Өнгө өнгийн эрдэнэ оршсон Өмнийн цэнхэр говиор-2
Түрүүч нь 2023.10.18-ны дугаарт
Тэмдэглэл-2
Өмнөговь аймагт хэд хонохдоо хөтөлбөрийн дагуу театр, говийн байгаль, түүхийн музейг үзэж, нутгийн үйлдвэрийн дэлгүүрээр орж, аймаг орны онцлог, хөгжил дэвшил хийгээд, хүн зоны аж амьдралын талаар сонирхсон билээ. Тиймээс хоёр дахь бичвэрээ тус аймгийн хөгжил дэвшил хийгээд бусад зүйлийн талаар тоймлов.
Өмнөговь аймгийн 2023 оны нийт төсөв 650 орчим тэрбум төгрөг байгаа нь хөрш зэргэлдээ Дорноговь аймгийн төсвөөс 2-3 дахин их бөгөөд энэ бүс нутагт хүн амын сууршил хийгээд хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт ямархуу байгааг үзүүлсэн үзүүлэлт болно. Зөвхөн Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө 2022 онд 16.5 тэрбум төгрөг батлагджээ. Улсын төсвөөс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт нь хэд дахин илүү байна. Энэ олон том тооны ард томоохон хөрөнгө оруулалт хийгддэг. Монголын эдийн засгийг тэтгэж байгаа дэлхийн хэмжээний төсөл “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой”ХК, “Энержи ресурс ХХК”, Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК зэрэг уул уурхайн томоохон компаниуд ажиллаж үүнийг дагасан бусад ажлын байр, дагалдах ханган нийлүүлэх бизнесүүд хөгжиж байгаа нь хүн амын суурьшлыг нэмэгдүүлж энэ бүс нутагт очиж ажиллах хүн зоны сонирхлыг өдөөж байгаа нь гарцаагүй юм.
Аймгийн бүртгэлтэй хүн ам 73 мянга орчим бөгөөд түр оршин суугчид, явуулын хүмүүстэйгээ нийлээд өнөөдөр 160 гаруй мянган хүн аж төрч байгааг сонсов. Хүн амын төвлөрөл, суурьшил нэмэгдээд ирэхлээр үүнийг дагасан төрийн үйлчилгээг үзүүлэх, орон сууц барих, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, орчны тохижилтыг нэмэгдүүлэх гээд түм буман ажил өрнөдөг байна. Орон нутгийн өмчтэй “Таван толгой” ХК-ийн 51 хувьд оногдох ногдол ашиг нь орон нутгийн төсөвт шууд ордог бөгөөд 57 жилийн түүхтэй ууган энэ уурхайн үр шим аймгийн ард иргэдийн цалингийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсрол, зам харгуй, орчны тохижилт, бусад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад зарцуулагддаг аж.
Орон нутагт мэргэжлийн боловсон хүчнийг олж тогтвортой ажиллуулах нь аль ч газрын толгойн өвчин болоод удаж буй. Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөр төрийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангахад дэмжлэг болдог бөгөөд сар бүр олгодог 30 мянган төгрөгийг долоо дахин буюу 210 мянган мянган төгрөг болгон нэмэгдүүлснээс гадна улсын төсвийн байгууллагын алба хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрөөс олгодог урамшууллыг 400 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн нь багш, эмч гээд төрийн алба хаагчдын амжиргаанд ихээхэн дэмжлэг болж тэдний тогтвортой ажиллах үндэс суурь нь болжээ.
Орон нутгаас мөнгөн дэмжлэг олгож эхэлснээр Өмнөговь аймагт энэ онд 78 багш шинээр ирж ажиллаж байгаа гэв. Алслагдсан сум буюу Даланзадгад-Баяндалай-Гурван тэс чиглэлийн 302 км авто замын 144 км замаа өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор орон нутгийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт 245 оюутныг хамруулж 353.3 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгаасаа шийдвэрлэсэн. Орчин үеийн тоног төхөөрөмж шийдлийг харуулсан говийн байгаль, түүхийн музей, театр, шинэ мянган айл, түрээсийн орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, камержуулалт гээд шинээр олон томоохон бүтээн байгуулалт хийжээ. Төвлөрлийг сааруулах, хөдөөд сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Өмнөговь аймаг “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаа гэнэ.
