Аргаль янгирт өвс тавьж өгчээ
Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан тогтсон Их нартын байгалийн нөөц газар Монголд анх удаа орон нутгийн санхүүжилт, менежментээр 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Одоогийн байдлаар орон тооны болон орон тооны бус нийт 12 алба хаагч ажиллаж байна. 1996 онд анх улсын тусгай хамгаалалт авч байсан газар нийт 66 мянга орчим га талбайг эзэлдэг.
Тухайн нөөц газарт аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, цагаан зээр, хулан адуу, саарал чоно, шар үнэг, үнэг хярс, мануул мий, халздай дорго, хээрийн тарвага, нөмрөг тас, цармын бүргэд, шонхор зэрэг Монголд ховор хөхтөн амьтад, жигүүртэн шувууд, ургамал нэгэн дор байршдаг онцлогтой.
Мөн Монгол Улсын эртний түүхтэй холбоотой олдворууд, булш хиргисүүр ч цөөнгүй бий. Их нартын байгалийн нөөц газарт улирлын байдлаас шалтгаалан 700 орчим аргаль, 300 орчим янгир идээшлэн амьдарч байна.
Цаг агаар сайхан, бороо хур элбэгтэй жил сүргийн тоо толгой 1000 гаруйгаар нэмэгддэг гэж Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Анандпүрэв хэллээ.
Энэ өвөл цас ихтэй, хүйтэн жил тохиож байгаа учир Тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар аргаль, янгирт өвс тавьж өгчээ.
Мөн зарим аргаль янгирт дохиолол зүүсэн байдаг бол тэдний амьдрах орчин, байршил, идэш тэжээлийн талаар камер суурилуулж мэдээлэл авдаг байна. Энд АНУ-ын Денвер Зологийн сангийн малын эмч мэргэжилтнүүд, МУИС-ийн профессор, судлаачид, оюутнуудын хамтарсан баг ажиллаж аргаль, янгирт дохиолол бүхий хүзүүвч суулгах ажлыг өмнө нь хийж байсан юм.
Судлаачдын үзэж буйгаар Их нартын байгалын нөөц газрыг говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүс нь дэлхийд ховордоод буй аргаль, хонины өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үздэг байна.