Говийн бүс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох уу?
Улсын нийслэлээс зүүн өмнө зүгт засмал замаар, галт тэргээр 450 км яваад хүрдэг Дорноговь аймагт эдүгээ 130 MBт-ын хүчин чадалтай нар, салхины сэргээгдэх эрчим хүчний дөрвөн том төсөл үйл ажиллагаа явуулж байна.
Товчхон дурдвал, Замын-Үүдэд Японы “Шигемицү Шожи” болон “Шарп корпораци”, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө орулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” станц, мөн 2024 онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц /Нийлбэр дүнгээр 30 МВт/, Сайншанд суманд “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн 30МВт-ын хүчин чадалтай “Говь нарны цахилгаан станц”, “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин станц тус тус ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм.
Гадны улсын хөрөнгө оруулалттай энэхүү станцууд ямар хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж, салбартаа болон байгаль экологид хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Заримда аймгаараа цахилгаан тасарч харанхуй суух үе бидэнд тохионо. Энэ үед “Манай аймаг нар салхины сэргээгдэх эрчим хүчтэй шүү дээ, цахилгаан тасарсан цагаар биднийг эрчим хүчээр хангаж болдоггүй юм байхдаа” гэх гэнэтийн гэмээр санал шүүмжлэл говийн иргэдийн дунд өрнөх нь бий.
Тэр бүү хэл “Салхин станц салхины хүчийг ихэсгэж говьд үүл хөөж бороо оруулахгүй байна. Үүнээс үүдэж ургамлын бүтцэд ч сөргөөр нөлөөлж байгаа юм биш үү” гэх хардлага ч хүмүүсийн дунд тасрахгүй. Бас сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг болгож цахилгааны төлбөр дээр илүү мөнгө бодож адаг нь ямар учиртай юм бэ гэх асуулт ч олны дунд хөвөрдөг. Иргэдийн мэдэхийг хүссэн олон асуултын хариуг энэ салбарт ажилладаг мэргэжлийн эх сурвалжаас мөн л тодруулсан юм.
Доорх зургаас харахад говийн бүсэд тэр тусмаа Дорноговь аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний дөрвөн том төсөл үйл ажиллагаа явуулж нийт 130 орчим МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй. Монголд нар салхины сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 300 орчим МВт хүрч өмнөх онуудаас өссөн байна.
Үүнээс гадна шинээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж байгаа хэд хэдэн станцууд байгаа юм. Говь нутагт жилийн дөрвөн улирлын ихэнх хугацаанд нартай, салхи ихтэй байх нь энгийн. Нар ертөнцийн зүүн хаяанаас мандаж баруун этгээд хүртэл аялахдаа нар салхины хамгийн таатай эрчим хүчийг өгдөг тул говьд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь зөв шийдэл хэмээн энэ салбарынхан тооцоолжээ.
Дэмжих тариф дэмжлэг мөн үү?
Дэлхийн улс орнууд шатдаг түлшнээс эрчим хүч гаргаж авахаас аль болохоор татгалзаж ногоон үйлдвэрлэл буюу сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Тэр тусмаа салхины эрчим хүчийг Европын орнууд болон АНУ-д өргөнөөр ашиглаж байгаа юм. Манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг одоо байгаагаас 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Мөн Парисын хэлэлцээр зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, олон улсын конвенцод нэгдэн орсон билээ.
Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт татах, салбарыг хөгжүүлэх таатай орчныг буй болгох, ногоон эрчим хүч үйлдвэрлэхийг дэмжих зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, улмаар сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг батлан мөрдөж байгаа. Ер нь зах зээл дээрх бараа арилжааг хэмжих гол зүйл нь үнэ байдаг. Тиймээс 2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар /Тухайн үеийн ханшаар, ам доллар 2020 орчим төгрөгтэй тэнцэж байх үед 160-190 төг/,
5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар/ Тухайн үеийн ханшаар, ам доллар 2020 орчим төгрөгтэй тэнцэж байх үед 90-120 төг/,
Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам. доллар / Тухайн үеийн ханшаар, ам доллар 2020 орчим төгрөгтэй тэнцэж байх үед 300-360 төг/ байхаар зохицуулж байжээ.
Харин 2019 оны УИХ-ын хаврын чуулганы нэмэлт өөрчлөлтөөр баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 0.12 ам доллар хүртэл /Өнөөгийн байдлаар 404.88 /, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 0.0.85 ам доллар /Өнөөгийн байдлаар 286.79/ байхаар хуульчилжээ.
