Uncategorized

Дүрвэгсэд

Эх орноосоо дүрвэн амьдарч байгаа хүмүүсийн золгүй хувь тавилангийн талаар бид өдөр бүр сонсож өрөвдөн хөөрхийлж суудаг. Ялангуяа Европ Америкийг зорьсон цагаач дүрвэгсэдийн үхэл амьдралын төлөөх тэмцэл хүн төрөлхтний эмгэнэл төдийгүй шийдвэрлэхэд бэрх асуудал болон хувираад байгааг бэлээхэн харж байна.

Хүний эрхийг хүндэтгэн дээдэлдэг улс орны удирдагчид хүртэл мухардалд ороод эрэлхийлж буй арга замынхаа учрыг олохыг болиод төөрч мангуурч байх жишээтэй. Өөрөөр хэлбэл дүрвэгсэдийн цунамид өртөх тусам шүүмжлэлийн бай болж улс орондоо гай түйтгэр авчирлаа хэмээн элдвээр хараалгаж барьц алдах янзтай.

Эдийн засгийн сүйрэл, дайн байлдаан,омог аймгийн мөргөлдөөн, шашин хоорондын тэмцэл гээд элдвийн хямралдаанаас залхсан, айж бэргэсэн, гадуурхагдсан, өлсөж цангахын эрхэнд ажил амьжиргаа хайсан энэ хүмүүсийн асуудал ёстой хоолой дээр тээглэсэн бүлх болоод байгаа билээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хэн хаана ч амьдарч болох тухай ихэд гоёмсогоор заасан боловч энэ утопи үзлийг дэмжин тэтгэдэг улс орон дэндүү цөөн юм уу даа.Дэлхий ертөнцөд дэгдсэн энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг дэмий л харж суухаас өөр аргагүй. Гэтэл Монголын дүрвэгсэд гэж нэрлэж болмоор хэсэг бүлэг хүмүүсийн хувь заяа сүүлийн үед сэтгэл зовоох болов.

Манайхан өөрсдийгөө нэгдмэл нэг үндэстэн Азид ардчиллын тугийг өндөрт өргөн нэг хүний хамраас цус гаргалгүй нэг айлын цонхны шил хагалалгүй хувьсгал хийсэн улс гэж цээж балбан хашгрилддаг уярлын нулимс унагадаг.

Харамсалтай нь 27 жилийн өмнөх энэ үйл явдлыг буруутган зэмлэх, өширхөн гутаах, доромжлон унтраах үзэл суртал хэрээс хэтэрч эхлэв байна. Түүхийн алдаа, савсаг балай хүмүүсийн хийсэн нүгэл, улс орныг уруудах замд нь оруулсан гэмт хэрэг маягийн юм хэмээн хэлэх нь ч энүүхэнд болжээ.

Ардчиллын хулгайч гэдэг нэр томъёо гараад энэ үйл хэрэгт оролцож явсан нэр холбогдсон хүмүүсийг чичлэн муулах, нүд үзүүрлэн гадуурхах янзтай. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд ажилгүй болсон олон зуун хүн сэтгэл гутрал, бухимдал, гуниг зовлонгоо тээгээд гадны улс орныг зорин дүрвэн цагаачлах нь ихсэх болов.

Хэдэн хүн хаашаа ямар хэргээр хилийн дээс даван одов гэсэн тоо баримт судалгаа зохих байгууллагуудад нь байдаг байх. Үүнийг ил тод болгомоор байна. Улс орны хэмжээнд ямар нэгэн тоо гарах нь ойлгомжтой. Ер нь 200-300 мянган цагаач дүрвэгсэд гадаадад амьдарч байгаа гэсэн тоо байдаг байх шүү. Энэ хүмүүсийн дунд манай Дорноговийн дүрвэгч цагаачид нэлээд байгаа бололтой.

Хятад Солонгос хийгээд бусад орныг зорин хар ажил хийхээр одсон олон олон залуусын сэтгэл сэтгэлгээ нутаг орноосоо дайжин явсан зүрх сэтгэлийн шаналгааг эмчлэх арга үнэндээ байхгүй л дээ. Тэд өөрсдийгөө ажилгүй болсон, амьдрал хүндэрсэн, хавчигдан гадуурхагдсан, өр ширэнд орсон гэж тайлбарлаж байхыг олонтаа сонсов.

Гуравхан сая ард түмнээ гуйлгачин цагаач дүрвэгсэдийн тоонд оруулан цацсан шагай шиг бутрааж байгаа засаг төрийг мянга харааж зүхээд ч яахав дээ.Монгол улс хүнээ экспортлоод байх хүч чадалтай бил үү. Ийшээ явна тийшээ явж амьдарна гэсэн улс гудамж дүүргэн хөлхөлдөж байна.

