Онцлох мэдээ

У.Энхтайван:Газар нутгийнхаа төлөө үхэх цаг нь ирсэн бол үхье л дээ, бид ялагдмааргүй байна

Дорноговь аймгийн Мандах сумын малчид нутагт нь нүүрс олборлохоор ирсэн “Түмэн айл инвест” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцэл өрнүүлээд байгаа. Харин аймгийн МХГ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг тус компанийн үйл ажиллагааг  шалгаж Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь  түр зогсоогоод байгаа юм. Мандах сумын  тавдугаар багийн иргэн Ухнын Энхтайваныг Сайншандад ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулах уу?

Намайг Ухнын Энхтайван гэдэг. Дорноговь аймгийн Мандах сумын уугуул. Төрсөн цагаасаа хойш л энэ нутагт ботго гүрвэл хоёртой тоглож өссөн дөө.Эдүгээ 68 нас хүртлээ нутагтаа амьдарч байна.

“Түмэн айл инвест” ХХК танай суманд анх хэдэн онд ирж өрөмдлөг, хайгуулын үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бэ?

Энэ компани 2017 онд манай сумын нутагт анхны хайгуул хийсэн байдаг.Анх хайгуул хийж эхлэхэд нь нутгийн залуус очиж юун тухай ямар хайгуул хийгээд байгааг асуухад “Танай говь нутаг усгүй юм байна. Та нарт элбэг худаг гаргаж өгөх гэж байна” хэмээн геологич Дашхорол гэдэг хүн хариулж усны хайгуул хийж буй нэрээр нүүрсний хайгуул хийсэн байдаг. Удалгүй “Би Дорноговийн Мандах суманд нүүрсний том орд илрүүллээ” хэмээн хүмүүсээс хөрөнгө босгосон шиг байгаа юм.

Хэсэг хугацаанд чимээгүй болж байгаад 2019 онд дахин ирж өрөмдлөг хийхэд нь бид очиж “Бичиг баримтаа үзүүл, зөвшөөрөл бий юу” гэхэд ганцхан усны гэрээнээс  өөр юу ч байгаагүй. ”Та нар ямар ч бичиг баримтгүй хууль бусаар ажиллаж байна манай нутгаас өрмөө аваад яв” гэж шаардлага тавихад “Тэгвэл  та нар лацдаад яв” гэсэн.  Бид хүний эд хөрөнгийг лацаддаг эрхтэй хүмүүс биш. Та нар техник хэрэгслээ аваад яв гэхэд удалгүй өрмөө аваад явчихсан. Хэрэв  бид техникийг нь явуулахгүй  лацадсан бол сул зогссон тоогоор биднээс мөнгө авах байсан юм билээ.

Компанийнхан дахин хэзээ ирэв?

Ноднин жилийн 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө газар ухахаар 40 гаруй хүн маш олон хүнд оврын техниктэй ирсэн. Тухайн үед нутгийн малчид мөн л эсэргүүцэж аймгаас Мэргэжлийн хяналтын албаныхан ирж бичиг баримтыг нь шалгахад хэд хэдэн бичиг баримт дутуу байсан тул энэ газар орныг чөлөөлж үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлагыг албаныхан тавьсан. Гэтэл энэ удаа маш олон хүний бүрэлдэхүүнтэй, олон биерхүү хүмүүс дагуулж техник хэрэгслээ агсаад их бяртай ирлээ.

“Дардан говь” ХХК, “Түмэн айл инвест” ХХК-ийн хүмүүс нь хүртэл ирсэн. Тэд нутгийн арваад хүнийг цааш нь нааш нь түлхэж гэр кемпээ барьсан. Ингээд нутгийн иргэдийг шаардлага тавихаар хөөж туудаг иймэрхүү байдалтай болчихоод байна. Харин компанийнхан бид хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн гэдэг хариу өгдөг. Саяхан аймгийн МХГ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ирж шалгахад мөн л хууль зөрчсөн олон үйлдлүүд гарсан, ноднингийн бичиг баримтын бүрдэл дутуу гэж дүгнэлээ.

Машин техникээ агсаад хөрс хуулахаар ирэх үед нь Та  байсан уу? Чухам юу болсон юм бэ?

