НийгэмОнцлох мэдээ

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал гэрийн ажлыг хуваалцахаас эхэлнэ

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал сул байгааг судалгаа баримтууд харуулдаг. Хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-ын нийт суудлын 17 хувийг л эзэлж байна. Гэтэл дэлхийн дундаж 25 хувиас давсан байгаа юм. Сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын жендэрийн мэдрэмжгүй байдал, нийгэмд байгаа хэвшмэл ойлголтууд зэрэг олон хүчин зүйл эмэгтэйчүүдийн улс төрийн  манлайлалд саад тотгор болдгийг судлаачид онцолдог.

Доктор Ш.Батсүх, судлаач Л.Бямбаханд нарын хийсэн “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс” судалгаанд оролцсон жендэрийн экспертүүд нийгэмд оршиж буй жендэрийн хэвшмэл хандлага эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлагч суурь хүчин зүйл хэмээн үзжээ. Тэгвэл эмэгтэй улс төрчдийн зүгээс гэр бүлийн үүрэг хариуцлага, ажил-амьдралын тэнцвэрийг хадгалахад тулгардаг бэрхшээлүүд хамгийн том саад тотгор болдгийг уг судалгаанд тэмдэглэсэн байна. Үнэндээ энэ нь нэг утасны хоёр үзүүр болохыг энэхүү бичвэрээр харуулахыг зорилоо.

“Манай эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо сул байгаа нэг шалтгаан нь гэртээ зарцуулах цаг хугацаа их байдагт оршиж байгаа юм болов уу гэж боддог” хэмээн Дорноговь аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Адилбиш хэлэв. Тэрбээр 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа төлөөлөгчдийн оролцоо, манлайллын чиглэлээр мэдлэг олгох сургагч багшаар ажиллаж байсан. Монгол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2-9 дахин их цаг хугацааг гэрийн ажил, хүүхэд асрах гэх мэт хөлсгүй хөдөлмөрт зарцуулдгийг Үндэсний Статистикийн хорооноос 2020 онд гаргасан Цаг ашиглалтын судалгаа харуулжээ. Тухайлбал, 18-24 насны гэр бүлтэй эмэгтэй өдөрт зургаан цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байхад ижил насны гэр бүлтэй эрэгтэй ердөө 45 минут зориулж байгаа юм. Судалгаанаас харахад 25-39 насны эмэгтэйчүүд өдөрт таван цаг, 40-59 насныхан 4.3 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна.

“Залуу байхад хүүхэд төрүүлээд гэрийн ажилд цаг зарцуулдаг байсан бол хүүхдүүд том болох тусам амьдралд байр суурь нэмэгдэж улс төр, нийгмийн амьдралд илүү цаг гаргах боломж бүрддэг” хэмээн Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бага хурлын гишүүн, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаа хэлэв. Тэрбээр нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж буй. Дутуу төрсөн олон нярайг хүн болгож эх үрийн баяр жаргал эдлүүлсэн тэрбээр эмчийн ажлынхаа хажуугаар аймгийн ИТХ-ын сүүлийн хоёр удаагийн сонгуульд нэр дэвшиж сонгогдон нийгмийн чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм.

 

“Хэн нэгэн нь гэртээ илүү цаг гаргах биш, хамтдаа ойлголцож ажиллавал бүтээмж өндөр байх болно” хэмээн У.Энхмаа хэлээд, “Миний амьдрал ийм л жишгээр явж байна” гэсэн. Тэрбээр нийгмийн бодлогын асуудалд дуу хоолойгоо хүргэх,  сумандаа царцаагдаад байсан Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгыг ашиглалтад оруулах зорилго өвөртөлж 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон ажилласнаас хойш аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр сумын эмнэлгээ ашиглалтад оруулахад ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсныг хамтран зүтгэгчид нь ярьдаг.

Эдүгээ Замын-Үүд сум стандарт шаардлага хангасан эмнэлгийн барилгатай болсноос гадна Улаанбаатарт буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр яг одоо бүх тасаг кабинетаа тохижуулах томоохон төсөл хэрэгжүүлж байгаа юм.“Аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой дутагдаж байна. Эмэгтэйчүүд олноор сонгогдсоноор эрчүүдийн олж хараагүй чимхлүүр зүйлд дуу хоолойгоо далайцтай хүргэх боломж бүрдэнэ” хэмээн У.Энхмаа тэмдэглэв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Марал шанд” ХХК-ийн захирал, Дорноговь аймгийн НАМЭХ-ны тэргүүн Д.Сансардулам ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Дорноговь аймаг өрсөлдөх чадварын хувьд Монгол Улсын шилдэг аймгаар сүүлийн гурван жил шалгарч, 2021 оны үзүүлэлтээр тэргүүн байрт эрэмбэлэгдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, түлхэц их байсныг тэрбээр онцолсон юм. “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны хүртээмж, улс төрд оролцох боломж зэргийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олонх болж нийгэмд тулгамдаад байгаа олон асуудалд анхаарал хандуулж чадна. Аливаа асуудалд анхаарч дуу хоолойгоо хүргэх, бодлогод нөлөөлөх, үр дүнг нь тооцож төлөвлөлт хийхэд эмэгтэй хүмүүсийн нарийн мэдрэмж хамгийн чухал гэдгийг Д.Сансардулам өгүүлсэн.

Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын хүйсийн харьцааг харвал 554 эмэгтэй, 259 эрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, аймаг сумын ЗДТГ, бусад төрийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо илүү байна. Гэтэл тус аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2004-2008 онд хамгийн дээд буюу 30 орчим хувьтай, 2012-2016 онд хамгийн бага буюу дөрвөн хувьтай, 2020 оны сонгуулиас хойш өнөөгийн байдлаар 21 хувьд хүрчээ. Уг нь төлөөллийн байгууллагад эмэгтэй эрэгтэй хүмүүс тэнцвэртэй оролцвол асуудлыг олон талаас нь харж шийдэж чадахыг мэргэжилтнүүд онцолж, улс төрийн амьдралд оролцохыг хүсэж зорьсон л бол хүн хүйсээсээ болж хязгаарлагдах ёсгүйг сануулдаг. Гэтэл улс төрд эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад цөөн байгааг албаны хүмүүсээс тодруулсан юм.

“Хүмүүс сонгуульд нэр дэвшихэд сонгогчид тэдний эзэмшсэн мэргэжил боловсрол, ажлын туршлагыг юун түрүүнд хардаг юм шиг байна. Эмэгтэйчүүд маань бакалаврын боловсрол эзэмшиж ирээд гэр бүл зохиож ар гэртээ цаг зарцуулах нь их. Тэр утгаараа боловсролоо цаашид ахиулах тал дээр  дутмаг байдаг юм болов уу” хэмээн Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хэлэв. Аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид өөрсдийн эзэмшсэн мэргэжил, ажлын онцлогоос шалтгаалан хороодод хуваагдан ажилладаг байна. Эрүүл мэнд, боловсрол, уул уурхай зэрэг өргөн хүрээний салбарын ажлаар шалгалт явуулах, тодорхой ажил зохион байгуулахад Ажлын хэсэгт нь эмэгтэй  төлөөлөгч нараа хуваарилж ажиллуулдаг талаар Б.Ганзориг онцолсон юм.Хурлаас баталж байгаа бодлого шийдвэрт эмэгтэй хүн илүү нухацтай хандаж, асуудлыг гярхай ажиглах давуу талтай хэмээн онцлоод, “Тиймээс төлөөллийн байгууллагад цаашдаа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн оролцоо 50:50 хувьтай болохыг үгүйсгэхгүй” гэв.

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал сул байгаа нь тэдэнд нийгмийн зүгээс оноосон хэвшмэл ойлголт их байдагтай холбоотойг Хүний эрхийн үндэсний комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ тайлбарласан. Эмэгтэй хүн гоё ганган байх, хөөрхөн байх, ажилтай орлоготой байх, хүүхдээ харах, нөхрөө халамжлах, гэр орноо цэмцгэр байлгах, ажил тараад очиход хоолоо хийчихсэн байх ёстой гэсэн  хандлага их байдаг нь  эмэгтэй хүнийг амжилттай явахад саад болдог хэмээн Ч.Нандин-Эрдэнэ хэлсэн юм. Нийгмээс оноосон энэ мэтийн үүрэг хариуцлага, хэвшмэл ойлголтуудаас болж сонгууль болохоор эмэгтэйчүүдийн гаднах өнгө үзэмж, биеэ авч явах байдлаас эхлээд эмэгтэй хүний нэр төрд халдах, гутаан доромжлох зэрэг нь түгээмэл байдаг аж.

Гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш хөдөлмөрлөж байж тухайн гэр бүл амжилттай явах үндэс болдгийг Ч.Нандин-Эрдэнэ мөн онцлоод, “Гэрийн ажлаа хувааж хийх нь  гэр бүлийн гишүүд бүгд хөгжиж дэвжих боломж бүрдүүлнэ” гэв. Эрэгтэйчүүд гэрийн хөдөлмөрт эмэгтэйчүүдийн адил оролцсоноор наад зах нь зөв хооллолтын мэдлэгтэй болж, дундаж наслалт нь ч нэмэгдэх боломжтойг тэрбээр өгүүлсэн. Ер нь эрэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд асрах зэрэгт цаг их гаргаснаар эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөхийг олон улсын судалгаанууд харуулсаар байна.

Аливаа нийгэмд амьдран буй хүмүүсийн ялгаатай тал, өвөрмөц онцлогийг ойлгож, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого боловсруулах нь чухал байгааг албаныхан өгүүлсэн. Тэгэхээр төлөөлийн ардчилал буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад салбар бүрийн төлөөлөл, нийгмийн давхарга бүрийн төлөөлөл оролцож үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулснаар нийгэмд үр өгөөжтэй зөв шийдвэр гарах үндэс тавигдах билээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button