиглэлээр гадаад, дотоодод сургууль төгссөн залуус Улаанбаатар руу шигдэхээс бус говийн зөрлөгүүдэд ирдэггүй гэх. Төмөр замын сургууль гурван түвшний мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд нэгдүгээрт МСҮТ буюу мэргэжилтэй ажилтан.
Хоёрдугаарт, Төмөр замын дээд сургуулийг техникчээр төгссөн залуус, гуравдугаарт Төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн залуус. Хөдөөгийн өртөө зөрлөг дээр аймгийн МСҮТ төгссөн Дорноговь аймгийн уугуул залуус ихэвчлэн ажиллаж байна.
Сэлэнгээс ирсэн холбоочин
Долоодын хөндий зөрлөгийн механик Т.Энхбаясгалан Сэлэнгэ аймгийн Мандал сумаас иржээ. Дохиолол холбооны гуравдугаар ангид 2017 оны 07 дугаар сараас эхэлж ажиллаж байгаа бөгөөд 2018 оны гуравдугаар сараас одоог хүртэл тус зөрлөг дээр холбооны механикаар ажиллаж буй. Улаанбаатарт МСҮТ-д нэг жил холбооны чиглэлээр сурч төгссөн аж.
Түүний ажил өртөө, зөрлөг дээр байгаа холбооны тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах, интернэт АТС болон зам шугам дээр байгаа дохиолол холбооны бүрэн бүтэн, хэвийн байдлыг хангахад анхаарна.
Тэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядын Ханги боомтод 2014 онд цэргийн алба хаагаад ажлынхаа гарааг энэ нутгаас эхлэхээр зорьж ирсэн аж.
Өдрийн найман цагаар ажлын тав хоногт ажилладаг тэрээр шөнө гэмтэл саатал гарсан тохолдолд дуудагддаг. Галт тэрэгний хөдөлгөөний явц бүрийг тоолж дараагийн өртөө зөрлөгт мэдээллийг хүргэдэг.
Амьдрах, ажиллах нөхцөл боломжийн хувьд говийн зэлүүд өртөө хязгаарлагдмал. Дэлгүүр хоршоо байхгүй тул зэргэлдээх сум руу давхих энүүхэнд.
Холбооны механикч чөлөө зөвшөөрөлгүй тохиолдолд зөрлөгөөсөө дураараа явж болохгүй. Зөрлөг дээр зөрлөгийн жижүүр, дарга, механик, замчин гээд 10 орчим хүн ажилладаг. Ирээдүйд мэргэжлээрээ дахин сурч боловсрохыг зорьж буй.
Өртөө зөрлөг дээр ажиллаж буй төмөр замчдын ажил үйлс иймэрхүү. Амралтынхаа үеэр гадаа бөмбөг тоглоно, эсвэл хот хүрээ явна. Цалин хангамж боломжийн тул элдэв зүйлд санаа зовохгүй байдаг бололтой. Төмөр замчид хоорондоо гэр бүл болох нь нийтлэг.
Тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд байгууллагаас орон сууц болон ажиллах боломжоор хангадаг. Боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар нэгэн сонирхолтой практик байх.
Ирээдүйтэй, тогтвор сууршилтай ажиллах боломжтой залуусыг судалж байгаад нэг өртөө рүү хамтад нь томилчихдог тохиолдлыг учир мэдэх хүн ярьсан юм. Залуус зөрлөг дээр ажилласнаар хоорондоо дасдаг төдийгүй цаашлаад гэр бүл болдог гэсэн. Ихэр хүүхэдтэй нэгэн залуу хос одоо ч өртөөний ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
Ингэж гэр бүл болсон хүмүүс Төмөр замд олон гэх. Манай улсын үндэсний томоохон бүтээн байгуулалт болсон Төмөр замын байгууллагын эд эс өртөөний ажил ийн өрнөж байна. Өртөө зөрлөгийнхний ажлыг олон түмэн тэр бүр мэддэггүй ч энд ажил буцалж байна.
Зорчигч тээвэр хийгээд тонн тонноор ачаа ачин умраас өмнө, өмнөөс умрыг өртөөлөн давхих галт тэрэгний хөдөлгөөнийг алсад нам гүмхэн бүртийх өртөө зөрлөгийнхөн үл үзэгдэх гар лугаа удирдан чиглүүлж байгаа нь энэ.
Үргэлжлэл бий.