Ажиллах хүч боловсон хүчний нөөцөө барж ядаад ингэж байна уу гэвэл үгүй. Үзэл бодлын ялгаа намчирхал туйлшралын үр дүнд хүмүүс эх орноосоо зайлан одож байна. Дэлхийд Монгол дүрвэгсэдийн давхарга давалгаа бий болоод байна. Дорноговийн дүрвэгсэдийн дотор боловсролтой, сэтгэлтэй хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй олон хүн байгаа гэдэг эргэлзэх хэрэггүй.

Тэд нутаг усандаа амьдран суух аргагүй ,үр хүүхэд эцэг эх ахан дүүсээ тэжээн тэтгэх бяр тэнхээгүй болоод л өөр улс орныг зорин зарц боолын ажил эрхлэхээр зорин одлоо гэж ярьцгааж байна. Ялангуяа сүүлийн үед төр засгийн албанд ажиллаж байсан олон арван хүн хилийн дээс даван одоод сураг чимээ алдрав.

Тэгэхлээр улс төр янз бүр болох, сонгуулийн дүнгээр засаг өөрчлөгдөх, албан тушаалын томилгоо эерэг эсрэг хандлагыг бий болгох, эдийн засаг хүндрэх, зэргээс шалтгаалан хүмүүсийн тогтсон амьдрал бууриараа өөрчлөгдөн самгардах, сандран бачуурах, сэтгэл зовнил ихсэн гутралд орох хандлага бий болдог байна.

Ямар ч төр, ямар ч засаг бай иргэдийнхээ баталгаат амьдралыг хангах, тэдний сэтгэл санаа аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээдэг биш үү. Ингэж ярьвал ёстой салаавч өгөх янзтай.

Иймийг нь мэдсэн нэгэн хэсэг нь дүрвэн одож эх орноо орхиж байгаа гэхэд хилсдэхгүй.Хамгийн гол нь Монгол орон хүнээрээ бялхаж цалгисан, хэдэн зуу мянгаараа цагаачлан одоход гудийхгүй нэгнээрээ дутахгүй хөгжиж дэвшчихсэн бил үү.Ялангуяа хөдөө орон нутаг ажил мэргэжилтэй боловсон хүчнээр дүүрэн оргиод, хүний нөөцийн сав нь хальж асгараад байгаа бил үү гэдгийг эргэцүүлмээр.

Дүрвэгсэдийн цуваа татрах янзгүй. Дорноговийн дүрвэгсэд хэд хүрээд байгааг бүү мэд. Дандаа л явна сууна гэсэн хүмүүс эргэн тойрон хүрээлж мөнгө төгрөг виз зөвшөөрөл л ярьцгааж байна.

Иргэдээ нутаг оронд нь ая тухтай сэтгэл хангалуун амьдруулах тухай үе үеийн засаг төрийн түшмэдийн биелүүлээгүй амлалт хийгээд хуучин хэллэгээр нийгэм эдийн засаг улс төр оюун санааны олон олон шалтгааны улмаас хөвөрч эхэлсэн дүрвэгсэдийн цуваа татрах янзгүй.Харин ч намрын өвсөнд тавьсан түймэр шиг гамшиг тарих янзтай, үүнийг хөөрөгдөн үлээж хормойгоороо сэвэгчид ч нэмэгдэх шинжтэй.

Монгол дүрвэгсэд Дорноговийн дүрвэгсэд гэсэн нэр томъёо ердийн хэллэг болон хэрэглэгдэх нь тийм ч сайхан зүйл биш гэж ойлгож байгаа.Эрх баригчид бодлого баригчид шийдвэр гаргагчид юу гэж бодож таалж байгааг мэдэх юм алга.

Мэддэг судалдаг байгууллага манай аймагт байдаг эсэхийг ч бүү мэд. Дүрвэгсэдийн амьдрал хэзээ ч тэгширдэггүй бөгөөд тэдний сэтгэл санааны хохирол, оюун сэтгэлгээний ядрал зүдрэл яагаад ч нөхөгддөггүй гэдгийг л мэдэж байна.
Эх орон элгэн садан хайртай бүхнээсээ хол яваа хүний бодол санаа бас хэзээ ч бүтэн амгалан аз жаргалтай байдаггүй юм гэсэн. Үүний ӨР төлөөс бурууг хэзээ нэгэн цагт улс гүрнээрээ аймаг орноороо хүлээх вий дээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button