Нийтлэл

Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч

Өмнөх нь 2020-04-22-ны дугаарт.

Өмнө нь галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад онцгой үүрэгтэй өртөөний жижүүрийн ажлыг сонирхон тэмдэглэж байв. Харин энэ удаа  их дуу чимээ хангинуулж өглөө, үдэш орой, шөнийн аль ч  цагт гэнэт зочлон  ирэх илчит тэрэгний машинчийн ажил ямар байдаг тухай сонирхлоо.

Галт тэрэгний машинчийн ажлыг сонирхохыг хүсч УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн дарга Д.Хорлоод санал тавьтал тэрээр дэмжиж хөдөлмөр аюулгүй ажиллагааг сайтар хангаж явуулахаар болсон юм.

“Хэзээ явах талаар шөнө залгаж мэдэгдэнэ, утсаа битгий унтраагаарай” гэсэн болохоор сэрүүлэг тавиад дугхийчихэв. Гэнэт утас дуугарлаа. Үүрийн 04.20 минут. “…Зүтгүүрийн депогоос ярьж байна. Замын-Үүд рүү явах товаарын галт тэрэг удахгүй хөдөлнө Та Вокзал дээр ирнэ үү” гэхэд нь хурдан хувцаслаад урьд орой хийсэн цуйвангаас хар цайтай хольж цохьчихоод үүргэвчээ шүүрээд гарлаа.

Вокзал дээр иртэл Сэлэнгээс Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд төмрийн хүдэр ачсан галт тэрэгний цувааг чирч яваа 2806 дугаар зүтгүүрийн галт тэрэгний машинч нар ээлж хүлээлцэж, вагон үзэгч галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгаж байна.

Учир нь галт тэрэгний машинч  220  км орчим жолоодоод зүтгүүрээ дараагийн машинчид хүлээлгэн өгөх журамтай. Ээлж хүлээлцэх ажил дуусч УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн Ашиглалт эрхэлсэн орлогч дарга  О.Батдорж, машинч Ц.Цэрэнтогтох, туслах машинч В.Цагаанбилэг нарын  хамт Сайншандаас Замын-Үүдийн чиглэлийн аялалд гарлаа.

Ихэнх тохиолдолд зүтгүүрийн кабинд туслах машинч болон машинч гэсэн хоёр хүн аялдаг аж. Харин  зааварлагч машинч гурван сарын хугацаанд нэг удаа галт тэрэг аялахад хамт явж тухайн ажлын гүйцэтгэл, тогтоосон дүрэм журмыг сахиулж тодорхой  зөвлөмж, үүрэг даалгавар өгдөг гэнэ.

Харин энэ удаагийн аялалд машинчийн кабинд сэтгүүлч зорчих тул түүний аюулгүй байдлыг хангаж, тодорхой асуултад хариулж заавар зөвлөмж өгөх зорилгоор Ашиглалт эрхэлсэн орлогч дарга О.Батдорж хамт явсан юм.

Тэрээр галт тэрэг жолоодож явахад машинчаас элдэв асуулт асуухгүй, анхаарлыг нь сарниулахгүй байх талаар зөвлөв. Галт тэрэгний хантааз, малгай өмслөө.Тиймээс би өртөө зөрлөг дээр зогссон үед л сурвалжилгаа хийж машинчийн ажил үүргийг сонирхож явлаа.

 

Күтийн систем нь  аюулгүй байдлыг хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлдэг

 

Зүүн гар талаас машинч Ц.Цэрэнтогтох, туслах машинч В.Цагаанбилэг, Сайншанд татах хэсгийн Ашиглалт эрхэлсэн орлогч дарга  О.Батдорж. 

 

Галт тэрэг асах, хөдөлгүүр ажиллах, хөдлөх зэрэг ажиллагаа нь онгоцны үйл явцтай төстэй юм. Их дуу чимээ хангинуулан хөдөлгүүр асах бөгөөд хэсэг хугацааны дараа аажмаар хөдлөв.

Хөдлөхийн өмнө машинч, туслах машинч хоёр күтийн системийг мөрдөж заавал гараараа зааж дохио өгөн баталгаажууллаа. Энэ систем нь 2008 онд Монголд нэвтэрчээ.

Өөрөөр хэлбэл зам дээр ассан шар, улаан, ногоон  дохионы утга агуулгыг зэрэг мэдэрч баталгаажуулдаг нь күтийн системийн ач холбогдол гэнэ. Энэ нь галт тэрэгний аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой.

Цэрэнтогтох 55 вагон буюу 4600 орчим тонн жинтэй ачааг тээвэрлэсэн зүтгүүрийг асааж хөдлөв.  Бидний аялсан 2ТЭ25КМ-0461 маркийн илчит тэргийг 2019 оноос эхэлж ашиглаж байгаа шинэ зүтгүүр аж. Галт тэрэгний тогтоосон хурд 100 км.

