Дорноговьд үйлдвэрлэвЗалуу үе

Б.Хонгорзул: Манай компани ангилсан бүтээгдэхүүнээрээ анхдагч нь гэж боддог

Өдөр бүхэн шинэ, чанартай махаар хэрэглэгчдийг хангадаг нэгэн дэлгүүр Сайншанд хотод нээгдээд хэдийнээ олны танил болжээ. Ямар нэгэн бизнес  санаа гэдэг хэн нэгний хэлснээр ажил болохоос илүүтэй өдөр тутмын амьдралын түм буман үйл явдал дундаас урган гарч байдаг. Хүний хэрэгцээнд нийцүүлэн махыг ангилан ялгаж, зориулалтын дагуу савлаж, хэрэглэгчдийн гарт хүргэх санааг сэдээд багагүй амжилт олж яваа бүсгүй бол “Говийн амт трейд” ХХК-ийн захирал Б.Хонгорзул юм. Бэлчээрийн мал бол маш олон төрлийн ургамлыг өөрөө олж иддэгээрээ онцлогтой. Хүний биед хэрэгтэй витамин, амин дэмийг агуулсан говийн онцлог шингэсэн эрүүл малын махыг олон төрлөөр савлаад нас хүйс, эх сурвалж, гарал үүслийг нь тодорхойлон худалдаалдаг нь хэрэглэгчдийг найдвартай махаар хангах компанийн бодлого юм. Энэ ч хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ. Түүнтэй компанийн засаглал хийгээд энэ төрлийн зах зээлийн тухай хөөрөлдлөө. 

-Ярилцлагаа махны худалдаа үйлчилгээ эрхлэх санаа хийгээд компани байгуулсан талаар эхлэх үү?

 2021 оны 10 дугаар сар буюу ковидын үе байлаа. Хорио цээрээс үүдэж юм бүхэн хомс байхад би мах авахаар гэрээсээ гарсан. Хорин  мянган төгрөгөөр мах авья гээд лангууны эгч нарт хэлэхэд 20 мянган төгрөгт мах  тасалж өгөх дургүй байсан. Гэртээ ирээд л “Худалдагч нар яасан сонин юм бэ, хорин мянган төгрөгт нэг килограмм  орчим мах өгчихөж болдоггүй юм уу” гээд л жаахан бухимдах маягтай аав, ээж хоёртоо хэллээ. Гэтэл тэд “Одоо эрэлт хэрэгцээ их байхад юу гэж тэгж өгөх вэ, дор хаяж тав, арван килограммаар зарах байлгүй гэв. Би БНХАУ-д хэсэг хугацаанд сурч байлаа. Тухайн үед бэлтгэчихсэн бэлэн мах аваад идчихдэг байв. Бас нэг, хоёр, гурван зуун граммаар авахад ч  бэлдээд өгчихдөг тийм байсан. Яг үүн шигээ бодоод л махны лангуунаас мах авъя гэтэл тийм орчин байгаагүй. Ингээд махны төрөлжсөн, савлагаатай дэлгүүр нээвэл зүгээр юм биш үү гэж аавд хэлэхэд дэмжсэн юм. Аав  маань өмнө нь махны бизнес эрхэлж байсан туршлагатай. Тэгээд аавынхаа туршлага дээр үндэслээд 2021 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Удалгүй 2021 оны 12  дугаар сард манайх хуулийн этгээд болж байлаа. Компани болон өргөжүүлэхэд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “BEST” хөтөлбөрийн үйл ажиллагаа ихээхэн дэмжлэг болсон.

Анх бизнес эхлэхэд тулгарч байсан зүйл юу байсан бэ?

Миний хувьд махны бизнесийн талаар мэдлэг, туршлага үнэндээ  юу ч байгаагүй. Тэр бүү  хэл, ааваасаа “Та хоёр гуя л авчраад байх юм. Нөгөө хоёр гуяа яачихсан юм бэ, үхэр  дөрвөн гуятай байдаггүй юм уу? гэж асууж байсан. /Инээв/ Махны хувьд  үнэхээр туршлага дутаж байсан. Мэдээж бизнес хийх явц дундаа бага багаар туршлагажаад явж байна. Гэхдээ гол зүйлийг ааваасаа сураад явж байгаа.

