Эргэн дурсахуй
Ажнай хуурын татлаганд бурхад ч уярнам, за…
Түшээт хан аймгийн Ачит гүний хошуу 1691 оноос түүхээ эхлүүлж Ардын хувьсгалын үе хүртэл үе залгамжилсан 12 засаг ноёны захируул дамжжээ.
Тэртээх 1924 оны 08 дугаар сарду Ачит гүний хошууг Түшээт хан аймгийн Ёст гүний хошуутай нэгтгэн “Хоёр Өлзийт” уулын хошуу хэмээн нэрийдсэн бөгөөд улмаар хошууг Богд Мандах, Манлай, Баясгалант, Өндөршил тэргүүт сумдад хуваасны учир Мандах сум үүсэн цогцолж 1924 оны 08 дугаар сарын 01-нээ “Хийморьт” хэмээх газар анхны тулгын чулуугаа тулж Төрийн сүлдээ залан тамга түшсэн түүхтэй.
Анхны бууринаасаа Гүн шавагтай, Номт, Дов, Замын дэл зэрэг газраа төвлөрч явсаар 1939 онд өөдлөн дэвжихийн бэлгэдэл бодож “Дөл” хад буюу одоогийн Төхөмд төвлөрчээ. Түүх ингэж эхэлдэг.
Харин түүхийн шаргал хуудсыг зузаатган шинэтгэж байгаль ертөнцийн олон живаа жилийн турш үүтгэн цогцлоосон гал ахуйт наран, байгалийн нөмөр дор хүмүүн болж төрөөд түүхийн санамжинд үлдэн үргэлжлэх их авъяас хүн бүрт тэгш заяадаггүй нь бурхан хоёр төрдөггүй шиг бат үнэн гэлтэй. Авъяасыг тэнгэр эцэг заяаж, хүмүүн эх газрын дуулимд цэнгэн жигүүрлэдэг бус уу.
Цаг хугацааны өвгөн шувуу “Ертөнцийн тэнхим”-д уртын дууны эгшиг томолтыг доторлон дуулах дуучин, морин хуурын аяс хөг жигүүрлэсэн татлагыг сонордохоор АЙ, тэнгэр үйм гүн холоос ирдгийг зүүд зөнгийн буурал хутаг оршоосон оюун санааны толиндоо би харсан хэмээвэл Та олон намайг худалч гэж битгий гүтгээрэй. Тэрхүү өвгөн шувуу авъяаст хүмүүнийг бишрэхийн туйлыг хүн түмэнд харамгүй өгөөд буцаан авахын дохиог үүсгэдэг ЦАГ ХУГАЦАА аж дээ.
Мандахын дагшин оронд авъяасын өмөө өвөртлөн төрсөн энэ хүмүүн хөрстийн дуулимд, түмний уринд халгин жигүүрлэсэн билигт туульч, ерөөлч, магтаалч Зундуйн Чулуунбаатар мөн.
Авъяас билигт хүмүүн тийм л байдаг даа гэсэн тэнгэрлэг араншин нь зарим нэгэн “Мод толгойтон”-д сэнхүү, сэнтэг харагддаг ч байсан байж магад. Гэвч авъяас, авъяастан хоёр бусдад таалагдах гэж ноомой төрдөггүйг он тооллын аль ч цагалбар болоод бичгийн мэргэдийн номнолд сургаагүйг бодох нь ээ үнэн юм даг.
Музей, сургалт судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан болоод байх үес З.Чулуунбаатар ах шуугин орж ирлээ. Явдал учрыг асуун сураглавал, нэгэн дөрөөний эрэлд яваа гэх…
Г. Цагаандэрэм багш /МССТ-ийн захирал/:
-Манай Чука хот руу нэг наадамд явах учиртай болж. Манайд байгаа дөрөөнөөс шилээд ая дантай нэгийг авах юм гэлээ. Сан хөмрөгийн эрхлэгч Г.Сарангэрэл эгчийгээ бараачлан мөрдөж музейн бид Чука ахыг дундаа хийгээд фонд орлоо.
