Хадны сүг зураг
Дорноговь аймгийн өмнөд хилийн бүс Хатанбулаг сум Монголын эртний төрт улсын хийгээд нүүдэлчин болон суурин иргэншилт ард иргэдийн харилцааны гүүр болсон нутаг байжээ.
Энэ бүс нутагт ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс удаа дараалан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуулын ажлыг хийсний нэг нь хадны сүг зураг байжээ. Судалгааны багийнхан сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгээр аялж, 2000 гаруй нэгж дүрслэлийн зургийг авч баримтжуулжээ. Дүрслэлүүд нь он цагийн хувьд хуучин чулуун зэвсгийн үе, шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, хүннү гүрний үе, түрэгийн үе, манжийн үеийн гэх мэт орчин үе хүртэл цаг хугацаанд хамаарах аж. Үүнээс ихэнхи нь хүрэл зэвсгийн үед ч хамаарах ажээ.
Чулуун зэвсгийн үе, хүннү гүрний үе, түрэгийн үеийн дүрслэлүүд монгол оронд маш цөөн тохиолддог тул эдгээр нь судалгаа болон танин мэдэхүйн өндөр ач холбогдолтойг дурдсан байна. Дүрслэлийн төрлийн хувьд ан амьтан, мал маллагаа, ан гөрөө, тамга тэмдэг, билэгдэл илэрхийлсэн хийгээд учир нь үл ойлгогдох дүрсүүд хэмээн ангилан үзэж болох тухай судалгаанд дурджээ.
Мөн дурсгалт газрууд тус бүр дээр нарийвчилсан хайгуул явуулахад орон нутгийн болоод улс үндэстний түүхэнд чухал сурвалж болох хад чулуун дээр үлдээсэн сонирхолтой дүрслэлүүд, тамга тэмдэг, бичиг үсгийн дурсгалууд илрэн олдох магадлал туйлын өндөр байгааг дурдсан байна. Сумын Соёлын төвөөс “Хадны зургийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнг 2020 онд дэлгэж олны хүртээл болгож байв.