Усны нөөцийг жигд хуваарилснаар улс орны хөгжлийг түүчээлнэ
Дэлхийн улс орнууд усныхаа хэрэглээний 80 хувийг гадаргын усны нөөцөөр хангадаг. Манай улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т жагсдаг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй цөөн улсын нэг юм. Хур тунадасны хэмжээ дэлхийн дундаж 800мм байхад Монголд дөнгөж 250 мм, говь цөл бүсэд 50-150мм байх. Байгалийн усны эргэлт буюу түргэн нөхөгдөн сэргэдэг гадаргын усаараа нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг хангадаг.
Харин нийт усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газар доорх гүний усаар хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг хангадаг. Говийн малчид ахуй, унд хэрэгцээндээ хамгийн бага ус хэрэглэдэг ч эсрэгээрээ говийн гүний усыг улс орны хөгжилд хамгийн ихээр зарцуулж байна. Тиймээс говийн бүсийн байгаль экологи, уул уурхайн усны хэрэглээ, цаашид анхаарах асуудлыг эл бичвэрээр илэрхийлэхийг зорилоо.
Нэг. Говьд ус бий бас байхгүй
Хаашаа л харна хараа чилээсэн их говиос ус олоход бэрх. Гадаргын ус нэн ховор тул өнө эртнээс Монголын цөл говьд хүн, мал цөөн суурьшиж байв. Эртний жинчид, аялагчид Монголын говийг тэмээгээр туулахдаа усаар гачигдаж харангадаж үхэх аюултай тулгардаг байлаа. Эхлэл нь хаанаас, төгсгөл нь хаашаа одохыг мэдэхгүй их талын тэртээд сүүмэлзэх зэрэглээн дунд хүн мал зэллэн байх нь ердөө худгаа бараадсан амьдралыг илтгэнэ. Ус голуудын сав газарт аж төрдөг айл хоногтоо дунджаар 200 орчим литр ус хэрэглэдэг бол говийн айл хоногтоо 20 хүрэхгүй литр ус хэрэглэх нь энүүхэнд.
Говьд усны олдоц, үнэ цэн ямар байдгийг говьд амьдардаг хүн тэр тусмаа говийн малчид л илүү ойлгоно. Хэдэн бээрийн алсад буй худаг дээрээ очиж ховоо татан малаа усалчихаад гэртээ авчирсан балга усаараа хэдэн өдрийн хэрэгцээгээ хангана. Ус хязгаартай тул ууж идэх, угааж цэвэрлэхдээ ч хянамгай хандаж усыг гамнах, хайрлах сэтгэлгээ нь балчираас өтөл буурал болтол амьдралынх нь салшгүй хэсэг болсон байдаг. Газрын гадаргуу дээр ямар нэгэн ус байхгүй хэрнээ Тэнгэр нуур, Балга усны улаан нуур, Сайн-Усны говь, Бор хөөврийн говь, ДалайСайншанд хэмээн ус байгаа газраа олоод нэрлэчихдэг нь мал, цаг улиралтайгаа ойрхон өссөний шинж.
Говийнхон усгүй хэрнээ чулуун сайр үргэлжилсэн хэсэг газраа “Гол” гэж нэрлэдэг. Үгийн утгыг ухан ойлговол энд ус байх боломжтой. Хаяа ордог түр зуурын бороо, хүчтэй аадрын үеэр сайртай голоор ус түрэн орж хормын дотор мал, хүн гээд юутай хуйтай нь урсгаад аваад явчихдаг аюултай. Ийм үзэгдэл ч мэр сэр тохионо. Жишээ нь говийн хуурай сайр дээгүүр секундэд нэг шоо метр үерийн ус өнгөрч байна гэж үзвэл таван минутад 300 гаруй тонн ус урсаад өнгөрөх боломжтой.