Хүмүүс бизнес хийж байгаад дундаас нь орхисон жишээ олон байдаг. Шантрах зүйл гарсан уу? Эхэлсэн ажлынхаа үр дүнг нь харах гэж зүтгэв үү, эсвэл аавын туршлага нөлөөлөв үү?

Манайх 2021 онд махны нөөцийг маш сайн бэлтгэсэн байлаа. 2022 оны хавар  цаг сайхан эхэлсэн. Гэтэл шинэ мах зах зээлд ороод ирлээ. Харин нөөцийн мах  тэгтлээ сайн зарагдаагүй. Бид 2021 онд нөөцийн мах их бэлтгэснээрээ уналтад орсон юм. Борлуулалт  муу байв. Гэхдээ асуудлаа шийдсэн л дээ. Миний хувьд яг л галзуу барын ам руу гараа хийхээс буцахгүй гэж үг  байдаг. Тэр л болсон. /Инээв/. Их л зоригтой байсан юм шиг санагддаг. Гэхдээ шантраагүй. Аавын туршлага ч бий. Ингээд л манайх ашиггүй ажилласан. Махны зарим нь хатуу, зөөлөн гээд л янз бүр байна. Хүмүүс ч сэтгэгдлээ хэлээд л. Тэр болгон дээр шантрах  үе байсан. Санхүүгийн асуудал эхний жилдээ хэцүү байлаа. Харин “BEST” хөтөлбөрийнхөн маш их зоригжуулж байв. Бизнесийн энэ уналт нь үнэхээр уналт юм уу, эсвэл түр зуурынх юм уу гэдгийг чи олох ёстой. Үүний дараа үнэхээр гүн уналт бол бизнесээ зогсоож болно, түр зуурынх  бол үргэлжлүүлээд явахад илүү боломжийг нээнэ гээд л зөвлөдөг байсан. Хүнд үеийг сэтгэл зүйгээрээ давсан.

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “BEST” хөтөлбөрийн талаар хэзээ мэдээлэлтэй болсон бэ?

2021 онд дэлгүүрээ нээхээсээ өмнө санагдаж байна. Аймгийн Хөдөлмөр Халамж, Үйлчилгээний газраас бизнесийн гарааны стартап төсөл буюу 10 сая төгрөгийн санхүүгийн төслийн уралдаан зарласан байсан. Энэ төсөлд би оролцсон. Гэхдээ  шалгарч чадаагүй. Дэлгүүрээ ч хараахан нээж амжаагүй байлаа. Дараа нь “BEST” хөтөлбөрийнхөн “Манайхаас  ажил бизнестээ зөвлөх үйлчилгээ авч болно” шүү гэсэн. Тэгэхээр нь би “Өө үгүй үгүй“ гэж хэлчихээд явчихсан. Удалгүй  Уянгаа зөвлөх манай дэлгүүр дээр ирээд “Дэлгүүрээ богино хугацаанд нээсэнд нь баяр хүргэе,  амжилттай ажиллана гэж харж байна. Манайхаас зөвлөх үйлчилгээ авахыг хүсвэл нээлттэй шүү гээд явсан. Үүний дараа  удалгүй “BEST” хөтөлбөрийн оффис дээр очиж анх зөвлөх үйлчилгээ авч эхэлсэн юм. Ингээд байнгын харилцагч боллоо. Учир нь тэд хуулийн этгээд болвол маш их давуу тал үүснэ. Байгууллагуудтай харилцаж  эхэлнэ. Чамд өөр олон боломжууд нээгдэнэ гээд л. Гэтэл надад яг үнэндээ хуулийн этгээд болох нь айдастай байсан юм. Адаглаад л, татварын асуудал үүснэ, үүнийг яаж давах вэ гээд л. Гэтэл “BEST” хөтөлбөрийнхөн “Зүгээрээ, бид зөвлөх үйлчилгээ үзүүлээд явчихна. Чамд олон боломжууд нээгдэх юм” гэж хэлж байлаа.

