“Түмэн айл инвест” ХХК Монгол Улсын холбогдох олон хууль тогтоомжийг зөрчжээ
Дорноговь аймгийн Мандах сумын Алхан тээг, Баянхошуу багийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Түмэн айл инвест” ХХК энэ оны дөрөвдүгээр сарын 09-нд нүүрс олборлохоор машин техникээ авчирч, хээрийн кемп байгуулан газар ухаж эхэлснээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Аймгийн ЗДТГ-аас өгсөн чиглэлийн дагуу “Түмэн айл инвест” ХХК болон иргэдийн зөрчилдөөний талаар сумын Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгч, холбогдох албан тушаалтнууд дөрөвдүгээр сарын 10-нд газар дээр нь ажилласан бол дөрөвдүгээр сарын 11-нд аймгийн Цагдаагийн газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, дөрөвдүгээр сарын 12-нд тухайн компанийн төлөөлөл, Мандах сумын иргэд, холбогдох албаныхан тус тус уулзжээ.
Харин үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга О.Батжаргалын захирамжийн дагуу аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газрын хамтарсан Шуурхай бүлэг энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд Мандах суманд ажилласан байна. Шуурхай бүлгийн дүгнэлтийг албаныхнаас тодруулсныг хүргэе.
“Түмэн-Айл инвест” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 07-нд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалтаар олгож байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 24-нд Довцог худаг нэртэй MV-021530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Шуурхай бүлгийн ахлагч, Дорноговь аймгийн МХГ-ын Байгаль орчин, дэд бүтэц, хөгжлийн хяналтын хэлтсийн дарга
Д.Төмөрбаатар: Асуудлыг шийдвэрлэж дуустал компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Шуурхай бүлэг Мандах суманд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж зохих шатны шалгалт явуулж шаардлага хүргүүллээ.
Тухайлбал, уурхайн талбай дээр байх шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангахгүй буюу дутуу баримт бичгүүдтэй, газрын төлөв байдал чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт байгаа боловч тайлан байхгүй. Газар ашиглуулах гэрээ, ус ашиглуулах дүгнэлт, гэрээ зөвшөөрөл байхгүй, архелоги палентлогийн судалгааны дүгнэлтийг хавсаргасан боловч тайлан байхгүй, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байхгүй.
Сумын Засаг даргын газар олгосон захирамжийн асуудал нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг сумын ИТХ-аар хэлэлцүүлж баталгаажуулсан эсэхийг цагдаагийн байгууллага тогтоох. Мөн газар эзэмшүүлэх шийдвэр нь хууль зөрчсөн байх магадлалтай тул энэ асуудлыг шийдвэрлэж дуустал компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.
Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга
Ц.Оюунсайхан: Компани газар ашиглах гэрчилгээгээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй
Мандах суманд байдаг арван наймын Богд уулыг УИХ-аас 2011 онд улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулсан. Харин “Түмэн айл инвест” ХХК-ийн хамааралтай тусгай зөвшөөрөлтэй газар нутаг Арван наймын богд уулаас 4.9 км-ийн зайтай байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ашиглалт, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг хэсэгт газар ашиглах эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгүүлд бүртгүүлсэн байх ёстойг хуульчилсан байдаг. Тус компани газар ашиглах гэрчилгээгээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй нь тогтоогдсон. Тэгэхлээр холбогдох Захиргааны шийдвэр гарах хүртэл тус компанийн үйл ажиллагааг хориглох шийдвэрийг холбогдох чиг үүргийн байгууллага гаргасан байгаа.
Дорноговь аймгийн БОАЖГ-ын уул уурхай, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
Д.Болормаа: Асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхээр санал оруулахад иргэд дэмжээгүй
Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ бол уурхайн үйл ажиллагаа явагдах үед болзошгүй сөрөг нөлөөллүүд гарахыг урьдчилан тооцоолж үүнийг бууруулах, арилгах арга хэмжээ зохион байгуулах зорилготой суурь баримт бичиг юм. Нарийвчилсан үнэлгээг “Мейк грийн” ХХК хийсэн байна.
“Түмэн айл инвест” ХХК нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн холбогдох заалтад төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан байдаг. Гэтэл байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцдаа Алхан тээг, Баянхошуу багийн Иргэдийн нийтийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулахад иргэд дэмжээгүй гэсэн хурлын тэмдэглэл баримт бичигт хавсаргасан байна.
