Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулав
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тавдугаар хурал дөрөвдүгээр сарын 23-нд болж зарим асуудлыг хэлэлцлээ.
Энэ удаагийн хурлаар зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг шинээр байгуулж дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийг баталлаа.
Аймгийн иргэдийг зах зээлийн үнээс доогуур үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах аж.
Мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх, төмөр зам, автозамын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалт Дорноговьд хэрэгжиж буй бөгөөд цаашид аймгийн төсвийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт болон байгаль орчныг нөхөн сэргээх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах “Их говийн хөгжлийн гарц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийг баталжээ.