БахархалЯрилцлага

Б.Батцэцэглэн: Эмээ минь намайг уртын дуу дуулах хүсэл сонирхолтой болгосон

Үндэсний язгуур урлаг, соёлын үнэт өв,  уртын  дууг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан туурвиж яваа залуу дуучин Батсайханы Батцэцэглэнг нутагтаа ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Үндэсний урлагийн их театрт гоцлол дуучин ажилтай тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Их говийн ээрэм талд үрээ даага унаж, хонь хурга хариулан өссөн охин эдүгээ Монголын  язгуур урлаг,  ардын болон уртын  дууны их ай савд өөрийн гэсэн замыг буй болгож, аргамаг хурдан хүлэг лугаа цулбуур өргөн хатируулж явна.

“Марко поло” кинонд ардын дуугаа  дуулсан, “Чингисийн хүүхдүүд” киноны дууг амьдруулсан гээд тэрээр өөрийн орондоо болон хилийн чанадад  хэдийнэ уран бүтээлээрээ танил болоод байгаа юм. Тэрээр ардын дууны “Шүтээн”, зохиолын дууны “Ээнэгшин жаргая”  цомог хэвлүүлж үзэгч, сонсогчдын хүртээл болгосон билээ.  

– Сайн явж байна уу, нутагтаа ирээд удав уу?

-Ирээд л буцаж байна. Зав гарвал нутагтаа ирэх дуртай. Гүйдэг адуу шиг л… Шандад ирэх хэчнээн сайхан гээч. Таньдаг хүмүүс тааралдана. Хоёр эгчийнхээрээ, найз нарынхаараа орно, айл хэснэ. /Инээв/ Төрж, өссөн нутаг хүний амьдралын салшгүй хэсэг юм.

Бага насны тухай дурсамж сэтгэлийн чанадад тод үлдсэн байдаг. Ямархуу хүүхэд байв?

-Би Улаанбадрах суманд төрж өссөн. Дөрвөн охинтой айлын хамгийн бага нь. Найдварын хүү байсан хэдий ч охин болж төрсөн. Эмээгийн хүүхэд байлаа.

Аав минь дуу хөгжмийн багш, бас дуулдаг. Аав ээжийн тал ч найрч наргианч хүмүүс.  Багадаа би найранд их суудаг байлаа. Манайх найр их үүсгэж найрладаг байсан.

Тэр орчин л намайг дуунд дуртай болгосон болов уу, цагаан сар дөхөхөд л найранд бэлдэж шинэ дуу, ардын дуу эрэлхийлж дуулдагсан.

-Дуулж хуурддаг гэр бүлээс өөрөө л урлагийн мэргэжил сонгожээ?

Тиймээ. Манайхан бүгдээрээ дуулдаг. Харин урлагаар явсан хүн байхгүй. Миний дээд эгч сайхан дуулна.

Хоёр насны зөрөөтэй эгчийгээ дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшихэд нь би нөлөөлж чадах байсан, чадаагүйдээ харамсдаг.Эгч мэдрэмжтэй, гоё дуулдаг. Нүд хөмсөг болсон царайлаг охидуудтай айл байлаа.

-Эмээгийн охин гэж хэллээ. Буурлынхаа тухай  дурсах уу?

-Миний эмээг Нансал гэдэг байлаа. Өдөр болгон дэлгүүр ордог. Тэрэндээ, энэндээ гээд л хүн болгонд зориулж юм авдаг. Мөнгөтэйдөө, завтайдаа биш. Хуучны хүмүүс ёс алддаггүй, ухаантайн шинж. Эмээ надад зүү ороож, үйл урлахыг зааж өгсөн.

Манай ээж  үйлэнд уран. Эмээ маань намайг хөтлөөд л ийш тийшээ алхдагсан. Дэргэдээ суулгаад л дуу зааж өгнө. “За одоо нэг аяла” даа гээд л. Аливаа ажилд хариуцлагатай хүн байлаа. Анхны заасан дуу нь “Идэр жинчин нэртэй говь нутгийн, тэмээн сүргийн тухай уртын дуу бий.

Миний урлагтай холбогдсон түүх нутагт устай, эмээгийн маань үг сургуультай холбоотой юм. Эмээгээ өөд болсных нь дараа их санадаг байсан.

