Онцлох мэдээ

Шастир сөхөхийн улдаар…

Ленинград. Дэлхийн баатарлаг хот. Оросын оюун тархи, шинжлэх ухааны төв тэнд бий. Дунд ангийн сурагч болоод Зөвлөлт орны баатарлаг уран зохиолыг бүр их уншсан дотор Алесь Адамович, Даниил Гранин нарын бичсэн “Бүслэлтийн ном” хэмээх хоёр дэвтэр баримтат роман билээ. Энэхүү баримтат зохиолын хавтсыг сөхөхөд:

“…Энэхүү үнэн буух эзэн, буцах хаягтайгаа, утасны дугаартайгаа айл өрхийн дунд амьдарсаар байна. Энэ үнэн үүдний хонхны дуунаар амилан сэргэх нь олонтаа.
Тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй айлын хонхыг л олж дарах хэрэгтэй. Тэр үнэний эзэн нь таны ирэхийг, санаанд оромгүй юм сонирхож явааг тань мэдсэн, мэдээгүй алин боловч эрэгтэй, эмэгтэй хэн боловч заавал ахимаг насны хүн байх агаад “Юун хүн бэ?, яах нь вэ?, ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн догдолж шинжсэн харцаар заавал харна. Хөрш айлуудынхаа хажуугаар таныг дагуулан өрөөндөө ороод:
– Он жил удаж, цөм мартагджээ… гэж бараг л ёс юм шиг хэлнэ.” хэмээн өгүүлэхээс гадна зохиолын түүхт баатрууд:
– Манай цонхоор харвал ийм юм харагдана. Морин тойруулга, аль ч цонхоор толгойгоо цухуйлгаж ялимгүй зүүн тийш харвал Обухын больниц, баруун тийш харвал завод байна. Тээр тэнд Бадаевын агуулах байдаг сан. (Пенкина Нина Вячеславовна) гэх юм уу:
– Дайсны онгоцноос дэнгийн гэрлээ халхалж байсан хар хөшгөө одоо ч хадгалсаар байгаа. Устгая гэхээр дахиад дайн гарвал яана! (Лидия Сергеевна) гэх юм уу? Бүр эсхүл:
– Эмээ нэгдүгээр сарын 25-нд нас барав, Алеша ах тавдугаар сарын 10-нд…, ээж тавдугаар сарын 13-нд өглөө 7.30-д, цөм нас барав. Таня ганцаархнаа үлдэв. (Таня Савичева) гээд л урсаад байна. Би Ленинградын бүслэтийн 900 хоногт “Амьдарсан юм шиг” уншсан.
Харин Зөвлөлтийн шинжлэх ухааны цөм, орос орны уураг тархи болсон энэ ариун хотод Л.Цэнд-Аюуш эгч минь залуу цалгин насандаа эрдмийн гэрэл дор мөрөөдөл хэлхэн сууж байсан нь бахархам сайхан.
Энэ хот миний мөрөөдлийн хот юм аа. Очиж үзвэл хуучин барилгуудынх нь ханыг үнэрлэж үзээд нэг стакан архи залгилна даа гэж орчим болгон боддог юм шүү.
Яагаад ийнхүү эхэлсэн учрыг одоо задалъя аа. Яг дээрх Зөвлөлтийн зохиолуудыг уншиж эхэлж байх тэр агшинд Хүүхдийн номын сан одоогийн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн саарал нэг давхарт байсан юм.
Тэр л хархан багадаа анх удаа “Номын сайн нөхөр” Д.Нацагдорж тэмдэгтэн болж байж билээ. Ахлах ангидаа басхүү энэ шагналыг дахин хүртээд их л баярлаж явсаан. Учир юун хэмээвэл тэрхүү хос Д.Нацагдорж тэмдгийг аймгийн “Номын сүм”-ийг 40 жил удирдсан Л.Цэнд-Аюуш эгч гардуулж байсан даа л гээд учирлаад байгаа юм. Учирлах учир нь тийм билээ.
…Хоёр сарын өмнө би Улаанбадрахынхаа Баянбогд хайрхны тахилгад очсон юм сан. Анх 2012 оны Дорноговь аймгийн Угсаатны зүйн хээрийн судалгаанд явахад Баянбогдын тэргүүнд анхлан хүрч тахилын сүмийн шүтээн гүнгэрвааны дотор Л.Цэнд-Аюуш эгчийн туурвигсан “Баянбогд хайрхны магтаал” байхыг үзээд зураглан баримтжуулж аймгийн музейн гэрэл зургийн сан нэгжид хадгалуулсан учиртай юм. Миний анхны номын нээлтэнд ч эгч минь ирсэн. Учиртай юм учиртай.
Саарал хотын бүдэг гэрэл дор өдөр ба шөнийг ялгахгүй шахам бичгийн ажил хийж суухад эгч номын эхээ үзүүллээ. Тоож үзүүлсэнд нь би бас л баярлаад байгаа. Их гүрэнд боловсорсон сэхээтний хувьд номын бүтэц, гар материалын ажиллагаа нь тун чамбай. Энэ цагийн бичгийн мэргэдэд баймгүй хөдөлмөр зарсан нь бас л над мэтийн ажлын сэвхийтэл хөнгөлөөд авсан. Энэ зуун баримтат уран зохиолын зуун болно гэсэн дээ.
Уншаад би их олон юм мэдэж авснаа даруй дуулгав. Зарим нэгэн залуу уран бүтээлчид энэ номын сургаар тэрхүү цуут бүтээлтэй ч энгийн сайхан амьдарсан настнуудыг олж уулзаасай хэмээн бодно. Хэрэв зэ яа эс амжваас бүтээл нь бидний дунд залуугаараа үлдэнэ л дээ. “Баян говийн тэмээд” гэсэн дууг л эш татахад болно оо. Эгчийн ном баримттай, энэ зууны шаардлагыг лавтай “Биелүүлээд өгнө.”
Эгч минь, Улаанбадрах суманд чинь ахын минь (яруу найрагч А.Эрдэнэ-Очир) хэлдгээр ёстой цэцэгт зун болж бий. Нуур мэлмийлээд, цэцэг асаад газрын диваажинг хүн малгүй л мэдэрч суугаа. Газрын ханасан чийгэнд элс дэлэгнэж байж ч мэднэ. Тийм сайхан цэцэгт зуны ар залгаж уран бүтээлийн богцоо задалж буй тандаа нутгийн дүүгийн баярыг улам л арвитгана аа.
Буурал замбативийн наран саран онгит, цогц тэнгэрийн агуулгад багтаж, хэлмэрч шаргиа элсэн, хээнцэр гижигт цэцгэн дэлхийн дээхнэ номын ёсун дор “ХУРМАСТ ТЭНГЭР”-ийн их чуулганаа багтан яваа дуучин биднийг яруу найргийн тэнгэр Янжинлхам үргэлж, ашидаа ивгээн байх нь насад ерөөлтэй.
Номын цагаан буян дэлхий даяхнаа болтугай.
Далай-Сайншанд хот
2020.08.26

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button