Гэтэл Сэлэнгэ Мөрнөөр секундэд 335 шоо дөрвөлжин ус буюу 335 тонн ус ОХУ-руу урсдаг. “Говьд сайртай гол дагаж л ус урсаж ирэх магадлал бий. Хурмастаас дураараа бууж ирсэн энэ их усыг шахаж, үерийн далан үүсгээд тогтоогоод авбал мөн ч их хэрэг болно доо” гэж захын малчин ярина. Хуурай хэдий ч чулуутай сайраа дагуулан худгаа гаргана.
Хоёр. Ангасан амьтны шаналан
Хэдхэн сарын өмнө Долоодын говьд явж байгаад худаг бараадан ус ундаалж буй хээрийн амьтантай таарав. Хүн бүү хэл, салхи шуугиж, өвсний толгой хөдлөхийг андахгүй цагаан зээр хүний хөлийн чимээг төдийлэн анзаарсангүй. Энэ ус малчны ердийн л худаг. Зээр ч бай, хулан ч бай зэрлэг амьтад төдийлэн малын худаг бараадаад байдаггүй нь мал шиг хүний ахуйтай ойртож гэршээгүй байдаг далд ухамсартай нь холбоотой. Эл амьтны далд ухамсарт юу нуугдаж байгааг төсөөлөн бодохуй.
“… Ангасан говьд минь бороо ороосой. Амныхаа цангааг тайлж, гандаж эвэршсэн биеэ норгоод, хатаж гундсан арьсаа дэвтээхсэн.
Гол зогоох хөмөл таана ургаасай. Гоонь биеэ араатнаас нуух ганц хоёрхон нөмөрлөх буттай болох юмсан… гэхээс цаашгүй.
Ер нь говийн зэрлэг амьтны бэлчээрийг өнгөрсөн зуунд босоо тэнхлэгийн төмөр замаар хоёр хуваасан бол нэг жилийн өмнө ашиглалтад орсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хөндлөн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бэлчээрийг дөрвөөс найман хэсэг хуваачихаад байна. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Цогтцэций, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах зэрэг сум уул уурхай, төмөр замын нөлөөллийн бүс болж бэлчээр, ус нь хэд хуваагдчихаад байна.
Дээрээс нь байгалийн хүчин зүйлс, бороо хурын хомстол, хуурайшилт, ургамлын гарц муудсан, уул уурхай зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж ундаалах усгүй болоод аргагүйн эрхэнд зэрлэг амьтад малын худаг барааддаг болжээ. Аягын чинээхэн ходоодоо дүүргэж ус уух тэр амьтны гэр нь ердөө өөдөсхөн жижиг бут юм. Тал нутагт тааралдах хонин тогоон чинээ хонхор бүхий жижиг жижиг бараан хэвтэр бол цагаан зээрийн хорогдох гэр нь юм. Нүднийх нь гал бөхөж, хөлийнх нь эрч суларсан энэ амьтан тав харайгаад л үхэлтэй тулгардаг.
Гурав. Говьд хур тунадасны хэмжээ багасч бэлчээр цөлжиж байна
Уул уурхайнхан хэчнээн хэмжээний ус хэрэглэдэг бол, хэрэглэсэн усаа шууд хаядаг уу гэсэн бодол тээж явсаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд ирэв. Говьд хур бороо орох нь багасч зарим газар ган нүүрлэх хэмжээнд иржээ. Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг суманд хур бороо оролгүй удаж нүүрс тээврийн машин өдөр шөнөгүй давхина.
Өмнөговь аймгийн Гурван тэс, Сэврэй, Ноён гээд олон сумын бэлчээр гандаж малчид нь өөр аймаг сумын нутагт оторлож буйг малчид ярив. Газрын гүнд байгаа ус борооны усаар тэжээгдэж нөхөн сэргэхдээ олон зуун жил шаарддаг. Газрын гадарга дээр хур бороо орохгүй удаж байхад гүнд байгаа усыг урт удаан хугацаагаар уул уурхайн салбарт соруулан ашиглаж байна. Уурхайгаас болж гүний усны нөөц багасч буй гэх таамаг замд тааралдсан малчдын дунд нийтлэг. Гэхдээ олон шалтгаантай гэх.