Ардын жүжигчин Н.Дагийранз гуай нэгэн дөрөө өвөртөлж очоод Олон Улсын урлагийн том наадамд ёстой гайхуулсан тухай ярингаа, үзүүлсэн дөрөө болгоныг төмөр савхаар зөөлөн товшиж чимээг нь нүдээ анимаглан сонсож байсан нь саяхан мэт сэтгэлд тод үлджээ. Нэлээн хэдэн дөрөө үзэж, чимээлж байгаад:
-Энэ овоо дөмөгхөн шиг дуугарч байна гэсээр нандигнан авч явсан юм. Тэр дөрөө тэмдэг болзоот газраа очоод аргамаг хүлэг үүрсэн янцзгаах мэт сайхан ая дан үүсгэсэн гэдэгт би дандаа итгэх дуртай.
Чоно нохойтой гэнэдүүхэн таарвал дөрөө түншин дуугаргаж айлгах, дөрөө харшуулан явах гэх мэтээс хэтрэхгүй мэдлэгтэй би ганц дөрөөгөөр тайзан дээр үзэгчдийн өмнө ая дан үүсгээд аялгуу тоглож болдог юм билээ гээд гадаадын аль нэг соёлт орны хүмүүст хэлбэл хоёр гарыг минь зөрүүлж хүлээд солиорсны тэмдэг илэрсэн гээд эмчилгээнд дайчлах ч байсан байж магад. Гэхдээ л Монгол хүний авъяас оюун санаа шиг ээ задгайг дэлхий яахан мэдэх…
Мандах сумын 90 жилийн ой 2014 онд боллоо. Наадмын сүүлийн өдөр тов зарлаж ерөөлч, магтаалч, морин хуурч Хуягбаатарын Данзанравжаа нөхрийн минь аав л ижий хоёртоо хүндэтгэл үзүүлэн тоглох “ГАЛ, СҮҮНИЙ ӨРГӨЛ” анхны тоглолтонд аймгийн төвөөс ерөөлч, магтаалч З.Чулуунбаатар ах, хөтлөгч Э.Цэнд-Аюуш, дуучин А.Шинэчимэг, ерөөлч, магтаалч Х.Данзанравжаа бид нэг баг болон зорилоо.
Адууны тоос нь арилаагүй, аянчдын түрүүч нь буцаагүй наадам үргэжилж байхад бид сумын төвд ирж түр төвхнөлөө. Равжаагийн маань ажаа, ижий хоёр З.Чулуунбаатар ахыг хүндэтгэн залаад үг дуу үүсгэн суувай. Найзын минь хүндэт багш дээш суудалд залрах нь зүй, зүй…
Хуурын голдуу ярианд дундуур хуур хөглөх, ганц нэг татлага хөвсөлзөн орж ирэхэд агаарын найрсалтай хоршин Монгол хүний сэтгэлийн уяруу таашаан мэдэрнэ.
Э.Цэнд-Аюуш минь бол Увс аймгийн хүн ба манай аймгийн хүргэн. Урлаг соёлын “Сэрүүлэгтэй цаг” дор бид нөхөрлөн ойртож хаа хүний нүдэн дээр хамтран зүтгэж явсан улс. Манай аймгийн нэрт жүжигчин Б.Төмөрбаатар ахтай их ойр байж хөтлөх ур маягтай болж, унаган өгөгдөл дээрээ тос нэмсэн сайн хөтлөгч байлаа.
Орой товлосон цаг дор тоглолт эхэлж шөнө дүл хүртэл үргэлжилсэн юм шүү. Мандахын зон олон бүжиглэнэ гэвэл ертөнцийн өдөр шөнийн зааг багадах ажээ. Бид тоглолтоо урамтай сайхан тоглоод маргааш нь үд баахан өнгөрөөж Сайншандын зүг мордлоо. Замын аяншихыг залуу нас мэдэхгүй, нарны халуун нанчдын халуун хоёр л мэдэхээр тийм нэг сэтгэлийн хөөрөлтэй он цаг тэрхэн зуур өнгөрч байвай.