Бидний байрласан “Гранд говь” жуулчны бааз хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан үйлчилгээ, хоол унд, орчны тав тух зэргээр дэлхийн хаанаас ч хэн ч ирж буусан нүүр улайлгахааргүй шаардлага хангасан байгааг анзаарч суухад сайхан байлаа.
Монголд ирж буй гадаадын жуулчдын 80 гаруй хувь нь Өмнийн говийн байгалийн сайхныг үзэхээр ирдэг гэсэн тоон мэдээлэл гарчээ. Уламжлалт “Тэмээний баяр”, “Сарлагийн баяр”, “Элсэн манхны баяр”, “Нүүдэлчиний нэг өдөр” зэрэг аялал жуулчлалын томоохон эвэнт болдог аж. Өмнөговь аймаг уул уурхайн бүс нутаг хэдий ч цаашдаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйд суурилсан эдийн засгийг дэмжих бодлого баримталж буй.
“Байшин барилга барьж, бусад хөрөнгө оруулалтыг татаж болж байгаа ч хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны доройтол зэрэг олон асуудал байна. Үүнд ч бас анхаарал хандуулж ажиллаж байгаа хэмээн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцолсон.
Ташрамд дурдахад Дорноговь, Өмнөговь аймгийг дамжсан Цогтцэций-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын компани концессоор барьж буй. Өмнөговь аймагт хамаарах замыг энэ оны 12 дугаар сард ашиглалтад өгөх үүрэг даалгаврыг өгчээ. Харин Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замаар “Таван толгой” нүүрс компанийн нүүрс тээвэр явж байгаа аж.
Ус тойрсон яриа
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой орон нутгийн сэтгүүлчид уулзах үеэр усны асуудлыг хөндсөн. Даланзадгад хотын өмнө этгээдэд байх усны арвин нөөцтэй Балга Усны улаан нуур орчмыг хамгаалахаар орон нутгаас тусгай хамгаалалтад авчээ. Гэтэл тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байсан нэр бүхий компанийн ашиг сонирхол хөндөгдсөн тул энэ асуудлыг Шүүх шийдвэрлэж орон нутаг 3.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор тухайн компанид өгөх шийдвэрийг гаргасан аж.
Усаа хамгаалж, усны нөөцийг авч үлдэхийн тулд хийсэн ажил маань өнөөдөр ийм өндөр өртөг бүхий мөнгө төлөх хэмжээнд хүрлээ. Эхний удаа 500 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн хэмээн Засаг дарга Р.Сэддорж хэлсэн.
Үүнтэй адил төстэй үйл явдал хэдэн жилийн өмнө зэргэлдээх Дорноговьд болж байлаа. Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Аргалийн уул орчимд нутгийн иргэдийн шүтээн уул, бэлчээр, ус хийгээд, агнахыг хориглосон ховор ан амьтны амьдрах нөхцөлийг нягтлалгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь маргаан дагуулж улмаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах хэмжээнд хүрсэн байдаг.
Зөвшөөрөл эзэмшигч компани өнгөрсөн хугацааны хайгуулын ажилд зарцуулсан зардал буюу 2.6 тэрбум төгрөгийг орон нутгаас нэхэмжилж байв.Тусгай зөвшөөрөл олгохдоо ундны усны нөөц, ан амьтны нутаглах орчин, байгалийн хүчин зүйлийг тооцолгүйгээр зөвшөөрөл олгосон явдал нь хожмын нэг өдөр муу үр дагавраар илэрч байдгийн жишээ олон байгааг тухайн үед ярьж байсан. Уул уурхайн компаниуд литр усыг 80 мөнгөөр авч хэрэглэдэг бол иргэд хоёр төгрөгөөр авч хэрэглэдэг нь тийм ч оновчтой шийдэл биш юм. Ер нь Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийг хамарсан газар нутагт гүний усны нөөц багасч улмаар ундны усны болон бэлчээрийн хомстолд орох аюул ойрхон байгаа юм.