Дөрөв. С.Соёлбадрах: Усгүй болоод говь нутаг минь ”Ядарч” байна
Оюутолгой болон Таван толгойн бүлэг ордууд Галба Өөш, Долоодын говийн сав газарт харьяалагддаг бөгөөд Сав газрын дэргэд Усны чиглэлээр талуудын оролцооны Зөвлөл ажилладаг.Олон чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн оролцоотой байгуулагдсан Талуудын оролцооны зөвлөлийн хурал энэ оны есдүгээр сарын 30-нд Ханбогд суманд болсон.
С.Соёлбадрах гуай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул.Тэрээр Усны талуудын оролцооны зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж говь нутгийн байгаль экологи, усны төлөө сүүлийн 10 гаруй жил үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж яваа нэгэн. Талуудын оролцооны Зөвлөлийн хурал дээр тэрээр усны тухай байр сууриа илэрхийлсэн. Цагтаа 1000 тэмээ усалдаг байсан худаг одоо арваад тэмээ усалж дийлэхээ болилоо.
Таван толгойн нүүрсний компани Загийн уснаас усаа татах гээд бэлтгэж байх шиг байна. Гүний ус олон жил болж хуримтлагддаг. Эргээд усаа яаж нөхөн сэргээх билээ. Бороо хур орохоо байлаа. Бороо хур орохгүй чийг байхгүй учир нутагт маань ган болж байна.Усны түвшин доошилж гүний чийг татагдаад хуурай боллоо.Усгүй болчихоод байхад нэмж уурхай ажиллуулна гээд байгааг ойлгохгүй юм. Заримдаа ч хүмүүсийн ад болох юм гэв.
Тав. Уурхайд хэрэглэсэн усаа урсгадаг уу?
Усны Талуудын оролцооны зөвлөлийн хурлын оролцогчид “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК зэрэг томоохон компанийн төлөөллөөс усны хэрэглээг сонирхож асуулт асууж санал бодлоо солилцсон юм. “Оюутолгой” компани гүний усыг хэрхэн зарцуулж буйг сонирхож амжив.
Баяжуулах үйлдвэрийн төв хяналтын өрөөгөөр орсон. Энд хүдэр хүлээн авахаас өгсүүлээд баяжуулж савлах хүртэлх бүх процессыг хянадаг аж. “Оюутолгой” компани газрын гүний усны нөөц эх үүсвэрийг илрүүлж, газрын доорх усны эрэл, хайгуулын ажлыг Гүний хоолой, Галбын говь, Нарийн загт 2002-2004 онд эхэлж арав гаруй жил үргэлжилжээ.
Говийн усны тархалт нь янз бүр. Тиймээс экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тооцоолж гүний хоолойд нэмэлт нарийвчилсан эрэл хайгуул хийснээр секундэд 918 литр ус хэрэглэх боломжтойг илрүүлж үүнийг 2015 онд Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл баталгаажуулсан байна. Тус компани нийт 28 гүний худгаас усаа хангадаг.
Уурхайн үйл ажиллагаа нь бүрэн автомат. Хүдрийн биетийг термийн нунтаглах хэсгээр оруулж бутлаад хөвүүлэн баяжуулах хэсгээр зэсийг ялгаж авах хүртэлх үйл ажиллагаанд хэрэглэж буй усныхаа 80 хувийг эргүүлээд авдаг аж. Жишээ нь 33 хувийн нягттай түүхий эдийг 60 хувь хүртэл хатууруулж усаа эргүүлэн авдаг. Хүдрийн биетийг буталж, өтгөрүүлж, баяжуулсаны дараа үлдсэн хэсэг нь 60 хувьтай лаг шавар, 40 хувийн шингэн бүхий зутан болж хаягдлын далан руу очдог байна.