Компанийн засаглалын олон сургалт уулзалтуудаас юуг илүү анхаарч  өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа шийдсэн бэ?

2021 оны 11 дүгээр сард хуулийн этгээд болох бичиг баримтаа бүрдүүлээд явж байхад “BEST” хөтөлбөрөөс компанийн дүрэм боловсруулахад дэмжиж хамт боловсруулж, Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж бүртгүүлж байсан юм. Компанийн дүрэм боловсруулахад анхаарах зүйлс гэдэг сургалтаас олж авсан мэдээлэл дээрээ үндэслээд бусад зөвлөгөөнүүдийг аваад л компанийхаа дүрмийг боловсруулж  хуулийн этгээд болж байсан.

Хамгийн чухал нь хуулийн этгээд болох ёстой юм байна аа гэдэг санаа юу?

Тийм, ээ.  “BEST” хөтөлбөрийн “Хуулийн этгээд болохын давуу тал” тухай сургалтаар компани байгуулах нь ямар давуу талтайг олж мэдсэн санагдаж байна. Би лангуун дээр мах зардаг хүн байя гэж бодъё. Гэтэл энэ нь илүү боломжтой юу, хуулийн этгээд болсноороо би боломжтой юу гэдгээ эхлээд харьцуулж үзэж байгаад хуулийн этгээд болж байсан. Хуулийн этгээд болсноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломж бүрдсэн.

Өнгөрсөн хугацааны сургалт уулзалтуудаас олж авсан мэдлэг, мэдээллээ компанидаа шингээгээд засаж, сайжруулсан ажил гэвэл ямар жишээ хэлэх вэ?

Санхүү татварын тайлагнал. Маш чухал сургалтын нэг байсан. Найман мянган төгрөгийн махыг 10 мянга болгоод зарчихвал ашигтай гэж бодож байсан. Гэтэл цаана нь тооцоолоогүй өөр зардлууд гарч байсныг анзаараагүй. Санхүү татварын тайлагналын тухай сургалтад “Хугарлын цэг” олох тухай хичээл байсан. Хугарлын цэгээр бодоод үзэхэд би ашиг олохоосоо илүү алдагдал хүлээж байсан юм байна лээ. Хугарлын цэгээ олоод тэдэн төгрөгөөр зарвал илүү ашигтай юм байна, нэмээд дээрээс нь өдөрт хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж байж ашигтай ажиллах вэ гэдгээ тодорхойлж гаргаж ирсэн. Энэ бол том ололт байсан.

Жишээ нь компанийн тайлангаа цаг тухайд нь тайлагнаж сурах нь бас  нэг өөрчлөлт байх. Өөрчлөн сайжруулалтаас гарсан үр дүн гэвэл?

Манай компанийн борлуулалтын орлого жил ирэх тусам нэмэгдсэн байна. Бичил бизнесээс жижиг дунд бизнес рүү орох зорилттой байгаа. Татвараа үнэн зөв тайлагнаснаараа улсдаа ч хэрэгтэй, өөрсдөдөө ч илүү амар болсон. Зарим хүмүүс татвараа нууж дарагдуулах тухай яриад байдаг шүү дээ. Одоо ингэх ямар ч боломжгүй болсон. Бүх зүйл цахим руу шилжсэн. Аль болох бид үнэн зөвөөр тайлагная. Тэгээд бидэнд ямар өгөөжтэй вэ гэхлээр банкинд очоод бизнесийн зээл хөөцөлдөх, ямар нэгэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах үед ил тод байснаараа  боломжийг нээж байна.