Хэрлэн, Орхон зэрэг томоохон голын илүүдэл усыг хашиж далан байгуулах замаар говийн бүсийн уул уурхай хийгээд бусад салбарт ашиглах төсөл цаасан дээр бичээстэй байгаа ч хараахан ажил хэрэг болоогүй байгааг Засаг дарга онцолсон. Мөн Улааннуур-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн ус дамжуулах байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл хийгдэж Онгийн хийд орчмын хоёр гадаргын ус хуримтлуулах сангаас Улаан нуур хүртэл өөрийн урсгалаар ус дамжуулах 110 км хоолой, Улааннуураас Тавантолгой хүртэл 248 ъм ус дамжуулах байгууламжтай засварын усан сан бүхий дөрвөн өргөлтийн насос станцтай төлөвлөжээ.
Цогт-Овоо суманд нээгдсэн Ойн анги сая сая мод үржүүлнэ
Бид Даланзадгадаас Улаанбаатар руу буцах замдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаар дайрав. Цогт-Овоо сумын Засаг дарга Н.Наранзаяа ЗДТГ-ын алба хаагч төлөөллийн хамт бидэнд сумынхаа ажил үйлс, хөгжил дэвшлийн талаар тодорхой мэдээлэл өгсөн. Олзуурхаж буй нэг зүйл нь говийн бүсийн энэ сум ногоон байгууламжийг нэмэгдүүлж, говьд ургадаг бутлаг ургамлын санг нэмэгдүүлэх үүднээс Ойн нөөцийн төвийг сумандаа байгуулжээ. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Ойн генетик нөөцийн төв”-өөс туршлага судалсан байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг ойн ангийг нутагтаа баруун, зүүн гэсэн бүсчлэлээр байгуулсаны нэг нь Цогт-Овоо сумын эл бүтээн байгуулалт. Энэ сум “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 125 мянган мод тарих даалгавар авчээ.
Говьд ургадаг хайлаас, сухай, жигд, заг зэрэг ургах чадвартай модыг тарьж жилдээ 500 мянган мод бутыг үржүүлж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн аж. Эл бүтээн байгуулалтад ”Оюутолгой” ХХК хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. “Энэ жил 500 гаруй мянган модны үрсэлгээ хийсэн. Хоёр, гурав дахь жилээс манай Ойн ангиас сая сая мод гарч говь нутгийг моджуулахад үр ашигаа өгнө” хэмээн сумын Засаг дарга Н.Наранзаяа өгүүлсэн.
Ийн зүг зүгээс цугларсан орон нутгийн сэтгүүлчид, өнгө өнгийн эрдэнэ оршиж, хөгжилд түүчээлсэн Өмнийн говьд чуулж говь нутгийн ажил амьдралыг тольдон шинэ санаа, ажил хэрэг, амжилт бүтээл, туршлага олон зүйлээ хуваалцаад мөн л дэрхийх шувууд мэт тал тал тийшээ таран одлоо. Орон нутгийн сэтгүүлчдийг говь нутагтаа урьж, мэргэжлийн ажлаа ярьж, алдаа оноогоо тунгаах боломж олгосон МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар Зөвлөлийн тэргүүн С.Номин болон түүний салбарын гишүүд, уулзалт зохион байгуулахад дэмжиж оролцсон МСНЭ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын хамт олон, “Гранд говь” жуулчны бааз болон бусад оролцсон бүх хүмүүст талархал дэвшүүлье.