Оюутолгойн ил уурхай
Хаягдлын далангаас мөн л үлдсэн усыг үйлдвэр рүүгээ эргүүлэн шахдаг. Энэ нь долоогоос найм орчим хувь буюу өмнөх 80 хувьтай нийлээд хэрэглэсэн усныхаа 87 хувийг дахин ашигладаг гэв. Харин үлдсэн 13 хувь нь ууршилт болон бусад зүйлд зарцуулагддаг бөгөөд энэ хэмжээний усыг Гүний усны хоолойгоос нөхөн сэлбэлтээр авдаг аж. Усыг ихээр олборлоод байвал зардал нэмэгдэнэ.Тиймээс технологийн шийдлийг нэвтрүүлж хэрэглэсэн усаа дахин ашиглах нь тус компанийн бас нэгэн зорилго юм байна.
“Манай компани барилгын болон бүтээн байгуулалт, үйл ажиллагааны үе шат бүхэнд усыг гамтай, үр ашигтай эргүүлэн ашиглах технологийн дэвшилтэд аргыг хэрэглэдэг. Монгол Улсын Усны Зөвлөлөөс 918 м/с ус хэрэглэх боломжтой гэж тогтоосон ч тал хувь буюу секундэд 500 орчим литр ус хэрэглэж байгаа” гэж тус компанийн байгаль орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар онцолсон. “Оюутолгой” ХХК жилд 14-16 сая м3 ус ашиглаж 2013 оноос 2023 оны хооронд усны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 164.4 тэрбум төгрөг төлжээ.
Ханбогд сумын төсвийн 90 хувь, Өмнөговь аймгийн төсвийн 50 хувь, Монгол Улсын төсвийн 30 хувь нь “Оюутолгой” ХХК-ийн бүтээн байгуулалтттай шууд холбоотой аж.
Ус савлах үйлдвэрийг 2011 онд байгуулж Гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж савладаг гэв. Энэ үйлдвэрт усыг орчин үеийн нано шүүлтүүрээр шүүж, ундны усыг ариутгаж, ахуйн усыг хлоржуулж ариутгажээ.Зөөлрүүлсэн ундны усыг 18.9 литрийн багтаамжтай баллонд савлан кемпийн дотоод ундны усны хэрэгцээнд ашиглаж байгаа юм байна. Нутгийн иргэд болон зэрлэг амьтдын ундны эх үүсвэр болсон Ундайн голын сайр нь уурхайн баруун талаар хаягдал чулуун овоолгын төлөвлөсөн талбайгаар огтлолцсон учраас ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор голын голдрилд хэсэгчлэн тохируулгыг гурван дэд бүтцийн байгууламжаар хийсэн нь Ундай голыг хамгаалах том ажил болжээ.
Зөвхөн Оюутолгой бус бусад томоохон уул уурхайн усны хэрэглээг ч сонирхлоо.Тавантолгойн уурхайн бүлэг ордод “Энержи Ресурс”, “Орон нутгийн таван толгой”, “Эрдэнэс таван толгой” зэрэг томоохон компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд Наймандын хөндий, Загийн уснаас усаа хоолойгоор татдаг. Таван толгойн бүс нутагт өнөөдрийн байдлаар дөрөв орчим сая м3 усыг ашиглаж байгаа нь нийт тогтоогдсон нөөцийн 50 орчим хувь нь болж байгаа гэж Галба Өөш Долоодын говийн сав газраас тодотгов.
“Эрдэнэс тавантолгой” ХК 2023 онд уурхайн хэмжээнд нийт 14 байршлыг тогтоож 840585 м3 усыг хур борооны усаар хуримтлуулж 132600 м3 усыг зам усалгаанд ашиглажээ. Нийт өртөг 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2022 онд Улаан нуурын цөөрөм дээр нийт 1.5 сая м3, Жирмийн булгийн хөв цөөрөм дээр 1.3 сая м 3 багтаамжтай цөөрмийн ажил эхэлж 2023 онд хүлээж авсан байна.
