Ноён хутагтын өв ба тахилч
Сайншандын төвд байрлах хоёр давхар хүрэн улаан орд өргөө бол эрдэмт мэргэн Гэгээнтний үүсгэн байгуулсан Гиваадин Равжаалан нэртэй үзмэрийн сүмийн үргэлжлэл болох түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан музей юм.
Ноён хутагт эл үзмэрийн сүмээ 1840-өөд онд байгуулжээ. Үүнийг хожим Ноён хутагтын долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл 1991 онд санаачлан байгуулсан юм.
Эл орон газарт буй Ноён хутагт Равжаагийн өв соёл нь түүний тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, оюуны их мандлын уйгагүй зүтгэлийн үрээр жарнаас жарныг дамжин цөвүүн цагийн гэм ёрт өртөлгүй хадгалагдан ирсэн Монголын түүх соёлын үнэлж баршгүй үнэт өв юм.
Музейд эрдэмт мэргэн гэгээнтний яруу найргийн бүтээлүүд, 100 орчим урт, богинын дуу, гүн ухааны боть зохиол, жүжгийн дэвтэр, зурсан зургууд буй.
Үүдээр ороод л бичиг соёлын дурсгалууд ном, сурах бичиг, гар бичмэл зохиол, анагаах ухааны зан үйлийн бүтээлүүдийг шимтэн сонирхож болох бөгөөд дээд давхарт цамын бүжиг хийгээд шашны зан үйлийн хувцас, хилийн чанад болон бусад ихэс дээдсээс бэлэглэсэн шүтээн дурсгал, Ноён хутагтын хэрэглэж байсан эд агуурсыг дэлгэсэн байдаг.
Үүнээс гадна нэг зүйлийг тодруулан өгүүлэх нь сонирхолтой санагдах. Говийн тавдугаар дүрийн эрдэнэ мэргэн, догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойг тохиолдуулж 2013 онд Сайншанд хотноо зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр зохиолч, сэтгүүлч Г.Цэдэвдорж агсан хутагтын нэрийн утга учрыг үнэн мөнөөр нь зөв тайлан унших хэрэгтэй байгааг судалгааны бүтээлдээ дэвшүүлсэн байдаг.
Ноён хутагт шүлэг зохиолынхоо ард өөрийнхөө нэрийг бичихдээ “Равжаа нэрт тоть”, “Газрын хязгаарын хуварга галзуу Равжаа”, “Өлзийтийн хүү өнөөх гайхал Равжаа” гэх зэргээр бичиж үлдээдэг байжээ.
Эрхэм зохиолчийн судалж тогтоосноор галзуу, согтуу гэдгийг энгийн ойлголтоор ойлгож болохгүй. Халхын ноён хутагтын талаар эрдэмтэн Хатанбаатар, Мэндсайхан нарын номонд эгэлгүй бөгөөд хосгүй ухаантныг “Галзуу” хэмээн нэрийддэг тухай бичсэн байна.
Согтуу гэдэг нь архийг ус болгож урвуулдаг ид шидтэй, түүнийгээ зөвхөн бурханд зориулан хэрэглэдэг байх жишээтэй. Тэр бүү хэл Төвдийн ихэс дээдэс гэгээнтнүүд билиг билгүүн гэдгийг эгэлгүй, хосгүй гэж үзээд “Галзуу” хэмээн нэрийддэг байж. Тэгэхээр энэ нэр нь ноён хутагтыг өргөмжилсөн өндөр зэргэмжтэй байсныг баталсан хэрэг гэж хүүрнэж байсан юм.
Нөгөө зүйл нь Ноён гэгээний үе үеийн тахилчийн хийгээд тэдний ёс горим, баримталж байсан зан үйл сонирхол татна.Тахилч гэдэг нь соён гэгээрлийн өвийг тээгч гэсэн утгатай ажгуу.
Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төвөөс эрхлэн гаргасан “Дорноговь аймагт музей үүсч хөгжсөн нь” нэртэй номд тахилчийн тухай өгүүлсэн байдаг.
Ноён хутагтын анхны шавь Их шарнууд овогт Ишлодон тал бүрийн авьяастай, тарнич лам байсан бөгөөд Гэгээнтний эрдэмтэй цөөн шавь нарын нэг байжээ. Тэрбээр Гэгээнтэнд хандан хэлэхдээ:
-Таныхаа нандингуудыг хойч үед өөрийн ясан төрлөөрөө нандигнан амь биеэрээ дэнчин тавин хүргэх болно хэмээн андгай тавьсан түүхтэй бөгөөд гэгээнтнээс нэг зүйл хүссэн нь тахилчаа таньж байхын учирт “Та нэг ёгт тэмдэг хайрлана уу” гэж хүсчээ.