Анх бизнесээ эхлэхэд дангаараа эхэлсэн үү, хамтрагчтай эхэлж байв уу?

Гэр бүлийн, өрхийн бизнесээр эхэлсэн. Гэр бүлийнхээ оролцоотой л явж  байна.

Цаашид боломжийн хүнтэй тааралдвал хоёр талаасаа хөрөнгөө нийлүүлж бизнес хийх боломж гарч ирвэл хийх үү?

Мэдээж, тэгэлгүй яахав. Нэлээн судалгаатай ажиллах байх аа. Монголчууд бизнес эхэлчихээд болиод л, судалгаагаа дутуу хийдэг юм шиг санагддаг. Бас сэтгэл хөөрлөөрөө хандаж, надад тэдэн төгрөг байна, чамд хэд байна, хоёулаа нийлээд тийм юм хийчихье гээд л.

Орон нутагт  бизнес эрхлэхэд  тулгамдаж байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ?

Манай салбарын хувьд төрийн бодлогын хүрээнд учиргүй шүүмжлээд байх юм бараг байхгүй. Малын гаралтай ХАА-н бүтээгдэхүүний талаар бодлогын хувьд дэмжсэн байдаг. Харин орон нутгийн хувьд намын ч юм уу оролцоо байгаа нь  бэрхшээлтэй санагддаг.

Хүмүүс олон талын мэдлэгтэй болоод бизнес хөгжөөд ирэхэд ийм хандлага арилах болов уу?

Энэ хандлага ирээдүйд арилах байхаа.

Танай дэлгүүр гарал үүсэл нь тодорхой, найдвартай махны худалдаа хийдэг гэж ойлгож байгаа. Цаашид бизнестээ ямар өөрчлөлт хийхээр бодож байна?

Сайжруулах ажил их байна. Жишээ нь бид одоогоор өөрсдөөсөө түүхий эдүүдээ хангаж чадахгүй байгаа. Малчдаас хангаж байгаа. Өөрсдөө түүхий эдээ хангая гэсэн бодолтой байгаа. Бизнесийн тогтвортой байдал, махны чанараа илүү найдвартай болгож байна аа гэсэн үг.

Компанийн  удирдлага хэсэг хугацаанд өөр газар ажиллахаар явах ч юм уу, эзгүй байх үед хэвийн үйл ажиллагааг хангах хүний нөөцийг  бэлдэхэд ямар шийдэлтэй ажиллаж байна?

Эхний жилүүдэд ажлын төлөвлөгөөгөө ч тийм сайн гаргаагүй, үл ойлголцох юмнууд байсан. Жишээ нь би өөр газар явах үед ард ажиллах найдвартай хүнийг яаж бэлдэх вэ гээд. Энэ талаар саад бэрхшээлүүд байсан. Одоо бүх юмаа тодорхой болгоод төлөвлөөд ирэх боломж гарч байна. Манайх долоо хоногийн долоон өдөр ажилладаг байсан бол долоо хоногийн таван өдөр нь ажилладаг болсон. Хоёр өдөрт нь ажилтнуудаа амраадаг. Тэгээд хэн нь ямар ажил хийх тухай тодорхой болгоод цагийн хуваарийг баталчихсан. Надад ч тодорхой болсон. Ингээд хүмүүсийн  ажил тодорхой болохоор ажлын бүтээмж сайжраад, үл ойлголцох асуудалгүй болчихож байгаа. Хүний нөөцийн хувьд түлхүүр ажилтнаа хэрхэн тогтоон барих вэ гэдэг “BEST” хөтөлбөрөөс сургасан сургалтын дагуу түлхүүр ажилтнаа олчихсон. Түлхүүр ажилтнууд дээрээ анхаараад бусад цагийн ажилтнууддаа ч анхаарна.

Танай компани үйл ажиллагаандаа одоогоор хэчнээн дүрэм журам тусгачихаад байна вэ?

Компанийн дүрэм, дотоод хяналтын журам байгаа.

Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна?

