Онцлох мэдээСайншанд сумСурвалжлага

Хамарын хийд орчим олгосон тусгай зөвшөөрөл хоёроос гурван компани дамжжээ

Сайншандын өмнө этгээдэд орших соён гэгээрүүлэгч говийн тавдугаар дүрийн ноён Хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан өвөр баясгалант Хамарын хийдийн орчимд гадны компани нүүрс олборлох нь гэсэн мэдээлэл одоо ч олны анхааралд байна.

Олон нийтийн сүлжээнд ид яригдаж буй асуудлаар нутгийн иргэдийн санал бодлыг нийтэд дуулгах, тухайн үед юу болсон талаар Хамарын хийдийг зорьж холбогдох хүмүүсээс тодруулав.

“Равжаа хутагтын ерөөл тавьж, номын буян оршоосон энэ газрыг хөндөж байгаад гай зовлон дуудах вий. Хутагт хувилгаадын ном бясалгасан газар догшин байдаг юм. Компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулж, ай саваар нь төрийн тусгай хамгаалалтад авахыг хүсэж байна” хэмээн хамба лам Ц.Дөш гуай сэтгэл зовнин өгүүлэв.

Нутаг орондоо нэр хүнд хүлээсэн өвгөн ламын сэтгэлд харь орны хазгай хэлтний үйлдэл огтоос ч таалагдсангүй. Сүслэн дээдэлдэг газар орныг нь ухах гэж буй тухай мэдээлэл сонсож л үйл явдлыг баримтжуулан зураг хөргийг нь авч өөрийн чадах бүхнээ хийгээд, энэ асуудлаар цаашид анхаарч арга хэмжээ авахыг хүссэн тухай бичиг шийтгэн аймгийн Засаг даргад явуулжээ.

Хамарын хийдийн хамгаалалтын захиргааны идэвхтэн байгаль хамгаалагч Б.Батцолмонтой уулзлаа. Монгол дээлээ хөөрөглөн бүсэлж,  гар утсаа өвөртөлчихөөд хуучин япон машиныхаа хянах самбарын доохно буй хоёр утсыг хооронд нь холбож машинаа асаагаад хааз нэмэн гишгэх энэ эр идэвхтэн байгаль хамаалагчаар гурван жил ажиллаж байгаа.

Хятад  компани  2017 оны 11 дүгээр сараас  хайгуулын ажил хийж эхэлсэн. Очоод уулзахаар ямар ч баримт бичиг үзүүлдэггүй, шалгаж ч болдоггүй байдалтай байсан тул тухайн үед сумын захиргаа, хууль хяналтынханд  мэдэгдэж байлаа. Харин  шинэ оны дараахан 10-аад хоногийн өмнө хятадууд ирж буулаа гэх мэдээллийн дагуу очиж уулзахад мөн л ямар ч бичиг баримт байхгүй, хариуцах эзэнгүй хэдэн хятадууд ирчихсэн байсан.

Машин тэрэг, шатахуун хадгалах сав, хээрийн кемптэйгээ дэргэд нь гэнэт л буучихсан хятад хүмүүсийн хэдхэн өдрийн үйл явдал нутаг орны иргэдийн ч сэтгэл санааг  цочроосон тухай тэрээр зам зуур ярив. Бид  хятадуудын кемп байрлаж байгаа газар очсон.

Хятадын хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” ХХК  Шамбалын орноос зүүн хойш долоон км-т Модтой ам хэмээх газар арваад хоногийн өмнө анх ирж буудалласан ч удалгүй нутаг орны иргэдийн санал гомдол, орон нутгийн засаг захиргааны шахалт шаардлагаар тухайн газраасаа зүүн тийш хэдхэн км-т нүүж байршжээ.

 “Даблью Эс Жи Эл” ХХК-ийн хятад ажилтнууд 2019.01.17.

Анх буусан газарт нь очиход орчуулагч гэх монгол залуу олигтой тайлбар өгөөгүй. “Би зөвхөн орчуулагч хийдэг. Захирал нь байхгүй болохоор бодит мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ хүмүүс бизнесийн визээр Монголд ирсэн.Үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд хятад ажилчид хөдөлмөрийн визээр орж ирэх юм” гэв.

Уг газарт зургаан шатахууны ёмкост, хэдэн контейнер, цахилгаан үүсгээр гаргах генератор байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр 15 хятад иргэн ирснээс нэг нь бичиг баримтын зөрчилтэй байжээ.

Малчин Б.Нямхүү

Говийн элсэн  толгод дундуур энхэл донхолтой замаар явсаар Сайншанд сумын гуравдугаар багийн малчин, Хамарын хийдээр нутагтай Б.Нямхүүтэй уулзлаа. Хүүхэд бага наснаасаа эхлэн өдийг хүртэл аж төрж байгаа тоонот нь энэ нутаг аж.

“Хараач, хүнд даацын тэрэгний арзгар том  дугуй говийн эмзэг хөрсийг эргүүлж хэд хэдэн салаа зам үүсгэчихэж. Өмнө нь манай нутагт ийм том машины мөр байгаагүй юм. Урьд цагт бид мал барьсан чононоос айдаг байлаа.Харин одоо чононоос биш машинтай хүнээс айдаг  болох нь. Энэ газар орныг бүхэлд нь хамгаалах хэрэгтэй.

Том даацын машин үүгээр нэг хоёр удаа явахад л газрын хөрсийг суллаж тоос шороо үүсгэж байна. Ухаад эхэлбэл энэ газар орон юун энергийн тав байтугай нүүрсэнд дарагдсан нүцгэн газар болж хувирна. Зундаа бүрдтэй, ус элбэг болохоор  малын идэш сайтай, мал бэлчээрлэхэд таатай нутаг. Одоогоор энд долоогоос найман айлын 6000 орчим мал идээшилж байна.

