Дорноговь-90 жил

Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ

Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн ардын засгийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны тавдугаар сарын 20-23-нд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралджээ.

Их хуралд 23 сумаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын цэргийн ангийн болон нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний товчоо, хамтралын төлөөлөгчийн газар, шуудан хороо, 18 дугаар коператив, бага сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.

Их хурал аймгийн байгуулалтын түр хороог татан буулгаж, аймгийн яамыг байгуулснаар Монгол орны зүүн өмнөд хязгаар нутагт Дорноговь аймаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй Хаяа Cайн- Уснаас аймгийн төвийг 70-н тэмээн хөсгөөр нүүлгэн тэр үеийн Их дулаан уулын хошууны төв байсан Далай Сайншанд худгийн дэргэд төвлөрүүлсэн тухай сударт тэмдэглэсэн байна.

Эдүгээ үйлдвэр барих газар Алтанширээ сумын Хаяа баг. Урд дэнж дээр 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк” ажиллаж буй. Харин хойд хэсэг Сайн-Усны говьд газрын гүнээс ус оргилж байдаг бол Бор хөөврийн говь хэмээх усны арвин нөөц бас л энд буй. Энд усны арвин их нөөц буйг гидрогеологийн шинжлэх ухаан нотолсон бол үүнээс өмнө XVIII зуунд говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа “Хөлгүй их устай газар байна, бум олныг ундаалах юм” гэж шинжсэн яриа нутгийнхны амнаас ам дамжин үлджээ.

Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу хэмээх энэ суманд нэгэн үед Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дууч аж төрж, Хондогын 2О босоо гэх бөхчүүд нь наадам чимж байжээ.

Номч мэргэнээрээ алдартай гэвш Анги Шагдарын гэрийн буурь мөн л энэ суманд байх. Алтанширээ сумын “Саруул  зам” нэгдлээс Д.Наваан–Осор анх БНМАУ-ын аварга малчин болсон бол сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан Д.Даваасамбуу хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг.

Энэ нутгаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Намжилзав, Б.Чимэд, эрдэмтэн Л.Нацагдорж, ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б, Догмид,  соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян, Ш.Гүрбазар, А.Шартолгой, гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв нарын олон сайчууд төржээ.

Эдүгээ Алтанширээ сум шинэ үеийн хөгжлийг түүчээлж газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор түүхийн хуудсыг зузаалж байна. Дорнодоос татах нефть хоолой хийгээд төмөр зам, авто замын хос хөдөлгүүр бүхий дэд бүтцийн ашигтай байршил нь Алтанширээ сумыг хүнд үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх боломж олгож буй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button