Дорноговь аймгийн ЦГ-ын Экологийн асуудал хариуцсан Эрүүгийн ахлах мөрдөгч
Цагдаагийн ахмад А.Ууганбаяр: Нийтийн хэв журмыг хангах ажлыг зохион байгуулсан
Цагдаагийн байгууллагаас уг асуудлын хүрээнд газар дээр нь ажилласан бөгөөд улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Цагдаагийн газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Мандах суманд ажилласан. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Мандах есөн гайхамшиг” ТББ-аас гаргасан жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг сумын Засаг дарга бүртгэж зөвшөөрөл өгсөнөөр цуглаан болсон.
Жагсаал цуглаан зохион байгуулж буй асуудлын хүрээнд хууль дүрмийг сахиулах, нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх мэдэгдлийг жагсаал цуглаан зохион байгуулагчдад өгч тэдний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Мөн энэ хугацаанд Мандах сумын нутаг дэвсгэрт иргэд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа гэх мэдээллийн мөрөөр ажиллахад иргэд, компанийн удирдлага хооронд зөрчилдөөн үүсч техник хэрэгсэл явуулахгүй байх, түүнийг саатуулах, улмаар хүний бид харилцан гар хүрсэн байж болзошгүй мэдээлэл гомдлыг хүлээн авч шалгаж байна.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал: Түр кэмп ажиллуулахтай холбоотой Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гарсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байна
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Шуурхай бүлэг Мандах суманд ажиллаж үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, компани, холбогдох хүмүүсийг байлцуулсан уулзалт хийлээ. Асуудлыг газар дээр нь шалгаж зохих дүгнэлт, ажлын үүрэг чиглэлийг өгсөн. Мөн сумын Засаг даргын захирамжаар кемп ажиллуулах түр зөвшөөрөл олгогдсон асуудал болон тус шийдвэрийн хүрээнд тухайн компани кемп байгуулах нөхцөл бүрдсэн гэдэг зүйл яригдсан бөгөөд Ажлын хэсэг зохих шалгалтыг хийсэн.
Түр кэмп байгуулахтай холбоотой шийдвэрийн талаар хуулийн байгууллага шалгах ажлыг эхэлсэн байна. Энэ компани 2014 оноос хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн байгаль орчны найрийвчилсэн үнэлгээ хийлгэх асуудалтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр Алхан тээг, Баянхошуу багийн Иргэдийн нийтийн хуралд хандахад иргэд нь дэмжээгүй байна.
Аймгийн Засаг даргын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж цаашид аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд албан ёсны мэдэгдэл хүргүүлж байна. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаараа далимдуулж орон нутгийн иргэдийг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдахыг зөвшөөрөхгүй. Хэрэв ийм зүйл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Аливаа уул уурхай явуулахад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө тухайн орон нутгийн иргэдэд нээлттэй мэдээлж, хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгаж, ИТХ, Засаг дарга асуудлаа танилцуулж зохих зөвшөөрлөө авч тухай сумын Засаг даргатай ус ашиглах, газар ашиглах гэрээг албан ёсоор байгуулж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Шаардлагатай баримт бичгийн бүрдэл байхгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжгүй шүү. Нөгөө талаар ард иргэдэд хандаж хэлэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сумын Засаг дарга, сумын ИТХ олгодоггүй.
Бидэнд тийм эрх хэмжээ байхгүй. Хуулиар ч олгогдоогүй. Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгодог. Иргэдээс тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах олон өргөдөл гомдол ирж байна. Бид асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжлах болно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Шүүх шийдвэрлэх боломжтой.
Гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөл аваагүй байж үйл ажиллагаа явуулсан дээрх компанийн үйл ажиллагааг шалгаж холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг ажил хариуцсан байгууллагуудад үүрэг болгосон. Мөн сумын удирдлага энэ асуудалд хэрхэн яаж ажилласан талаарх дотоод хяналт, дүгнэлтийг гаргаж хариуцлагын асуудлыг ч ярих байх. Мөн энэ компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний асуудлыг БОАЖЯ-нд уламжилж тодорхой мэдээлэл авахаар албан тоот ч явуулж байна гэв.
Мандах суманд үүсээд буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийнхэн дээрх мэдээллийг өглөө. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх аж ахуй нэгж нь хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь баталгаажуулж газар ашиглах хүсэлтийг Мандах сумын Засаг даргад хоёр удаа ирүүлснийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар сумын ИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхэд дэмжээгүй байна. Мөн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх асуудлын нэг хэсэг нь тухайн иргэдийн саналыг авч тусгасан байх шаардлага бөгөөд харин үүнийг иргэд хэлэлцээгүй аж. Гэтэл БОАЖЯ-наас Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг баталсан байна. Ус ашиглах боломжит нөөцөө тодорхойлсон ч ус ашиглах мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь гараагүй байхад үйл ажиллагаа явуулжээ.
Үргэлжлэл бий.
Бид үүнтэй холбоотой мэдээллийг дахин хүргэх болно.