Шинэчилсэн хуулиар сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг ийн зохицуулсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарах, үнээр өрсөлдүүлэх, төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх зэрэг олон заалтыг тусгажээ. Гэхдээ эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг гадаад валютаар хийдэг тул ам долларын ханш нэмэгдэх тусам сэргээгдэх эрчим хүчийг илүү өндөр үнээр худалдаж авсаар байх нь тодорхой юм.
2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд УИХ-ын Чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойлжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байдаг. Тухайн мэдээлэлд нарны цахилгаан станцуудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тариф 113 төгрөгөөс 3-5 дахин өндөр байгааг дурдсан юм.
Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгааны зардал нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр байдаг төдийгүй валютын ханшнаас хамаарч тодорхой хэмжээний зөрүү үүсдэг. Энэ зөрүүг иргэдийн цахилгааны төлбөр дээр нэмж тооцдог байна. Өнөөдөр ард иргэдээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф буюу 1 квт цахилгаан хэрэглээ тутамд 23.7 төгрөг авч байна.
Өнөөдөр ард иргэдээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф буюу 1 квт цахилгаан хэрэглээ тутамд 23.7 төгрөг авч байна.”Дэмжих тариф-ыг ард иргэдийн халааснаас хулгай хийж буй “хуульчилсан дээрэм” гэж үзэх хүмүүс байдаг бол зарим нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд орулж буй хувь нэмэр хэмээн тайлбарладаг.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь харилцан адилгүй хүчин чадалтай, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашиг нь ч өөр өөр байдаг тул тухайн компаниуд харилцан адилгүй үнээр эрчим хүч үйлдвэрлэх гэрээгээ байгуулдаг байна. Гэхдээ хуулиар тогтоож өгсөн босго үнийг давахгүй байх үүрэгтэй.
Хувийн хөрөнгө оруулалтын баригдсан нар салхины эх үүсвэрүүд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа боловч 2023 оны тайлангаар нийт цахилгаа эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлээд салбарын цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын 22.3 хувийг авчээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2022-2023 оны тайланг үзэхэд Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ ойролцоогоор 9-10.3 тэрбум кВт цаг болж өмнөх оноос дунджаар 3-5.8 хувиар өссөн аж. Харин эрчим хүчний дотоодын нийт үйлдвэрлэлийн 9.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эзэлж байгаа юм.
Төгсгөл
Эдүгээ Монгол Улс дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой бодлого дэвшүүлж буйн нэг илрэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үйл явц юм. Хувийн хэвшлийн үзэл баримтлал дээр тулгуурладаг сэргээгдэх эрчим хүчний салбар ямагт үнийг өсгөж, чөлөөт зах зээлийн зарчмаар явахыг хүсдэг байхад нөгөө талд эрчим хүч нь улс орны хөгжил дэвшлийн хувьд стратегийн чухал салбар болохын хувьд төр бодлогоор зайлшгүй зохицуулалтыг ч хийдэг.
Манай улсын эрчим хүчний тогтолцоо нь төрөөс татаас хэлбэрээр санхүүждэг, алдагдал ихтэй төдийгүй эрчим хүчний сүлжээ дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүй. Тиймээс ОХУ-тай холбогдсон 220 к-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг.
Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, харин салхин станцын хувьд 2013-2022 онуудад 0.2-10.хувиар системийн оргил ачаалалд оролцсон байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэг боломж нь цэнэг хуримтлуурын станц барих.
Ингэснээр сэргээгдэх эх үүсвэрүүдээс нийлүүлж буй эрчим хүчний хязгаарлалт багасаж, хэрэглээ багатай үед цахилгааныг нөөцөлснөөр оргил ачааллын үед хэрэглэх боломж бүрдэх аж.
Говийн бүс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох боломж нь харагдаж байна. Цаашид энэ салбарт өрсөлдөөнийг буй болгох, үнийн асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүдийг дэмжих, горим тохируулгын шинэ хувилбарыг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хийх хэрэгтэй байгааг салбарын мэргэжилтнүүд ярьсан билээ.
Жич: Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia – Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.
Reference: This piece was produced as part of the journalist’s participation in the Environmental Journalism Fellowship Program (EJFP). EJFP is being implemented by the non-profits, Breathe Mongolia – Clean Air Coalition and Green Dot Climate in partnership with the Green Planet Club of environmental journalists at the Press Institute of Mongolia. The Program is funded by the implementers, the U.S. Embassy in Mongolia, and Internews’ Earth Journalism Network with the support of the Swedish International Development Cooperation Agency (Sida). Responsibility for the piece rests entirely with the journalist. EJFP’s implementers and funders do not necessarily share the expressed views and interpretations.