Онцлох мэдээ
Дорноговь аймаг, Шизүока мужийн хамтын ажиллагааны хүрээнд “Багш сурагч солиолцооны хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна
Дорноговь аймаг Шизүока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоогоод 12 жил болж байна. 2012 оноос эхэлсэн “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 12 дахь жилдээ хэрэгжүүлэн нийт 516 сурагчид хамрагджээ. Энэ удаагийн айлчлалаар Шизуока мужийн 20 сурагч, таван багш Дорноговь аймагт ирж, туршлага судалсан юм. Багш, сурагчдыг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хүндэтгэн хүлээн авч мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулжээ.
Мө найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны айлчлалаар Шизуока мужийн албаны төлөөллөөр мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Мужийн ЗДТГ Гадаад харилцааны албаны дарга Ёкочи Масүми нар хүрэлцэн ирж, зочдыг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул болон бусад албаныхан хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока мужтай боловсрол, эрүүл мэнд, соёлын салбараар зогсохгүй эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал, нийгмийн бүх салбарт харилцаагаа өргөжүүлэх хүсэлт тавьж, санал солилцжээ.
Багш, сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж Дорноговь аймагт зочлон ирсэн багш, сурагчдыг Сайншанд сумын 6 дугаар сургууль, Сайншанд сумын 5 дугаар сургуулийн багш сурагчид хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлэн Монгол өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор Монгол бичгээр унших, бичих багийн сургалтыг явуулж, хамтран суралцав.
Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь Япон улсаас хүрэлцэн ирсэн сурагчдыг Дорноговь аймагт байх хугацаанд Монгол сурагчид хариуцан хамтран суралцаж, Монгол өв соёл, говь нутгийн онцлогоо таниулахын зэрэгцээ Япон орны соёлыг танин мэдэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Солилцооны хөтөлбөр 3 өдөр үргэлжлэх бөгөөд Шизуока мужийн багш, сурагчид малчин айлаар зочлох, Хамрын хийдээр аялан говь нутгийн онцлог, түүх соёлтой танилцах, бэсрэг наадамд оролцон Монгол өв соёлоос суралцах зэргээр багагүй хугацаанд ихийг танин мэдэж байна. Найрамдалт харилцааны хүрээнд “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийн дагуу Дорноговь аймгийн багш, сурагчид ирэх 10 дугаар сард Япон улсын Шизүока мужийг зорино.