Долоо хоног бүрийн баасан гарагт нэгдсэн ариутгал халдваргүйтгэл хийнэ
Дөрөвдүгээр сарын 19-нд болсон Дорноговь аймгийн Онцгой комиссын арван хоёрдугаар хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргав.
Хуралдаанаар долоо хоног бүрийн баасан гарагийн 15:00 цагаас аж ахуй нэгж байгууллагууд өмчийн төрөл, хэлбэр үл хамааран эзэмшлийн талбай, ажлын байранд нэгдсэн ариутгал халдваргүйтгэл хийх, Даланжаргалан, Айраг, Сайншанд, Замын-Үүд сумын Засаг дарга нарт босоо тэнхлэгийн авто зам дагуу байрлах хяналтын цэгт ариутгал халдваргүйтгэл хийж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Мөн орон нутгийн бүтээн байгуулалт, хүнсний хангамжтай холбоотой экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнийг тусгай горимоор хилийн боомтоор нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтыг зохион байгуулах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийх, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд хүүхдүүд олноор цугларч байгаатай холбогдуулан хүүхдэд тавих хяналтыг чангатгахаар боллоо.
Хичээл сургалтын үйл ажиллагаа явагдахгүй байгаатай холбогдуулан хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, уул уурхайн компанийн ажилчдаас коранавирусын халдвар батлагдсан болон сэжигтэй тохиолдлол бүрийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх, 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн албан хаагчдыг халах, 2021 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах юм.