Эхний өдөр нь би байгаагүй. Харин хоёр дахь өдрөөс нь тогтмол байсан. Анх ирэхэд нь багийн хэдхэн залуу очиж эсэргүүцсэн. Тэгэхэд 40 гаруй том биетэй хамгаалагч малчдыг ойртуулалгүй тойрч жагсаад гэр кэмпээ буулгаж техникээ байрлуулсан. Та нар 50 метрийн зайд бай гэж шаардсан. Үгүй гэж эсэргүүцэхээр нөгөө том биетэй хамгаалагч нар нь тойрог хүрээ үүсгээд малчдыг түрж холдуулж замаа татсан. Эхний хоёр өдөр ийм л асуудал болсон. Гурав дахь өдөр малчин залуус техник орж гардаг үүдийг нь хааж зогссон. Гэтэл том биетай хамгаалагч нар нь малчин залуусын заримыг нь өргөж холдуулаад, заримыг нь дарж унагаад л  хүч түрэмгийлж асуудлыг шийдсэн.

Том оврын машинаар ачаа буулгасан юм билээ. Гэтэл малчин залуус үүдийг нь хаагаад зогсож байхад зүүн талаар дахиад хаалга гаргаад нөгөө машинуудаа гаргаад эхэлсэн. Тэр үед нь малчид “Бүх ачаагаа ачаад нутгаас минь яв” гэсэн шаардлага тавихад компанийнхан манай залуус руу эхэлж чулуу шидсэн байгаа юм. Тэгтэл малчид эргүүлээд хариу чулуу шидсэн юм байна.Энэ үед малчид тэр үеийн бичлэгийг хийх ухаанаа олохгүй, боломж ч байхгүй байсныг ашиглаж компанийнхан малчдын чулуу шидэж байгаа бичлэгийг хийгээд цагдаад өгчихсөн юм шиг байна.Тэр дагуу  Цагдаагийн газрынхан биднээс мэдүүлэг авах тухай дуудсан бололтой.

Тухайн зөрчилдөөний үеэр хүний биед халдаж бэртэж гэмтсэн асуудал гарсан уу?

Тэр үеэр хүний  биед халдсан асуудал гарсан юм шиг байна.Нэг малчин залуу эсэргүүцэж байгаад гэртээ харьсан. Гэртээ очсоны маргааш нь дөрвөн хавирга хугарч амьсгал авахад хэцүү байна гэсэн мэдээлэл ирсэн. Эмнэлэгт үзүүлж  үнэн худлыг нь тогтоож яаралтай эмчлүүлээрэй гэхэд гэртээ хэвтчихээд ирэхгүй байгаа мэдээлэл байна.

Мандах сумын гаралтай 300 гаруй иргэн тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн  гарын үсэгтэй бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлэв  2022.04.14.

Мандах сумаас хэдэн км-т  “Түмэн айл инвест” ХХК-ийн лицензтэй талбай байна вэ? Нутаг орны онцлогийг та дурдаач?

Мандах сумаас баруун урагш 30 гаруй км-т “Түмэн айл инвест” ХХК-ийн лицензтэй талбай бий. Хөндлөн төмөр замаас хойш арваад км-т. Сумын нэг, хоёрдугаар багийн малчин айлууд нутагладаг, малчдын отрын бүс нутгаар баталгаажуулж айлуудад өвөлжөө хаваржаа олгодоггүй газар л даа. Тэр хавийн бэлчээр нь сайхан, нарийн өвс ургадаг, зарим газраа баглуурга, бударгана ургадаг.

Ан амьтан жигүүртэн шувууд чуулсан говь нутгийн байгалийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг шингээсэн сайхан нутаг бий. Отрын бүс нутгийн бэлчээр дээр дөчин метрийн гүнээс гардаг ганцхан худагтай. Худгаас нэг км хүрэхгүй газар кэмпээ барьчихсан. Тэндээс хөрс хуулалтын ажлыг эхэлж байхад нь бид зогсоосон. Хаврын мал төллөх цагаар малчдын завгүй байдлыг ашиглаж   зориудаар ирж буулаа гэж бид бодож байна.

Өдөртөө хорь гучаад малчин тухайн компанийн техник хэрэгслийг нь харж  үлдэж байна. Хөлсөөр иргэдийн эсэргүүцлийг дардаг том биетэй хүмүүс ажилладаг юм байна. Тэд биднийг хараад ална хядна л гэдэг.Та нарыг алахад амийг нь хэн нэхэх юм гэдэг. Бөхөөр яваад амжилтад хүрээгүй учраас хоолоо олж идэхийн тулд ийм ажил хийдэг хүмүүс байдаг гэж ярьдаг. Тэр нь үнэн байх.

Хамгийн тачир ургамалтай Монголын говьд уул уурхай эрхэлснээр цөлжилт илүү хурдасна. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа гэж дарга нар хүртэл ярьсан шүү дээ.

