Хамарын хийд рүү зорчих авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо
Коронавируст халдварын ойрын хавьтлын сэжигтэй тохиолдол Сайншанд суманд илэрсэн тул сумын Онцгой комиссоос Хамарын хийд-Хайрхан уулын чиглэлд зорчих авто замын хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 7-ны 06.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Тодруулбал Төв аймагт буяны ажилд оролцсон дөрвөн хүнээс коронавирус илэрсэн бөгөөд тэдний нэгийнх нь ойрын хавьтлын хүн Дорноговьд иржээ. Тухайн хүнээс PCR шинжилгээ авахад сөрөг гарсан байна.
Гэхдээ хариу нь сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол буй учраас тухайн хүнийг гэрт нь тусгаарлажээ.
Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэх автомашины хөдөлгөөн нээгдсэнээр орон нутаг руу ирэх иргэдийн хөдөлгөөн ихэссэн аж.
Дорноговь аймагт энэ оны гуравдугаар сарын 7-ны байдлаар 889 хүн Улаанбаатараас ирж гэрийн тусгаарлалтад байна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнээс болж коронавирусний халдвар эрүүл бүсэд тархах магадлал их байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
2021.03.07.