Уян дурангийн шинжилгээний төхөөрөмж эвдэрснээс үүдэж 31-ээс дээс насны шинжилгээг түр хугацаагаар зогсоожээ
“ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо зохион байгуулах” ажил орон даяар энэ оны тавдугаар сарын 01-нд эхэлсэн.
Дорноговь аймгийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага болох аймгийн Нэгдсэн эмнэлэгт 18-аас дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дөрвөн төрлийн багцийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, шинжилгээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн боловч уян дурангийн шинжилгээ хийдэг багажийн эвдрэлээс шалтгаалан тавдугаар сарын 31-нээс 31-ээс дээш насны ангиллаар орсон багцийн үзлэгийг тодорхойгүй түр хугацаагаар хойшлуулжээ. Уян дурангийн шинжилгээ хийгээгүй тохиолдолд бусад шинжилгээ хийх боломжгүй байдаг аж.
Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхбаяраас тодруулахад “Уян дурангийн шинжилгээ хийдэг багаж зургаадугаар сарын 02-нд эвдэрсэн. Тус төхөөрөмжийг авахад 180 гаруй сая төгрөгийн шаардлагатай юм байна. Энэ тухайн орон нутгийнхаа удирдлагууд, ИТХ болон УИХ-ын гишүүдэд хандаж тодорхой мэдээлэл өгсөн.
Харин санхүүжилтийг өөрсдийн төсвөөсөө шийдвэрлэж худалдан авахаар нээлттэй тендер зарлаад байна. Өмнө нь ашиглаж байсан дурангийн багажийг 2014 онд нийлүүлж байсан бөгөөд ашиглалтын хугацаа дуусаад дөрвөн жил болсон. Энэ хугацаанд 5-6 удаа засварлаж өдийг хүргэсэн” гэв. Албан ёсны мэдээллээр тавдугаар сарын 01-нээс 31-нийг хүртэлх хугацаанд эрт илрүүлгийн үзлэгт 505 үйлчлүүлэгч бүртгүүлснээс 314 хүн бүрэн үйлчлүүлсэн бол 191 хүний шинжилгээ хүлээгдэлтэй байгаа аж.
Зураг дээр ногоон өнгөөр зөв гэсэн тэмдэглэгээтэй нь одоо хийгдэж байгаа багц, харин улаан өнгөөр зөв гэсэн тэмдэглэгээтэй нь түр хүлээгдэж байгаа багц, зөв тэмдэглэгээ байхгүй нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэх багц юм.
Үүнээс харахад хүн амын ихэнх буюу өвчлөх магадлал эрсдэл ихтэй 31-ээс дээш насны хүмүүс эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж чадахгүй байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хил гааль хаалттай байгаа өнөө үед тендерийг шалгаруулж, шалгарсан компанитай гэрээ байгуулж төхөөрөмжийг нийлүүлэх хүртэл нэлээд хугацаа орох бололтой юм. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж өвчнийг эрт илрүүлж, улмаар хөнгөн үед нь үр дүнтэй эмчилгээ хийх зорилготой энэ хөтөлбөр цагаа олсон зөв ажил хэдий ч үүнд сайтар бэлтгэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, бодлогоор хангах зэрэг олон асуудлыг эмнэлэг, эрүүл мэндийн бодлого зангиддаг байгууллага, орон нутгийн засаг захиргаа хамтран нарийн нягт зохион байгуулахгүй бол эрт илрүүлгийн ажил үр дүнгүй болох вий гэсэн болгоомжлол ч олны дунд байна.
Уг нь ашиглалтын хугацаа дуусаад дөрвөн жил болчихоод байхад төхөөрөмжийг солих, шинэчлэх ажлыг хэдэн жилийн өмнөөс хийж болоогүй юм уу гэсэн иргэдийн шүүмжлэл дагуулж буй. Дорноговийн иргэд эрт илрүүлэгт хамрагдах гэж хүлээсээр сууна.
Энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.