“JMC” компани дөрвөн ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат бэлэглэв
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч Энэтхэг Улсын “JMC” компани аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөрвөн ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат бэлэглэлээ.
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар орон нутагт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус компани эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд дэмжлэг үзүүлж дээрх тоног төхөөрөмжийг гардуулсан байна.
Эл тоног төхөөрөмжийг “Ковид-19”–ын эмчилгээнд зориулан ажиллуулж байгаа эмнэлгүүдэд хуваарилж өгөхөөр болсон гэж албаныхан мэдээлэв. Тус компанийн олон улсын байгууллага болсны 17 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн баярыг тохиолдуулан, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх ажлыг зохион байгуулсан аж.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт инженерчлэл, худалдан авалт, барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэх бөгөөд эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг “JMC” компани гүйцэтгэж байна.