Сувилагчийн ажлаа орхиж мал маллаад мянгат малчин болжээ
Сэтгэл байвал хаана ч очиж ажиллаж, амжилт гаргаж болдгийн жишээг говь нутагт шилжин суурьшсан сувилагч бүсгүй Ж.Бүрэнжаргалын амьдралаас харж болно.
Тэрбээр 2000 онд Улаанбаатарт “Ач” дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ 16 жил ажиллаад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд мал маллахаар шилжин иржээ.
2017 онд Малжуулах төслөөс тодорхой тооны мал хүлээн авч маллан өсгөсөөр 2022 он гэхэд малаа мянган толгой болгож сумын мянгат малчнаар шалгарчээ. Өнгөрсөн жил газрын гарц тааруу, зуншлага муухан байсан тул мал олигтой тарга тэвээрэг аваагүй, хавар шороон шуурга, хавсарга ихтэй байснаас үүдэж мал ихэд зутарсан тухай Ж.Бүрэнжаргал ярив. Бүрэнжаргал энэ жил 400 гаруй толгой төл хүлээн авсан бөгөөд төлөө хорогдолгүй бойжуулж байна. Тэрбээр сэтгэл байвал хүн хаана ч ажиллаж амьдралаа босгож болно.
Хөдөөг зорьсон хэнд ч болов туслахыг хичээж, тэр тусмаа мал маллахаар ирсэн хүнд арга ухаанаасаа харамгүй зааж, хамтдаа сурч хөгжихийг хүсэж байгаагаа нуулгүй хэлсэн юм. Бүрэнжаргал мал маллахаас гадна гар урлал оёж, сумын бүжгийн холбоог удирдан авч явдаг нийгмийн идэвх сайтай нэгэн аж.
Ташрамд дурдахад, Даланжаргалан сумын ЗДТГ Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд суманд нь амьдрахаар ирсэн хүмүүст боломж бололцоог ижил тэгш олгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг буй болгохын төлөө ажиллаж байгаа юм.
МОНЦАМЭ Дорноговь.