Харин “Энержи ресурс” ХХК хэрэглэсэн усаа 93 орчим хувь дахин ашигладаг гэсэн тоо байна. Цаана нь “Саус гоби сэндс”, “МАК” гээд олон уурхай ажиллаж буй.
Зургаа. Бохир усыг 100 хувь цэвэрлэж баяжуулах үйлдвэр рүү нийлүүлдэг
Оюутолгойн уурхайн талбайн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаар орлоо. Бохир ус цэвэрлэдэг гэхэд ямар ч үнэргүй байсанд гайхав. Нийт хүчин чадал нь өдөрт 2.840 м3 бохир ус буюу өдөрт 11600 хүний бохир усыг цэвэршүүлдэг аж. Ажиллуулж байгаа тоног төхөөрөмж, орж ирж байгаа усны хурд бусад зүйлсээс шалтгаалж технологийн горим гаргадаг гэнэ.Технологио нэгэн жигд горимд оруулж чадвал цэвэрлэгээ сайн явагдах боломжтой гэж цэвэрлэх байгууламжийг ажиллуулж байгаа “Ханза сервис” ХХК-ийн химич технологич М.Осоржамаа тайлбарласан юм. Энгийнээр ойлговол эхлээд бичил биетнийг амьдруулах орчныг бүрдүүлнэ.
Өөрөөр хэлбэл бичил биетэн бохир усаа задлаад хамаг бохирдлоо идээд өөрөө үхээд шавар болчихдог аж. Энэ нь химийн ямар ч бодис орохгүй байгальд ээлтэй цэвэрлэгээ болдог байна. Дараа нь механик шүүлтүүрийн цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ, элсэн шүүлтүүр, хэт яагаан туяаны шүүлтүүр, хлоржуулалтын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ. Энэ нь бохир ус цэвэрлэх шилдэг технологи болж Монголд анх удаа Оюутолгойн сайт дээр хийж байгаа гэсэн. Цэвэрлэсэн усаа баяжуулах үйлдвэртээ болон зам усалгаа тоосжилтоос сэргийлэхэд дахин ашигладаг аж.
Долоо. Говийн газрын дорх гүний ус шавхагдах нөхцөл үүссэн үү?
Одоогоор говийн бүсийн уул уурхайн усны дийлэнх хэрэглээ Өмнөговь аймгийн нутагт байна. Цаг улирлын хүчин зүйлс, уурхайн нөлөөлөл, усны хэрэглээ, малын тоо толгой гээд олон хүчин зүйлсээс улбаалж тус аймаг усны асуудалтай нүүр тулж буй. Тиймээс Өмнөговь аймаг “Говь+Ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж бэлчээр усжуулалтыг 70 хувьд хүргэхээр бэлчээр усжуулалтын хоёрдугаар аяныг аймагтаа хэрэгжүүлж буй. Цаашид усны эрэлт хэрэгцээ ихсэж байгаа тул газрын дорх усны нөөцийг ашиглахаас татгалзаж гадаргын усыг татах төслийг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа хэмээн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж өгүүлсэн.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын гаргасан мэдээллээс үзэхэд говийн бүсийн нийт ус ашиглалт жилд 24.5 сая м3, үүнээс уул уурхайд жилд 19.2 сая м3 ус буюу секундэд 608.8 литр ус ашигладаг гэжээ.
Уул уурхайн газрын дорх усны ашиглах боломжит нөөц жилд 112.8 сая м3 бөгөөд одоогоор 21.7 хувьтай ашиглаж байгаа аж.
Богино дунд хугацаанд 2030 он гэхэд ашиглах боломжит нөөц жилд 88.3 сая м3 болж ашиглах усны нөөц одоо байгаа 112.3 сая м3 хэмжээнээс багасах төлөвийг гаргажээ. Урт хугацаанд 2040 онд усны хамгийн их хэрэглээ уул уурхай хүнд үйлдвэрт 83 хувь болж өмнөхөөсөө нэмэгдэх нь. Харин бусад салбар 17 хувь байх аж. Энэ үед ашиглах усны хэмжээг тооцоолбол жилд 59.1 сая м 3 ус болон секундэд 1.874.0 литр ус хэрэглэнэ гэжээ. Үүнээс харахад цаашдаа уул уурхайн хэрэглээний усыг газрын гүний эх үүсвэрээс хангах боломжгүй бөгөөд ашиглах усны хэмжээ тухайн гүний усны нөөцөөс давж байгаа юм.