Газар нутгаа ухуулахгүй гэж тэмцсэн малчдын зарим нь хөлсний хүмүүс байна.Тэд зориудаар турхирлаа гэх яриа гарч байсан?

Тийм зүйл огт байхгүй. Эсэргүүцэж байгаа хүмүүсийн ихэнх нь нутгийн малчид. Зарим нь мань мэтийн чөлөөнд гарсан хүмүүс сумын төвөөс ирж дэмжиж байна. Бүгд л Мандах сумын ард иргэд. Гэтэл биднийг  очиж дэмжихээр нинжагийн толгойлогч гэх нэр хаяг өгөх. Би алт гээч юманд амьдралдаа нэг ч удаа явж үзээгүй. Гэтэл намайг алтны “Нинжа”-гийн толгойлогч гэж цоллоод байдаг. Малчид сүүлийн үед хаврын шороо, шар шуурганаас  сэргийлж эрүүл мэнд, царай зүсдээ анхааран толгойдоо хар малгай шиг даавуу зүүгээд явдаг болсон. Тэрийг л хараад нинжа гэж хэлээд байх шиг.

Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцдаа Алхан тээг, Баянхошуу багийн Иргэдийн нийтийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулахад иргэд дэмжээгүй гэсэн байдаг. Танд тухайн хурлын талаар ямар мэдээлэл байна вэ?

Миний хувьд төвийн багийн иргэн учраас тухайн хуралд суух боломжгүй. Харин ноднин ковид дэлгэрч байх зургаа, долоодугаар сард Иргэний нийтийн хурлыг хийлгэхээр тухайн компанийн удирдлагууд, аймгаас  шахаж  шаардаж байсан. Хүчээр хийх нь ойлгомжтой байсан юм. Компанийн нөхдүүд бүр айлуудаар явж багийн Иргэний нийтийн хурал болно, та нар очиж оролц гээд зарлаад явсан байдаг.  Тэр үед нь хууль бусаар уурхай ухах гэж байгаа компанийн үйл ажиллагааг бид зөвшөөрөхгүй, та нар битгий очоорой гэж хэлчихээд юу ярихыг нь сонирхоод иртэл та нар малчдаа ирүүлсэнгүй гээд загнах маягтай байсан. Компанийн нөхдүүдэд бид энэ нутаг усыг ухуулахгүй гэдгээ хэлсэн.

Газар нутгаа ухуулахгүй гэж малчид эсэргүүцэж байгаа нөхцөлд та нар илүү зардал гаргаж ингэж явах нь дэмий. Авсан тусгай зөвшөөрлөө төрд буцааж өг. Ямар зардал гаргасан тэрнийгээ яаж буцааж авахаа төртэйгөө тохир гэж хэлэхэд биднийг гол толгойлогчид нь гэх мэтээр цоллосон. Тэр үед багийн иргэд цуглаагүй, ямар ч тохиролцоонд хүрээгүй.Удалгүй арван нэгдүгээр сарын үед дахин ирээд сумын  соёлын төвд идээ засчихаад иргэдэд компанийнхаа тухай танилцуулна гэхэд нь багийн малчид бид та нарын танилцуулгыг хүлээн авахгүй гээд очоогүй.

Малчид ч хуралд оролцолгүй соёлын төвийн гадаа байлаа.Тэр өдрийн орой компанийн төлөөлөгч Пүрэвдорж гэх хүн бидэнтэй ирж уулзаад малчдаа оролцуулаач гэж гуйсан. Малчид өөрсдийн сэтгэл зүрхээрээ оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэв та нар энд уул уурхай явуулах гэж байгаа бол Ерөнхий сайдыг уриад ард түмэнтэй биечлэн уулзаад асуудлыг шийд гэдэг саналыг хэлсэн. Харин нутгийнхнаас хэлсэн ярьсан зүйлд нь итгэсэн ганц нэг хүн очиж хуралд нь суусан юм билээ.Тэр үед нь малчид уриа лоозонгоо авч очоод эсэргүүцлээ илэрхийлээд гараад явчихсан.

Та бүхэн энэ асуудлыг аймаг сумын удирдлага,  Засгийн газар, Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн үү?          

УИХ-ын гишүүдэд иргэдийн санал хүсэлт шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тодорхой хариу өгдөггүй юм байна. Харин  аймгийн Засаг даргын хариунд та нарын тавьж байгаа шаардлага хуульд нийцэхгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10 зүйл заалт байдаг. Тэр арван зүйл заалтыг бүрэн баримтжуулж ирсэн тохиолдолд хуулийн дагуу авч хэлэлцэх болно гэж бичсэн байна лээ. Засгийн газарт явуулсан бичгийн хариу ирээгүй. Засгийн газар тухайн албан бичгийн хариуг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд цохож, салбарын сайд нь АМГТГ-т газарт шилжүүлсэн бололтой юм.