Аахилан биш араалан зүтгэх машины цонхоор сарны гэрэлтэй хамт сэрүүн салхины таатай сэвшээ намиран орж ирэхэд утга уянгын зах үзсэн хэн боловч:
-Гаръя аа, гадаа жаахан сууя аа гэж хамаг чадлаараа хашгирмаар сайхан. Сайхандулааны нутгийн баруун зах залгасан сайхан хөндийн дунд замаас жаахан зайдуу машины “Амьсгаа намдааж” Чука ах бид хоёр тунгалаг шилт “Охьт унд”-ыг дундаа энхрийлэхээр гарч суулаа. Нам гүм байгалийн чимээг тод сарны гэрэл сүлэн, талын анир дунд хоёр эр хүн тод ярихыг сонссон адуу ч гэлээ хүний хэл сурчихмаар…
Тийм сайхан байгалийн зохирол дунд урлаг соёлын яриа үүсгэн сууна гэдэг цэнгэл юм аа. Мэдрэмжийн туйлаас зураглан үлдээдэг оюун санаандаа харин одоо бишрэн байнам. Чука ах нэгэн онигоог яримаар байна гэсээр ярилаа. Бид ёстой нэг инээхийн туйл болж нүдний нулимс сарны гэрэл уун нүднээс олон хэлхээ сувд асгарах шиг л болж билээ. Харин би Чука ахын ярьсан шиг бичих дадгаалгүйн тул ингээд орхих нь зөв. Ёстой “Балай онигоо”. Элэг эвмаар…
Урлаг, соёлын хүмүүс ах захаа эрхэмлэн хүндэтгэх, ёс жудагтай байдгийг бидний сэтгэл гэрчилнэ. Харин амьдрал дээрээ баахан хэнэггүй хандавч биесээ харан хөөрдөг дэврүүн улс л даа. Дараахан өвөл нь би гал ус залгилан лэнсий тэнэж явлаа. Утас дуугартал Чука ах залгаж байна.
-Сайн уу? Чи хаана явна.
-Би “Зургаан баатарын овоо”-н дээр явна.
-Юу хийж яваа юм, наанаа…?
-Архи ууцаан…?
-Чи манайд хүрээд ирэх юм уу?
-Та хоол хийхээр байна уу? Би жаахан өлссөн шүү?
-За, чи хурдан ир. Юу авчрах чинь тодорхой, дийд дийд дийд…
Би дэлгүүрт очиж нэг шил архи авч өвөртлөөд очлоо. Үгүй мөн сайхан хүлээж авч байна. Баяртай байна аа, ах…
-За юмаа авчраа юу?
-Авчирсан.
-За би чамд идэх юм бэлдсэн дээ гээд нөгөө өрөө рүүгээ ороод учиргүй том поднос дээр хазсан тал бууз голлуулан тавиад бариад ирдэг байгаа.
-Архи ууж яваа хүн нэг их иддэггүй юм дөө. Чамд энэ болно гэж байна. Хазчихсан буузны үлдэгдэл байхдаа ч яахав дээ гэх ухааны юм бодсон чинь нэг уур, хоёр бухимдал, гурван гомдол хүрэх гээд ч байх шиг…
-Өө мэдсэн бол ирдэггүй байж л дээ гэх шүү үг чулуудаад дуугаа хураалаа. Тэгсэн учиргүй инээснээ:
-Чамайг ч ингэх болов уу? гэж нэг бодсон юм аа гээд буцан нөгөө өрөө рүүгээ орж учиргүй том поднос дээрээ уур нь савссан хуйхалсан толгой бариад ороод ирсэн юм даа.
-За энэ бол болмоор шиг эд байна уу? гэж байна. Би ч идэх юм бэлэн болохоор баярласан уу, шууд л авчирсан архиа задалж л билээ…
Соёл хэмээх эрхэм нандин зүйлийн өвийг хамгаалж яваа хэн боловч нэгнээ хайрлахыг гаргууд сайн мэддэг гэдгийг бүгд мэдтүгэй. Дамаа ялангуяа Монголынхоо ахуй соёлыг өвлөн уламжилж, судлан сурвалжлахын амтыг мэдрэх юутай сайхан зүйл гээ…
Тэр жил 2015 оны 10 дугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотноо Соёлын өвийн төвөөс, ШУТИС-ийн Соёлын сургууль хамтран “СББӨ-ийн ТББ-ын чадавх бэхжүүлэх сургалт” зарлагдаж Эрдэм шинжилгээний ажилтны хувиар аймгаа ахлан оролцох эрх олдов. Цаанаас ирсэн нэр нь:
-Туульч, ерөөлч, магтаалч З.Чулуунбаатар
-“Жонон” хамтлаг О.Ууганбаяр
-………………………………………………………….. гэжээ. О.Ууганбаяр бол Чука ахын гарын шавь нь аж. Бид хоёр цаг товоо болзоод хотод шууд уулзах болов. Чука ах:
-За хэмээсэн боловч явах орой ирсэнгүй. Галт тэргэнд суусан хойно утас руу нь залгалаа. Театрт язгуур урлагийн нэг арга хэмжээнд ороод амжихаа байлаа гэж байх юм.
