Онцлох мэдээ
Турк улсын Сакаряа хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригийн урилгаар Бүгд найрамдах Турк улсын Сакаряа хотын дарга ноён Екрем Юже, гэргийн хамт Дорноговь аймагт айлчилж, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны илэрхийлэл болох Дорноговь аймаг Сакаряа хоттой ах дүүсийн харилцаа тогтоох хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд
1. Мэдээлэл туршлага солилцох
2. Эдийн засгийн хамтын ажиллагаа
3. Боловсрол, эрүүл мэнд, залуучууд спорт, аялал жуучлал, түүх соёлын өвийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, эрчим хүч, соёл урлаг, техник технологи, тээвэр харилцааны салбаруудад хэрэгжинэ.
Хоёр орны найрамдалт харилцааны илэрхийлэл болсон ах дүүсийн харилцаа тогтоож буй энэхүү айлчлалын хүрээнд Турк улсын Сакаряа хотын даргад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ногоон байгууламж байгуулах чиглэлээр мод үржүүлгийн мэргэжилтэн сургах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэжлийн ажилтнуудыг чадавхжуулах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжсэн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
Турк улсын Сакаряа хот нь хар тэнгисийн эрэгт байрладаг бөгөөд 16 дүүрэгтэй, 1,6 сая хүн амтай том хот юм. Тус хот нь Турк улсад бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлэгч хотын нэг бөгөөд дотоодын болон олон улсын тээвэрт төмөр замын бүтээн байгуулалт нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн Сакаряа хотод вагоны үйлдвэр, Тоёота автомашины үйлдвэрийн салбар, хивс үйлдвэрлэл, мод үржүүлгийн үйлдвэр зэрэг 7 том үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.