Онцлох мэдээ

Зэрлэг хулан аймгийн төвд орж иржээ

Монголын говийн баян бүрд, элсэн манхан, уудам талд нутагладаг зэрлэг амьтдын нэг хулангийн сүрэг Дорноговь аймгийн Сайншанд хотод орж иржээ.

Сайншанд хотын хоёрдугаар баг Мандах наран хорооллын ойролцоо бэлчиж яваа хулангийн байдлыг зурагт харуулсан юм.

 

Энэ жил Дорноговийн ихэнх нутгаар цас орж хүйтэрснээс үүдэж мал болон зэрлэг амьтдын хувьд хүндхэн өвөл болж байна. Хүний бараа бүү хэл салхи шуугихад тоос хөдөлгөн давхидаг хулан төв суурин бараадаж ирсэн нь бэлчээрийн хомстол, хэт хүйтний уур амьсгалтай холбоотойгоор ихэд ядарч сульдсан харагдана гэж нутгийн иргэд ярив. Сайншандын зүүн болон урд хэсгээр төмөр замын гарам үргэлжилдэг тул хээрийн зэрлэг амьтныг өөрийн бэлчээрт нь эсэн мэнд гаргах ажлыг мэргэжлийн байгууллагууд нь хийх хэрэгтэй байна.

Нэгэнт сульдаж ядарсан амьтныг эзэнгүй ноход хөөж тууж аминд нь ч хүрэх аюултай. Агнахыг хориглосон бөгөөд Монгол орны ховордсон амьтны тоонд зүй ёсоор ордог хулан бол Дорноговь аймгийн өмнөд хэсэг Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах Сайхандулаан сумын нутгаар говийн баян бүрд,  ус, ургамлыг бараадаж нутагладаг. Монголын говийн эко системийг бүрэн илэрхийлэгч амьтан гэж мэргэжлийн судлаачид үздэг.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button