Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор захирамж гаргав
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан зарим арга хэмжээг авч ажиллах талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргалаа.
Захирамжаар цар тахлын нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт халдварын тархалтын “Улаан түвшин”-д Хатанбулаг сумыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 15.00 цагаас ирэх 04 дүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл шилжүүлэв.
Аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов. Согтууруулах ундаа, худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, иргэдээс архи, согтууруулах ундааг хууль бусаар худалдан борлуулахыг таслан зогсоох, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Захирамжид корона вируснээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих халамжаа дээшлүүлэх, хүүхдийг гадуур гаргахгүй, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг зөвлөсөн байна.