Нийт 13 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Үхрийн ангилсан махнуудаас зорсон мах, машиндсан мах, үхрийн хөрөөдсөн хавирга, чанах хавирга, ястай мах, гуляш, гуляшны мах, шарах мах, булууны яс, тойг гээд.

Дорноговь аймагт энэ төрлийн бизнес олон байна уу? Зах зээл дээр өрсөлдөх байдлын хувьд?

Манайх ангилсан бүтээгдэхүүнээрээ анхдагч нь гэж харж байгаа. Бидний хамгийн том амжилт бол хүмүүсийг ангилсан маханд сургасан явдал. Хоол хийхэд ч амар, мах хэрчих шаардлага байхгүй. Хүмүүсийг соёлд сургаж, цаг завыг нь хэмнэж байна гэж харж байгаа.

Бизнес хийхэд орчноо судалж үндэслэлтэй хийвэл илүү үр дүнтэй байх нь гэсэн ойлголт  төрж байна ?

Тийм. Бизнесийг жаахан ч гэсэн судалгаатай хийх ёстой юм байна. Нэг үл хөдлөх хөрөнгө аваад засварлаад орчихдог. Гэтэл хүн орж ирэхгүй бол тэр бизнес нурна. Тэгэхээр бизнесийг эхнээс нь бага, багаар хөгжүүлээд явах нь зөв гэж ойлгож байгаа.

Аливаа нэг баяр ёслолын үед ч юм уу, цагаан сар дөхөхөөр эрэлт хэрэгцээ ихэсдэг байх?

Тийм. Бидний хувьд яг чухал үе л дээ. Цагаан сарын өмнө эрэлт ихсэдэг. Манай дэлгүүрийн, манай компанийн оргил үе  юм.

Танай бүтээгдэхүүн савлагаан дээр тэр сумын, тийм гаралтай үхэр, жин, нас нь тэд гээд биччихсэн байдаг?

Бид малчдаас ирсэн гарал үүслийн бичгээ маш сайн авдаг. Махаа малчдаасаа аваад лаборатори руу өгч, шинжлүүлээд дэлгүүр дээрээ худалдаалдаг. Манай компанид ч дотоод хяналтаа хийхэд амар. Авч байгаа хүмүүстэй ч баталгаатай.

Танай дэлгүүрт хэдэн хүн ажиллаж байна вэ?

Үндсэн дөрвөн ажилтан байна. Хагас цагаар дөрвөн хүн ажилладаг. Бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмээд дээрээс нь дахиад хүний нөөцөө нэмэгдүүлнэ.

Бүтээгдэхүүний төрлийг нэмж, хүний нөөцөө нэмэгдүүлснээр бизнесээ өргөжүүлэн хөгжүүлнэ гэсэн үг  үү?

Тиймээ, Зах зээлээ томсгох л санаатай.

Сайншандаас өөр газарт бүтээгдэхүүнээ нийлүүлэх үү ?

Манайх одоогоор орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ Улаанбаатарт байгаа хүмүүс говийн мах идэх сонирхолтой. Тэгээд манайхаас махыг хот руу хүргэлтээр үйлчилдэг. Тиймээс Улаанбаатар руу зах зээлээ тэлэх боломж бидэнд байна аа гэж бодож байгаа.

Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Миний асуугаагүй зүйлүүд бас байгаа байх?

Би харьцангуй залуу байна. Гэхдээ бизнес  эрхлэхэд хамгийн чухал зүйл бол судалгаа юм шиг санагдсан. Судалгаагаа сайн хийгээд ашиг олохын тулд санхүүгээ сайтар хянах ёстой. Энэ бүтээгдэхүүнийг яаж борлуулбал бидэнд ашигтай вэ гэдгийг  сайтар тодорхойлох хэрэгтэй юм болов уу даа. Ер нь  татвар,  санхүүдээ сайн анхаарах хэрэгтэй юм байна л гэж бодсон.

Ярилцсанд баярлалаа.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button