Эмээгээ их ч ярьдаг байлаа. Гэтэл зарим хүний зөвлөснөөр “Битгий их ярьж бай. Их дурсах нь эмээгээ амраахгүй байж магадгүй гэсэн.

Эмээтэйгээ хамт банкны нэг арга хэмжээ дээр очоод азтан  болсон гэдэг. Хөгжим хожсон бил үү?

 

-Эмээ “Саран хөхөө”  театрт нэг арга хэмжээ болох гэнэ. Бүгдээрээ явья гээд л эгч бид хоёрыг дагуулаад алхлаа.Театрт “ХАС” банкыг  үүсгэн байгуулагч  Ч.Ганхуяг  шинэ банкны үйл ажиллагаа явуулж, театрынхан дуулж хуурдаад дараад нь  сугалаа сугалуулдаг юм байна.

Сугалаанд эхлээд эмээ, дараа нь  эгч, сүүлд нь би дараалаад зогслоо. Гэтэл эгч намайг урдаа оруулаад зогсоочихов. Би 66, эгч 67 дугаартай. Азтангууд ээлж дараалан тодорсоор хөгжмийн азтан тодруулна гэж хөтлөгч зарлахад “66 дугаартай хүн азтан боллоо, тайзан дээр ирнэ үү” гэхэд нь эхлээд харж гайхах, баярлах  зэрэгцэн гүйгээд очлоо.

Ганхуяг гуай миний дугаарыг хараад 99 биш биздээ гэж тоглох үед би үгүй гэлээ. Ингээд сd, кассет уншдаг саарал хөгжим хожсон. Тэр хөгжим дээр миний хамгийн анх сурч байсан уртын дуугаа сонсож байлаа. Дараа нь “ХАС”-ын Ганхуяг ахтай уулзаж тэр түүхээ ярихад огт мэдээгүй байсан гэсэн. Их гайхаж, баярлаж байсан.

Энгийн юм шиг хэрнээ ийм үйл явдлууд хүний амьдралд ямар их өөрчлөлт авчирч болдгийг харуулсан. Хүнд сайн сайхан зүйлийг бодож явахад ажил бүтээд л байдаг. Тиймээс зөв явах юмсан гэж боддог.

Хөгжим чиний амьдралд боломжийг  нээжээ?

-Яах аргагүй миний амьдралын нүдийг нээсэн. Ганхуяг гэдэг хүн тухайн үед ажлаа хийгээд явж байсан. Гэтэл ажлынх нь үр дагавар хэн нэгэнд сайнаар тусч, өөрчлөлт авчирсан.

Хувь тавилан гэдгийг сайн сайхнаар төсөөлөх юм бол дараа дараагийн алхам, үүд хаалга нь нээгдээд байдаг юм болов уу гэж боддог.

Хөдөө морь, мал унадаг. Тэр бүү хэл хурдан морь унадаг, эмнэг сургадаг байсан гэдэг? Эршүүд охин байж ?

-Эршүүд шүү дээ, би. Манайх охидуудтай учраас бага насны морь сургах хүн  байхгүй. Даага шүдлэн сургахдаа саахалт айлын бандийг хэд мордуулж зүгшрүүлээд  л надад өгдөг.

Би унаад  амыг нь мэдүүлээд овоо болгоод эгчдээ өгдөг. Ингээд л бүдүүн морь болохоор  аав эмээл  тохдог. Би хонь хурга, ишиг, ботго хариулж ойр зуурын ажил хийнэ. Малдаа морио их унадаг байсан. Манай өвөө морь уядаг, аймгийн алдарт уяач Дашцэрэн гэдэг хүн байлаа.

Дашцэрэнгийн саарал азарга хурдан байв. Аав ч  морь уядаг. Хөдөө, малч ахуйтай ойр байсан нь эргээд миний нэрийн хуудас, давуу тал болсон. Би хөдөө өсч, хөдөөний амьдралд дунд байснаа нуудаггүй. Гэсэн хэдий ч соёлгүй царайлж явсангүй.

-Эмээгээс өвлөсөн анхны мэдрэмж хийгээд азтан болж хөгжим  хожсон үеэс л дуучин болох зориг шулуудсан уу?

-Урлагийн хүн болно гэж бодоогүй. Ноён хутагт Данзанравжаагийн ой тохиосон санагдаж байна. “Төрүүлж өсгөсөн гөрөөс ижий” гэдэг дуу дуулах шалгуурт тэнцэж “Саран хөхөө” театрын тайзан дээр анх гарч, хүндэтгэлийн тоглолтод дуулж байсан.