Харин АМГТГ-аас УУХҮ-ийн сайдад явуулсан бичигт “Дардан говь” ХХК, “Түмэн айл инвест” ХХК-ийн зөвшөөрөл хуулийн дагуу олгогдсон. Энд ямар ч зөрчил алга гэж бичсэн байдаг.Тэгэхлээр төр нь компаниудтайгаа нэгдэж халаас нэг болчихсон ч юм шиг.

Ард иргэдийн санал хүсэлтийг үнэхээр тоохгүй байна. Төрийн энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөд байгааг мунхаг би гайхаад байна. Тухайлбал, Үндсэн хуульд Монгол Улсын бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Монгол Улсын хил дархан бөгөөд халдашгүй. Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Үнэхээр мал сүрэг төрийн хамгаалалтад байгаа юм бол тэнд байгаа малын бэлчээр, худаг ус мөн л төрийн хамгаалалтад байж хууль жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж ойлгож байгаа.  Гэтэл хууль хэрэгжихгүй байна шүү дээ.

Үндсэн хуулийн 17.2 дахь заалтад монгол хүн хөдөлмөрлөх эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гээд заачихсан. Гэтэл энэ журамт үүргээсээ иргэдийг татгалз гээд байгаа юм уу гэж бодогдоно. Ингээд малчдын эрх ашгийг зөрчиж улайран дайраад байгаа асуудлыг  ойлгохгүй байна даа. Малчид Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж байна. Энэ уурхайг хэзээ ч ухуулахгүй. Хэрэв эл уурхайгаас болж гарсан сөрөг үр дагаврыг танай компани хариуцах уу гэхлээр хариу өгөхгүй, мөн засаг төр хариуцах уу гэхлээр мөн л хариу өгөхгүй байна

Сум орон нутгийн удирдлага уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

Сумын Засаг даргын хувьд төрийн алба хаагч учраас шахалт дарамтад орчихсон юм уу  гэж бодоод байгаа. Сумын Засаг дарга уул уурхай эрхэлж төсөв бүрдүүлнэ гэдэг л зүйлийг хэлсэн. Бидний ойлгосноор энэ залууд дээрээс нь ихээхэн дарамт  шахалт ирж байгаа юм болов уу. Мөн  эрүүгийн гэмт хэргийн шинжтэй муу зүйл хийдэг хүмүүс ч дарамталдаг байж болзошгүй гэсэн хардлагыг хүмүүс ярьдаг. Сумын ИТХ-ын хувьд  энэ асуудлаар зохих ёсны шийдвэрийг гаргалгүй хэд хэдэн удаа  буцаачихаад байгаа. Өөрөөр хэлбэл  сумын Нутгийн удирдлагын багууллага дэмжихгүй байна.

Энэ отрын бүс нутагт уул уурхай эрхэлж, нүүрс олборлолоо гэхэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

Маш их сөрөг үр дагавар гарна. Нэг жишээ хэлье. Мандах, Хатанбулаг, Хөвсгөл сумын зааг нутаг дээр Айл баянгийн нүүрсний уурхай ажиллаж байна. Энэ уурхай ажиллаад хоёр жил болоход уурхайгаас хойш ус байхгүй болсон. Үнэндээ хоёр жилийн дотор ус ширгээд хуурай боллоо. Гэтэл энэ уурхай цааш ажиллаад дөрвөн жил болоход Хүнгэнэхийн ус, Хунхайн ус зэрэг уст цэг  бас л гарахаа больсон. Айл баянгийн уурхай нам дор газар, Хунхайн ус гэдэг нь газар зүйн хувьд арай өндөрлөгт байгаа. Энэ уурхай ажиллаад эхэлбэл ойр орчимд буй Алагийн хэцийн хэдэн энгийн худаг ширгэх нь тодорхой. Одоо ухах гээд байгаа газар буюу Хошуун хонд гэдэг газар хонхор хэлбэртэй. Нам дор газрын хөрсийг 20-иод метр ухаж байж нүүрс байгаа газар хүрнэ, үүнээс цааш 50 гаруй метр ухахад өндөрлөг газрын бүх булаг ус шанд ширгэнэ. Ингээд үзэхлээр Мандах нутгийн урд тал бэлчээргүй болж мал амьтан тогтохын аргагүй цөлжилт, тоосжилт үүсч, хөрс нь улаанаар эргэх аюултай.Айлбаянгийн жишгээр харахад  ойр орчмын 30 км-ийн ус ширгэчихээд байхад  Мандах сумыг тойрсон хэдэн булаг ус ширгэхгүй байх баталгаа алга. Усгүй болохоор хүн, амьтан амьдрах аргагүй болно. Ингээд малчид нутгаасаа дүрвэнэ. Ийм л аюул нүүрлэнэ шүү гэдэг шаардлага тавиад байхад тоодог төр засаг алга.