Гэгээнтэн “Таны нуруун дээрх мэнгийг тахилч болох хүүд илгээж байя” хэмээн айлдсан аж. Мөн тахилч хүмүүний ёс ямар байх, юуг сурч мэдсэн байх, юуг хатуу хориглох гэхчлэн олон зүйлийг ёс горимд оруулан дараагийн тахилчийг оюуны болоод бие сэтгэлийн хувьд хэрхэн сургаж бэлтгэх арга зүйг боловсруулан хатуу мөрддөг болжээ.
Мөнөөх тэмдэгт тахилчийг бага наснаас нь эхлэн 25 нас хүртэл нь бэлтгэж Тангарагийн бичиг бүхий дэлгэмэл сударт Гэгээнтний /Чандарын/ лагшингийн өмнө тангараг өргүүлдэг хийгээд 20 жил бэлтгэж шалгаж сорьсны эцэст тахилчийн албыг бүрэн шилжүүлдэг байжээ. Тахилч хүмүүний эзэмшвэл зохих эрдмийг тодорхойлохдоо:
Тухайн үеийн эрдэм мэдлэгийн гол түлхүүр болсон Монгол Төвд, Манж, хэл бичгийг сайтар эзэмшсэн байх, өөрөөр хэлбэл Жарз дамжаагаа дүүргэсэн тарнич болсон байх, болзошгүй аюул тулгарсан үед амь насаараа дэнчин тавин үзмэрээ хамгаалах, ихсийн нандингаас ширхэг утсыг ч өөрийн гэрт үл аваачих, эдийн шуналгүй байх, ороо бусгаа цаг тохиолдоход ашгийн тухайд нэг зүйлийг ч үл арилжих, нууцыг чандлан сахих хатуужилтай байх, цагийн байдлыг үнэлэх хийгээд улс төрийн байдалд байнга өндөр мэдрэмжтэй хандан урьдчилан авах арга зүйгээ шаламгай боловсруулах чадвартай байх, үжирч хуучирсан эд өлгийн зүйлийг уламж аргаар сэргээн засварлах ур ухаан суусан байх гэхчлэн олон зүйл горимыг мөрдөж иржээ.
Энэхүү журам ёсоор Балжинчойжоо албаа өөрийн бэлтгэсэн хүү Ган-Очиртоо, Ган-Очир хүү Наръяадаа, Наръяа хүү Онгойдоо уламжлуулжээ. Онгой дүү Гомбодоо, Гомбо хүү Түдэвтээ уламжлуулснаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн он жилийг хүргэжээ.
Хамарын хийд тэр үед 700 шахам лам хуваргатай, том жижиг нийлсэн 80 орчим байшин, борчуулын хороонд суугчидтайгаа 2000 шахам хүн оршин суудаг газар байжээ. Сүм хийд, шашин номоо устгах, хүн ардынхаа амийг хилсээр егүүтгэх мунхаг харанхуйн зовлонт он жилүүд эндээс эхэлж Хамарын хийд болон ойр орчим үнс нурманд шатаагдсан түйтгэрт газар болон хувирчээ.
Энэ үед 25 настай залуу тахилч Түдэв галдан шатаагчдын хий зайг ашиглан сүм дэх өвийн зүйлээс үүрэн зөөж, хөдөө газар ухаж бэлтгэсэн нүхэнд хийж булах, уул хадны агуйд нуух зэргээр 64 авдар зүйлийг авч үлдсэн нь энэхүү музейд буй соёлын үнэт өв юм.
Гэвч авч үлдсэн зүйлс нь устгагдсан 1400 гаруй авдар зүйлийн өчүүхэн хэсэг мөн боловч үе үеийн тахилч хийгээд хатуу бэрх цагт зовлонг үл умартан нандигнан хамгаалж авч үлдсэн тахилч агсан Түдэв хойч үедээ, төр улсынхаа соёлын их өвд үнэтэй гавьяа байгуулсан байдаг.
Энэхүү гэгээн музейд зочилсон хүн бүхний сэтгэлийн орон зайд нэгэн цоо шинэ бодлын энерги хөвсөлзөн байж, өнгөрсөн болоод одоогийн цаг үеийг үнэлж ойлгох, энэхүү ариун ажил үйлсийг үргэлжлүүлж яваа хүн зоныг хайрлан хүндэтгэх, бишрэх үзэл төрдөг юм.
Сайншандын цэцэрлэгийн багш нар нялх багачуул, хүүхдүүдээ дагуулан эрдэмт мэргэн гэгээний үүсгэсэн өв соёлоос үзэхээр өргөөнд зочилж ирэхэд музейн тайлбарлагч, равжаа судлаач О.Чинлүү багш дэлгэрэнгүй тайлбарлах бахархалтай.