Би барилгын архитекур болохыг мөрөөддөг байлаа. Барилгын төрөл бүрийн зургийг комьпютер дээр суугаад хийдэг, өнгө будгийг нь тааруулдаг хүн болно гэж боддог байлаа. Тэр үеийн охидууд бараг л тэгж мөрөөддөггүй байсан байх.

Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан 2007 онд болоход Сайншандын ерөнхий боловсролын 10 жилийн сурагч би оролцож хоёрдугаар байрт шалгарч байсан. Улсын начин Эрхэмбаяр гуай түрүүлж байлаа.

Тэр үед Одончимэд гуай тааралдаж “Чи дуулаачийн мэргэжлээр СУИС-д суралцах бол  Нутгийн зөвлөлөөс сургуулийн төлбөрт дэмжлэг үзүүлнэ” гэж хэлсэн. Ингэж намайг урлагийн сургуульд сурах, цаашлаад урлагийн их айл руу орох их урам зориг, итгэл найдварыг хүлээлгэсэн юм.

Оюутан болох анхны гараа Одончимэд гуайн дэмжлэгээс үүдэлтэй байжээ?

-Миний ирээдүйг тэр хүний дэмжлэг шийдсэн дээ. Намайг үнэлж нутгийнхаа нэрийг өндөрт өргөх дуучин болоосой гэж бодсон болов уу.

Тухайн үед их сургуулийн сургалтын төлбөр том л зүйл байсан. Хоёр гурван жил миний сургалтын төлбөрийг төлсөн. Үүнд би маш их баярлаж явдаг.

Оюутан цагийн дурсамж хожим ярих, бодох зүйлтэй, алдаа оноотой байдаг. Хөдөөнөөс ирээд эхлээд хамаатныхаа айлд буугаад л оюутны амьдрал эхэлдэг?

-Ёстой тийм. Оюутны байр шинэ оюутныг шууд авдаггүй. Нэгээс хоёр сар болгож байж авдаг. Би анх ээжийнхээ эгчийнд бууж байлаа.

Манай хамаатны бүх хүүхдүүд тэр айлаас оюутан болж өсөж өндийсөн. Ер нь Монголын амьдралын нэг дүр төрх мөн дөө. Хөдөөнийхөн хотод байгаа ойрын ах дүү нарынд хүүхдүүдээ сургадаг.  Айлын  хүүхдүүдийн хөлд дарагдаж л байдаг, зарим нь болохгүй бүтэхгүй зүйл хийж л байдаг, тэр болгоныг л авч явж, зохицуулж  байсан ах эгч хоёртоо баярлаж  явдаг.

Монголчууд тэр болгон баярласан сэтгэлээ илэрхийлээд байдаггүй. Дараа нь  хоёр жил байранд амьдарсан. Уртын дууны ангийг сонгосноороо ханьтайгаа учирч байлаа. Уртын дууны буян их юм.

-Ямар ч сургуульд сурахад багш нарын заах арга барил чухал байдаг. Багш нар тань ямар шаардлага тавьдаг байв?

-Оюутан болоод МУГЖ Б.Батболд багшийнхаа шавь нь болсон. Багш маань ухаантай. Мөн  морин хуурын Алтанбат багш  минь  байна.

Хоёр багш маань дөрөө нийлж хамтарч ажиллахдаа сайн. Багш өнөөдөр бэлтгэл хийсэнгүй гэж загнадаггүй. Дуулах арга болон ерөнхий зүг чигийг нь тавиад өгчихдөг. Тэгэхээр хүүхдүүд өөрийн сонирхлоороо сурдаг, тухайн уран бүтээлээ судалж, хайж, баяжуулдаг.

Аливаа зүйлийг нэг бүрчлэн огт заадаггүй. Бид санаагаа гаргаад л зохих зөвлөгөөгөө аваад сурахын төлөө зүтгэдэг байсан. Өөрсдөө бие дааж сурсан зүйл оюун санаанд баттай үлддэг.  Багш биеийг нь даалгахад илүү анхаардаг байлаа..

Урлагт хөл тавихад шантрах, эргэж буцах тохиолдол гардаг гэдэг. Таны хувьд ямар байв?