Олон  улсын томоохон судалгаа харж байхад дэлхийн 200 гаруй орноос ойрын үед усгүй болох арваад орны нэрэлэхэд Монгол орчихсон байна. Хамгийн их цөлжиж байгаа 24 орны нэг нь Монгол гэж байна лээ.

Нутаг усаа зориудаар цөлжүүлэх гээд байгаа нь ямар учиртай юм бол.Би үүнд маш их эргэлзэж байна. Энэ талаар О.Батжаргал даргаас асуухад ямар ч хариу өгөөгүй. “Түмэн айл”  инвест ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газрын эргэн тойронд мөн л өөр компани лиценз авчихсан байна. Өнөөдөр мандах сум 17 хайгуулын тусгай зөвшөөрөл, 14 ашиглалтын лицензтэй болчихсон. Энэ 14 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компаниуд зэрэг ажиллаад эхэлбэл Мандах суманд мал сүрэг бэлчиж, зэрлэг амьтан тааваар идээшлэх ямар ч боломжгүй болно. Гэтэл эдгээр тусгай зөвшөөрлүүд нь ард түмний тахьдаг уул хайрхны дэргэд, айлын өвөлжөө хаваржааны дайруулаад өгчихсөн баых жишээтэй.Малчдыг өвөлжих газаргүй, малыг бэлчээрлэх газаргүй болгоод байгаа бодлогыг ойлгохгүй байна.

Уурхай ажиллаад эхэлбэл улсын тусгай хамгаалалттай Арван наймын богд уулын эко системд сөрөг нөлөө үзүүлэх үү?

Нөлөө үзүүлнэ. Тахилгат хайрханаас найман км-т уурхайн лизензтэй талбай бий. Тахилгат хайрхан маань баруун, зүүн тийш 50 гаруй км, урагш хойш тавхан км-т  сунаж тогтсон. Ууландаа 200 гаруй аргальтай, 100 гаруй янгир хэцээ дамжаад л идээшилдэг. Мөн хар сүүлт, хулан хүртэл байна. Уул уурхайн үйл ажиллагаа эхэллээ гэж үзэхэд булаг шанд үгүй болно, зэрлэг амьтад дайжина, ургамал ургахаа болино, цөлжилт үүснэ.

Цаашид Мандах сумын малчин иргэд ямар тэмцэл өрнүүлэх вэ?

Газар нутгаа ухуулахгүй гэсэн тэмцлээ үргэлжлүүлэх болно. Сумын ард иргэд чадах чинээгээрэй л дэмжиж байна. Ингэж зүтгэчихээд бид ялагдмааргүй байна шүү дээ.

 Мань мэт шиг хийдгээ хийгээд үздэгээ үзсэн хүнд айх юм алга. Нутаг усныхаа төлөө үхэх цаг нь ирсэн бол үхье. Зарим малчид маань гэрээслэлээ үлдээгээд эхэлчихсэн сураг сонсогдоно.

 Саяхан Мандах сумын гаралтай 300 гаруй хүний гарын үсэгтэй шаардах бичгийг аймгийн Засаг даргад уламжилсан. Яаж шийдвэрлэхийг харж сууна. Энэ асуудлаар Улаанбаатарт буй Мандах сумын гаралтай нутгийнхны уулзалт болсон. Хамгийн гол нь бид байгаль орчны чиглэлээр, малчин ард түмний эрхийг хамгаалах найдвартай сайн өмгөөлөгч авч ажиллуулахыг хүсч байна. Энэ уурхайг ажиллуулаад улс хэдэн тэрбумаар хэмжих төгрөг олж болох байх л даа. Гэхдээ уурхай ажиллуулсаны дараа гарах үр дагавар, төлөх төлөөс нь үүнээс илүү байх болно. Тэр үед засаж залруулах гээд хэчнээн хичээгээд ч оройтсон байж магадгүй.

2022.04.15

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button