Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж томоохон төслөө урагшлуулах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллахдаа Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.
Цар тахалтай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт нэг жилээр хойшилсон бөгөөд үүнд хилийн чанадаас бараа татан авах ажиллагаа ихээхэн нөлөөлж байна гэж албаныхан мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар тухайн газарт технологийн бус барилга байгууламж барих ажил үргжлжилж буй бөгөөд үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөврийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулах юм. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэсний дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина.
Сайншанд хотод баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны хотхоны ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд мөн л бараа материал татан авах ажил удааширч байгааг албаныхан онцолсон юм.
Таван зуун дөчин айлын хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж бүхний нийт 11 барилгаас бүрдэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Бид цар тахал гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй аюултай нүүр туллаа. Дэлхий нийт ч мөн эрсдэл дунд байна. Зөвхөн газрын тосны үйлдвэр гэлтгүй бусад томоохон төслүүд цар тахлаас үүдэж нэг жилээр зогсонг байдалд орсон.
Цар тахлаас үүдэж дэлхийн эдийн засагт ч хямрал үүсэх эрсдэлтэй боллоо. Үйлдвэрлэл сэргээд эхлэхээр бараа материалын хомсдолоос үүдсэн үнийн хямрал, хөөрөгдөл үүсч байна.
Тийм учраас бид дасан цохицож, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, халдварыг сөрөн томоохон төслөө урагшлуулах хэрэгтэй” гэв.