-Зорилготой хүн л энэ салбарт илүү амжилт үзүүлэх юм шиг санагддаг. Цаасан онгоц шиг байж болохгүй, салхи хаанаас эргэнэ тийшээ намираад байж болохгүй гэж сургадаг. Миний хувьд мэргэжлийн урлагийн дууны төлөө л хүчин зүтгэж явна.

-Их сургууль төгсөөд анхны уран бүтээлээ хэрхэн эхэлж байв?

-Хамгийн анхны уран бүтээл манай нутагтай холбоотой. Л.Одончимэд гуай тухайн үед 25 дугаар суваг телевизэд “Үлэмжийн чанар” гэдэг нэвтрүүлэг захиалж хийлгэж байсан юм билээ.

Тэр нэвтрүүлэгт дүр хайж явсан уран бүтээлчид надад санал тавьж миний хамгийн анхны нэвтрүүлэг болсон. Г.Балжинням гуайн “Тэмээний дэргэд”, Л.Эрдэнэбат, Б.Ганболд ах хоёрын “Учирласан дуу”-г клипжүүлж байлаа.

Дуучин Батцэцэглэнгийн уран бүтээлийг сонирхоход ардын дуу, язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн зэмсэг, хэв маягтай хослуулжээ гэж боддог. Тухайлбал “Үлэмжийн чанар” дуу. Уламжлал, шинэчлэлийг хослуулж бүтээлээр туурвиж байна уу?

-Уртын болон ардын дууг миний үеийн болон надаас доод насны үеийнхэн өнцгийг нь танихгүй байх шиг. Тэдэнд өөрийнхөө уран бүтээлийг таниулах өөрийгөө сонсгохыг хүсч байна.

Зөвхөн би үндэсний хөгжимтэй дуулаад байвал  дөчөөс дээш насныхан сонсоод дуусаж магадгүй. Харин би одоо үеийнхэнд ойлгуулахын, сонсгохын тулд л арай өөр онцлог байдлаар хүргэхийг зорьж байна.

Сонирхож байгаа зүйлийг нь би даган дуурайж байгаа юм биш л дээ. Дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөг нийлүүлэн алхах зорилго байна.

Гэхдээ үндсэн ардын дууны дуулах арга барил дээр суурилж  орчин үеийн хөгжмийн онцлогт тохируулж бүх утга жанарыг алдагдуулахгүй дуулж байгаа.

Уран бүтээлийг тань үзэж сонсож байхад тухайн бүтээлийн утга агуулга, ая дан, онцлог зүйлсийг нарийн судалж дуулдаг юм шиг санагдсан?

-Баярлалаа. Аливаа уран бүтээлийн нарийн учрыг эхлээд судалж, ойлгож өөрийн болгоод олон түмэнд хүргэхийг хичээдэг.

Миний нэг зорилго бол нутгийнхаа Ноён хутагтын зохиосон дууны уран бүтээлийг нарийн чанд судалж олон нийтэд түгээхийг  хичээж явна. Уртын дууч байна гэдэг дуулахаас гадна судлаач байхыг шаарддаг юм байна. Би Хутагтын нутгийнх.

Миний амьдрал хутагтын нутгаас үүдэлтэй болохоор гэгээнтний зохиосон уртын дуу, зарим нь ардын дуу, зарим нь зохиолын гэгддэг дуунуудыг түүний дуу юм шүү гэдгийг баталж, нотлоод дуулах юмсан гэж боддог.

-Ноён хутагтын зохиосон олон дууг монголчууд дуулдаг. Ая дан, үг утга санааг янз бүрээр илэрхийлэх тохиолдол байна уу?

-Равжаа хутагтын өөрийнх нь шаштирт маш олон айзам, бэсрэг уртын дуунуудыг өөрийх нь зохиосон дуу гэж бичсэн байдаг.

Эдгээр дуу төв Халхад маш их дуулагддаг. Гэтэл бусад аймгийн дуучид үүнтэй санал нийлдэггүй, өөр өөр түүх домгийг ярьдаг. Тийм болохоор дуулахыг хажуугаар судалж, он цаг, үүх түүхийг харьцуулж Равжаа хутагтын зохиосон уртын дууны баялаг сан хөмрөгт түшиглэн  уртын дуучдын уулзалт, эрдэм шинжилгээний хуралтай, наадам зохион байгуулахыг мөрөөддөг.