Уг нь байр, буудал, замын зардал овоо дориухан даасан, очоод магадгүй гэгээрчихэж мэдэх тийм л чухал сургалт байсан шүү дээ л гэлээ. Галт тэрэг нэгэнт хөдөлж байсан юм аа…
Харин тэрхүү үр өгөөжтэй сургалтанд шавь О.Ууганбаяр нь багшийнхаа тухай илтгэл тавьж бидэн хоёр ах, дүүгийн сайхан харьцаатай болсон учиртай. Сургалт дуусаж Шандад ирсний дараа би:
-Та хамт явчихгүй. Их л сайхан яваад ирлээ гэж хамт яваагүйд нь гайхуулах гэсэн үү, нэг тийм гомдлын мэт ярилцаад салсан юм сан.
Ерөөлч, магтаалчдын улсын уралдааны есөн удаагийн завсаргүй Тэргүүн шагналт, Төрийн өргөмжлөлт ерөөлч, магтаалч, туульч, бэлэн цэцлээч, морин хуурч, Соёлын биет бус өвийн гарамгай өвлөн уламжлагч, язгуур урлагийн томоохон төлөөлөл Зундуйн Чулуунбаатар.
Дорноговийнхны баяр цэнгэлт өдрүүдийн “Алтан дууч”, ерөөл цацлагын “Цагаан сүү” нь болж хэдэн аравныг үдсэнийг бид бүгд мэднэ дээ. Албан байгууллага, айл өрх, хувь хүн, ухаан ороогүй хүүхдүүд ч мэдэх учиртай юм аа. Ухаан орсон бол эцэг эхээсээ асуучихад гэмгүй ээ.
Тэрбээр:
-Би Ерөөлч магтаалчдын Улсын уралдаанд ес түрүүллээ. Хэрвээ би морь, адгуус байсан бол миний хөшөөг Мандах суманд юм уу, Дорноговийн төв Сайншандад аль хэзээний босгочих байсан байх хэмээн хэлсэн удаатай. Харин би энэ өгүүлсэн санааг анхлан сонсоод ахыгаа учиргүй их өрөвдсөн юм. Хайрласан юм.
Манай аймаг “Жалганы бурхан хүндгүй”-н үлгэрийг маш олон жил биелүүлж яваа тийм нэг авъяастанд халтай газар.
Сайн дураараа хоолоо олж иддэг гэж ойлгодог шиг байгаа юм. Энэ их үнэ цэнэ, үнэт зүйл, ёс суртахуун, түүхт журмыг хадгалан өвлүүлэх үүргийг аль ч дэлхийн сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүнээс олохгүй. Түүнийг хайрлан хамгаалж, өвлөн уламжлуулах сэтгэл зүрх, унаган авъяас дахин дахин хүнд заяахгүй. Хүн дахин төрдөггүй юм. Харин дахин дарга болж болдог шиг байгаа юм.
Үнэ цэнэтэй ухамсарт амьдралаа агуу түүхт Монгол орныхоо соёлын төлөө зориулсан олон сайхан хүмүүс нутгийнхныхаа хайр энэрлийг үзэлгүй битүүхэн гунигтай тэнгэр болсныг бид яриад өнгөрдөг байж болмооргүй байна аа. Монгол хүн буй цагт Монгол ёс заншил оршин байна гэдгийг дор бүрнээ ойлгоцгооё л доо.
Нулимстай ойлгоцгооё.
Хоёрдугаар мянганы хоёрдугаар арван эхлээд талдаа оржээ. Дэлхий өөрчлөгдөн, хуучин цагийн дэвэлтэнд амсхийсэн цаг хугацааны өвгөн шувуу уртын дуу, хуурын татлага сонордохоор үлгэр зүүдний орноос дахин ирэх л байх даа.
Ирэн угтах сайхан цаг хугацаа, сайхан соёлт хүмүүн Та бүгдэд улмаа цэнгэн суухын учрал зөгнөж сайхан ахынхаа тухай өчүүхэн хүүрнэлээ өндөрлөе.
“Сонорын торго” буюу айлтгалын няндар хадгийг чинхүү сэтгэлийн гүнээс дэлгэн барьж “НУТГИЙНХАА АВЪЯАСТАН БҮРИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ” хэмээн өлзий соёрхохын дүншиг өргөе.
“АШИГ ХОРГЫН ЧУЛУУ” боть, х.х-301-308
Гэрэл зургийг Д.Цэрэннадмид /Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, ZM sonin/