Жаахан цас орчихвол зээрийн сүргээс өгсүүлээд мал ихсээд ирдэг гэв.  Энэ нутаг Сайншанд.Өргөн Эрдэнэ сумын зааг нутаг аж.  Газар нутгийг маань ухах гэнэ гэж нутгийн олноос сонсоод санаа зовнин хүрээд ирлээ гэх Дамбийнямын Мядагмаа гуай энэ нутгийн уугуул. “Миний өвөг дээдэс энд нутаглаж байсан юм. Өвөлжөө, хаваржаа, амны ус, малын бууц бий.

Энүүхэн зүүн хойно бидний шүтэж залбирдаг шүтлэгтэй овоо Сүмийн булаг  овоо бий. Улс орон маань эзгүйдээд байна уу? эрхтэн дархтан үүнийг хийгээд байна уу? Бага наснаасаа өдийг хүртэл аж төрж амьдарч буй тоонот минь юм шүү дээ” гэв.

Компанийн үйл ажиллагааг зогсоов

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр тухайн компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2009 онд цуцалсан ч компани Шүүхэд хандаж тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн.

Өргөн, Сайншанд, Эрдэнэ зэрэг сумын зарим газрыг хамарсан тусгай зөвшөөрөлтэй 25 мянга орчим газрын 8.9 га нь Сайншанд сумын Хамарын хийдэд хамаарч байна. Хамарын хийдийн орчмын газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014.07.30-ний тогтоолоор Хамарын хийд орчмын 45200,38 га талбайг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авч 2014.09.22-нд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд 45164,38 га талбайгаар бүртгэжээ.

Гэвч аймгийн тусгай хамгаалалттай Хамарын хийдийн талбайтай “Оуяашиёоу”ХХК –ийн ашиглалтын талбай давхцалтай байгаа гэх.

“Даблью Эс Жи Эл” ХХК нь хэдийгээр ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй төдийгүй орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваагүй зэрэг уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах наад захын зөвшөөрөл бичиг баримтыг бүрдүүлээгүй байжээ.

Тиймээс аймгийн МХГ, Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар “Даблью Эс Жи Эл” ХХК-ийн төлөөлөл оролцсон уулзалт Өргөн суманд нэгдүгээр сарын 17-нд болж хууль зөрчсөн үйл ажиллагаагаа даруй зогсоохыг шаардаж, албан бичгээр шаардлага тавьсан байна. Шаардлагын дагуу тус компани кемп, шатахууны ёмкост зэргийг буцааж татжээ.

Мөн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газарт тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай  хүсэлтээ албан бичгээр илгээжээ.

Эрх шилжүүлэх нэрээр лицензээ худалддаг  уу?   ​

Одоогоос 12 жилийн тэртээ буюу 2007 оны  08 дугаар сарын 03-нд “АОЛК”ХК Хамарын хийд орчимд нүүрсний хайгуул явуулах тусгай зөвшөөрөл,  2007 оны арван нэгдүгээр сарын 08-нд ашиглалтын  тусгай зөвшөөрлийг тус тус авч байсан.

Гэтэл “АОЛК”ХК тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Оуяашиёоу”ХХК-д шилжүүлсэн байдаг. Мөн дээрх компани тусгай  зөвшөөрлөө хоёр хувааж 16301,21 га талбайг “Даблью Эс Жи Эл” ХХК-д 2018.06.13-нд, 8921,23 га талбайг “Олон ихт баян”ХХК-д  2018.11.22-нд тус тус шилжүүлсэн байна.

Анх авсан тусгай зөвшөөрлөө өөр  компанид, нөгөөх нь бас дахин  шилжүүлдэг нь далдуур лицензийн наймаа явагддаг байхыг үгүйсгэх аргагүй гэх.Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн,Эрдэнэ сумын нутагт анх  АОЛК”ХК хайгуулын тусгай зөвшөөрөл авч байсан бол эдүгээ лицензийг хоёроос гурван компанид дамжуулан шилжүүлжээ. Гэтэл “Даблью Эс Жи Эл ХХК  уг тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 гектар талбайг хэсэгчлэн авч “Олон ихт баян ХХК-д шилжүүлсэн. Ингээд үзэхээр Хамарын хийд орчмын аймгийн тасгай хамгаалалттай газарт “Даблью Эс Жи Эл ХХК-иас гадна  дахин нэг зөвшөөрлийн асуудал яригдах болно.

Дорноговийн нэгэн нэрт сэтгүүлч Зүүнбаянгийн нефтийн тухай өөрийн нийтлэлдээ нефть дээр төрж, нефть дээр тоглож, нефть дэрлэн нойрсох хувь заяа хэмээсэн байдаг. Гэтэл хамарын хийдийн орчим нүүрс элдэв төрлийн ховор элементтэй гэдгийг дээхнэ үеэс хууччуулын ам дамжсан яриа баталдаг байжээ.

Халуу  төөнөсөн зуны цагаар  нүүрс  буй хэсгээр их халж дээгүүр нь давхисан морьтой хүн бүдэрч унадаг байсан тухай яриа чих дэлсэх.

Гэлээ ч  олноо энергийн төв гэгддэг Хамарын хийдийн орчмын газарт  нүүрс олборлохоор эрхээ авсан тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа. Одоохондоо тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тул ч  хэзээ ч ирж үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаа  гэдгийг санах хэрэгтэй.

2019он.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button