Үүнийг  Хамарын хийдийн орчимд тайз дацан засаж,  зун намрын нэг сайхан өдөр зохион байгуулах цаг ирэх болов уу гэж мөрөөддөг. Тэр цаг иртэл өөрөө дуулж, судалгаагаа арвижуулна. Равжаа хутагт тухайн үедээ хүлээн зөвшөөрөгдөггүй байсан.

Учир нь шашин номын дууллыг ард иргэдэд  дэндүү ойртуулж байна гэж үздэг байж. Тэр агуу хүн шашин ном ард иргэдэд үнэхээр хэрэгтэй л юм бол үүнийг дэлгэрүүлье гэж бодож байсан.

Алтан говийн унага” гэдэг уртын дуу зохиосон Дорноговийн уугуул, алдарт морин хуурч  Чойн Банзрагчийн уран  бүтээлийг судалж дэлгэрүүлэх үйлсэд  хүчин зүтгэж байгаа гэж сонссон?

Тиймээ. Уртын дуу зохионо гэдэг амаргүй. Зөвхөн хэсэгхэн хугацаанд хит болоод мартагдах бүтээл байна. Гэтэл уртын дуу бүх цаг үед дуулагдаж байна.

Үүнийг зохионо гэдэг оюуны их чадамжтай хүний ажил байх.Социализмын үед аливаа уран бүтээлийг шүүн тунгааж хурлаар хэлэлцүүлж олон нийтэд хүргэхийг зөвшөөрдөг байж.  “Бүргэд хоншоортой бор” гэдэг дууг Ч.Банзрагч гуай зохиожээ.

Ингээд хурлаар оруултал “За банзрагч минь чи “Алтан говийн унага” гэдэг сүрхий сайхан дуу зохиочихоод одоо “Бүргэд хоншоортой бор” гэдэг дуугаар яах нь вэ гэсэн гэдэг.

-Үзэл суртлын үед аливаа уран бүтээлд хандах хандлага тийм байсан?

Тийм байх аа. Тэр дууг миний анхны уртын дууны мэргэжлийн багш, “Саран хөхөө” театрын уртын дуучин СТА, Ч.Цэрэндэжид багш маань зааж байсан. Тэр дууг том том уралдаануудад дуулах дуртай.  Үүнийг СУИС-ийн оюутнууд ч дуулдаг.

Уртын дуу дуулахад тухайн дуучнаас арай л илүү хөдөлмөр, зүтгэл шаарддаг юм шиг санагддаг?

-Дахин дахин сургуулилт хийж  өөртөө техник  суулгадаг. Амьсгааны техник гээд амны хайрцагаа маш сайн бодох ёстой. Гэхдээ дуучин хүн оюун тархиндаа их ачаалал авдаг, аливааг судалж, эргэцүүлдэг  сэтгэл зүйгээ бэлдэж хоолойгоо өөрөө удирдаж ажиллуулдаг гээд хөдөлмөр их.

Хүмүүс биднийг задгай хашгирдаг гэж ойлгож магадгүй. Тийм биш. Дөмөн гэдэг дуу байна. Равжаа хутагтын зохиосон дууны санд байдаг. Энэ дууны мөн чанар юу билээ? тэр хүний, энэ хүний дуулснаар гээд л дуулдаг. Боржигон дуу гэхлээр хурдан хурдан явдалтай, гэтэл төв халхын дуунууд илүү сунгаж, айзам шавхаа нэмж дуулдаг. Миний хувьд болоогүй. Сурч, судалж л явна.

Гадны кинонд тоглож  уран бүтээлээ хүргэсэн. Танд санал тавьсан уу?

“Марко поло” киноны монгол дахь продюсер жүжигчин М.Оргил ах гадны уран бүтээлчдээс видео бичлэг авч байгаа. Чи үүнд оролцох  сонирхол байна уу? гэсэн.

Ингээд би өөрийн бичлэгээ явуулахад шалгарч  тус киноны хоёрдугаар хэсгийн нэгдүгээр анги буюу Хубилай хааны хүүгийн найран дээр дуулж байгаа хэсэгт тоглосон.  Зураг авалт нь Унгар Улсын Будапешт хотод авч байсан.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Ардын болон уртын дуугаа дуулж байна. Театрын түүхт 70 жилийн ойн хүрээнд тоглох уран бүтээлийн бэлтгэл ажлууд бий. Намар тоглолт хийхээр төлөвлөсөн. Ардын цууны цомог маань амжилттай борлогдож байгаа.

