Эрүүл мэнд

Рашаан сувиллын эмч мэргэжилтнүүд эмчилгээ үйлчилгээг сурталчлах өдөрлөг хийлээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Халзан-Уулын рашаан сувиллын эмч мэргэжилтнүүд рашаан эмчилгээг сурталчлах, үр нөлөөг таниулах зорилгоор сувилуулагчдын дунд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр I, II, III цооногийн рашааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, биеийн дархлаа сэргээх таван дасгал, цөс угаахад хийх дасгалыг эмнэлгийн ажилчдын хамт хийж, гарын авлага материал тарааж, халуун аарцаар үйлчилсэн байна. Анагаах ухааны салбарын  эрдэмтдийн  шинжилгээ судалгаагаар рашаан нь төрөл бүрийн өвчин анагаах чадалтай төдийгүй тэр тусмаа чихрийн шижин өвчнийг эмчлэхэд гойд сайн гэгддэг.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Халзан-Уул рашаан сувиллыг аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй нэгтгэсэн нь ардын эмнэлгийг рашаан сувилалтай хослуулан ажиллуулж үйлчлүүлэгчдэд цогц, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээд байгаа юм. Тус сувиллын үйл ажиллагаа улирлын чанартай бөгөөд энэ жилийн эмчилгээ үйлчилгээгээ эхэлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button