Эрдэмтдийн хэлж буйгаар усны нөөц гэдэг нь тухайн экологийн нөхөн сэргээгдэх чадамжаас илүү хэрэглэхгүй байхыг хэлдэг байна. Гэхдээ Дорноговь аймагт хэрэгжих мега төслүүд буюу газрын тос олборлох үйлдвэр, “Алтан ширээт” хүнд үйлдвэрлэлийн төслүүд ашиглалтад орох үеэр усны хэрэглээ нэмэгдэхийг шинжээчид хэлж байна. Тиймээс Сайншанд орчмыг гадаргын усаар хангаж болох хувилбар буюу “Хэрлэн тооно” төслийг одооноос хэрэгжүүлж эхэлбэл үр дүнгээ өгөх юм.
Найм. Усны нөөцийг жигд хуваарилах нь улс орны хөгжлийг түүчээлнэ
Улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарилалтыг буй болгох нь хамгийн нэн тэргүүний зорилт болж байна. Хөвсгөл нуурын эрэг дээр амьдарч байгаа хүнд хоногт 250 литр ус ногдож байгаа гэж үзвэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдарч буй иргэнд хоногт 20 литр ус ногдож буй. Үүнийг тэнцвэртэй болгох бодлого чухал байгаа. Иргэд нэг литр усанд хоёр төгрөг, харин уул уурхай, ашигт малтмал олборлон баяжуулахад нэг литр усанд нэг төгрөг 67 мөнгө төлдөг нь бодит байдалд нийцэхгүй. Гэтэл Цагаан хад боомт дээр литр ус 50 төгрөг хүрдэг.
“Хөх морь” төслийн хүрээнд говь нутгийг усжуулахад хэрэгтэй гол хоёр төсөл нь “Хэрлэн тооно”, “Орхон Онги” төсөл юм. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас 1.6 тэрбум м3 усан сан үүсгэж Сайншандын үйлдвэрийн бүсэд ус дамжуулахаар төлөвлөсөн ч ажил болоогүй. Өмнөд говийг усжуулах “Орхон Онги” төсөл ч цаасан дээр байна. Харин Өмнөговь аймаг 1.1 тэрбум төгрөг гаргаж Онгийн гол- Улаан нуур-Даланзадгад-Тавантолгой чиглэлд ус татах барилга байгууламж барих төслийн ТЭЗҮ-г хувийн компаниар гүйцэтгүүлж байгаа нь томоохон ажил юм.
Монгол орны баруунаас зүүн этгээд, өмнөөс умрыг хүрсэн уудам газар нутагт хүмүүс усыг адилхан хэмжээнд, зохистой хэрэглэх нь НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын зургаа дахь шалгуур үзүүлэлт буюу хүн амыг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилтод нийцэх буй.
“Оюутолгой” ХХК-иас “Хэрлэн тооно” төслийн техник эдийн засгийн ажилд зориулж санхүүжилт гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ бол ахиц дэвшил юм. Цаашид гүний усны үнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь усны үнэ цэнийг өргөх чухал алхам болно гэж усны салбарын эрдэмтдийн төлөөлөл үзсэн.
Дээрх төслүүдийг салбарын яам, Засгийн газрын түвшинд дэмжиж хөдөлгөх шаардлага тулгарч байгаа. Дорно болоод өмнөд говь руу усны нөөцийг жигд хуваарилж чадвал говийн иргэд, мал, газар тариалан, уул уурхайн салбарыг усжуулж тогтвортой хөгжих боломж бүрдэх юм. Одоо л хийхгүй бол оройтож магад.