-Гадаадад тоглолтоор их явж байна уу?

-Уран бүтээлийнхээ буянаар төрийн болон хувийн шугамаар гадны улсад зорчиж  уран бүтээлээ хүргэж байна.

Гадны сонсогч болон гадаадад амьдардаг монголчууд болон гадаад дахь сонсогч үзэгчид уран бүтээлийг маань захиалж үзэж сонсож байгаа болохоор урамшиж байгаа. Орос, Хятад, Итали, Хайнань гээд олон газраар явж уран бүтээлээ хүргэж явна.

Уран бүтээлийн саналууд олон ирдэг үү?. Таныг Монголын томоохон уран бүтээлч, продюсер нартай хамтарч ажилладгийг мэдэх юм.

 

-Уран бүтээлийн саналууд олон ирнэ. Аливаа уран бүтээлийн нарийн учрыг эхлээд судалж, ойлгож өөрийн болгож байж олон түмэнд хүргэхийг хичээдэг.

Мөн өөрийн гэсэн чиг шугамаа баримтлахыг хичээдэг.  Зарим уран бүтээл дээр санаа нийлэхгүй байх тохиолдол ч гарна.  Надад таалагдаагүй, хөнгөн хийсвэр зүйлээс шууд татгалздаг.

-Хөдөөгийн ахуйд ойрхон өссөн хүүхдүүд хожим сургуульд орж амьдралд хөл тавихдаа аливаад хандах хандлага нь илүү байх шиг санагддаг?

-Маш том түлхэц өгдөг. Зөвхөн дууг хоолойгоор дуулах биш дуугаа мэдэрч, ойлгож дуулах гэдэг өөр.  Хүмүүс дуучдыг  хараад та нар үнэхээр гоё юм аа.

Дуртай газраа очоод л дуулдаг, олны алга ташилтад хүрээлүүлээд гэж ярьдаг. Уртын дуу монголчуудын аж амьдралаас үүдэн гарсан.

Дуулахдаа төсөөлөл хийх, тиймэрхүү орчинд байна гэж бодоод л дуулах юм бол миний хүсч байсан өнгө, сүнслэг зүйл гардаг юм шиг санагддаг. Үүнийг ахуйгаасаа л олж авдаг. Говь нутагтаа мэндэлж, ботгон гунганаа сонсон өсч, монгол ахуйтай ойр байсан учраас  дуулахад дөхөм байдаг болов уу.

Урлагийнхан гэртээ цаг зарцуулах нь хомс. Таны хувьд?

-Харьцангүй бага шүү. Хоёр хүүхэдтэй. Хань маань дуртай ажлаа хийдэг. Сайн ханьтай учраас л ажил үйлс маань бүтэмжтэй байгаа.

Улсын хэмжээнд тогтоогоод байгаа хорио цээр бол манай гэрийнхний хувьд хамтдаа байх боломжийг олгосон. Аливаад хувирахгүй байхыг боддог. Хүний  хүмүүжил бол өөрийг нь  шууд тодорхойлдог. Өөрөө мэдэхгүй хэрнээ өөрийг нь шууд илэрхийлдэг зүйл  нь хүмүүжил юм байна.

Ирээдүйн мөрөөдөл, амбицыг сонирхвол?

-Эмээ маань надад нэг зүйлийг захиж хэлдэг байлаа. Хүн бүхэн чамайг сайхан дуулж байна, сайхан харагдаж байна  л гэж ярина. Зарим нь чамайг хөөрөгдөнө.

Харин   чи “Даруу” бай гэж сургадаг байсан. Эмээгийнхээ сургаалийг л дотроо бодож биелүүлж явна. Урлагийн хүн болсон л бол амбиц гэдэг зүйлийг орхиж болохгүй. Үүний ньюансыг нь олоод зөв хийх ёстой. Амжилттай яваа хүнд амбиц өөрөө л ирдэг байх.

Тавин насан дээрээ ямархуу дуулах бол гэж би бодож байна. Уртын дуу бол бусад дууны төрлөөс урт настай. Магадгүй тавин насан дээрээ ч юм уу аль нэг дэлхийн том наадам, арга хэмжээг нээгээд зогсохыг мөрөөдөж байна.

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button