Гэхдээ 100 км  явах нь ховор. Галт тэрэг 70-75 км цагийн хурдтай явж байлаа. Галт тэрэгний дээд хурдыг нарийвчлан тогтоодог бөгөөд үүнээс илүү хурдтай явах боломжгүй. Дэлгэц дээр галт тэрэгний хурд, түлшний шатал, дулаан зарцуулалт зэрэг бүх өгөгдлүүд харагдана.

Сайншандаас Замын-Үүд хүртэл нийт 11 зөрлөг бий. Машинч зам зуур богино холбооны станцаар Улаанбаатарын галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч болон зөрлөгийн жижүүр бүхэнтэй холбогдож мэдээлэл солилцоно. Өртөө зөрлөг дээр зогсох бүрт тэмдэглэл хөтөлнө.

Түшлэг, Долоодын хөндий, Улаан-Уул, Сумангийн гол, Авгын гол……… гээд Замын-Үүд хүртэлх төмөр зам  бидний өмнө зурайна.

Удалгүй Цэрэнтогтох 39 дүгээр зөрлөгийн жижүүртэй холбогдлоо. Тэрээр“…Аль замаар нэвтрэх тухай мэдээллийг баталгаажуулж 2806 дугаар галт тэрэг 39 дүгээр зөрлөгийн нэгдүгээр замаар шууд  явахаар ойлголоо…” гэв.

Мөн л күтийн системийн дагуу тэд долоовор, дунд хуруугаа зэрэг гозойлгож харагдав. Хоёр ногоон гэрэл асч байвал саадгүй нэвтрэх, хоёр шар гэрлэн дохио асч байвал галт тэрэг хажуугийн замаар зогсох, нэг шар гэрлэн дохио анивчиж байвал анхааруулах зорилготой дохиог машинч болон туслах машинч нар ягштал баримтална.

 

Анивчсан улаан гэрлийг унтрааж амжаагүй бол галт тэрэг автоматаар зогсоно

 

 

Цэрэнтогтох жолоодлогын үедээ тодорхой давтамжтай ассан анхааруулга улаан дохиог байнга унтрааж харагдана. “Энэ ямар учиртай дохио вэ” гэж асуухад тэрээр ийн хариулсан юм.

Асч, анивчиж байгаа улаан гэрэл бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой, машинчийн сонор сэрэмжийг шалгаж байгаа хамгийн чухал дохио юм. Өөрөөр хэлбэл  улаан гэрэл  долоон секундын турш дуугарна. Хэрэв энэ хугацаанд галт тэрэгний машинч улаан гэрлийг амжиж унтрааж чадаагүй тохиолдолд машинчийг унтсан, эсвэл жолоодох чадваргүй болсон гэж үзээд галт тэрэг автоматаар тоормозлоод зогсоно.

Улаан гэрэл багцаагаар 1.30 минутын давтамжтай асна. Зүтгүүрийн машинч, сонор сэрэмжтэй байж анхаарлаа өөр зүйлд хандуулж болохгүй” гэв. Багцаагаар минут гучин секундын давтамжтай асах анхааруулга бүхий улаан гэрлэн дохиог долоон секундын дотор амжиж унтрааж чадахгүй бол галт тэрэг автоматаар шууд зогсоно гээд бодохоор ямар их хариуцлагатай чухал ажил вэ гэдгийг шууд мэдрэв.

Үүнд л машинчийн анхаарал, овсгоо самбаа оршиж буй нь тэр. Өгсүүр газар хурдаа хэтэрхий багасгачихвал гал тэрэг удаан явах бөгөөд түлш их зарцуулах магадлалтай. Галт тэрэг  хаана, ямар зөрлөг дээр хэдэн цагт очих, цааш хэдэн цагт хөдлөх тухай нарийн товлосон графиктай. Энэ бүхэнд машинчийг ажлын хариуцлага байнга дагаж байдаг гэв.

Машинчийн кабинд удирдлагын систем буюу хар хайрцаг бий. Дотор нь галт тэрэг хэзээ хөдөлсөн, ямар хурдтай явж байгаа, хаана зогссон, ямар хөдөлгөөн хийсэн, ямар машинч жолоодож явсан зэрэг бүх мэдээлэл бичигдсэн байдаг.

Галт тэрэгний хөдөлгөөнийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч буюу деспитчерийн удирдлагын дагуу өртөөний жижүүр хангаж аль зөрлөг дээр ямар замаар орж зогсох болон  хэдэн минутын  дараа  хөдлөх зэргийг зохицуулдаг.Замын-Үүдэд очоод зам зуур хэрхэн яаж явж ирсэн талаар диспитчерийн хамт дэлгэрэнгүй  протокол үйлдэж хүлээлгэн өгдөг байна.

 

Ц.Цэрэнтогтох:Өдий төдий тэрбумаар тоологдох ачааг  хоёулхнаа хүргэдэг ажилдаа дуртай

 

 

 

Цэрэнтогтох  бол Дорнын говийн унаган хүү. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.  Төмөр замын сууринд өсч торнсон тэрбээр Төмөр замын дээд сургууль төгсөж Сайншандын татах хэсэгт 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа аж.2010 оноос эхэлж илчит тэрэгний машинчаар 10 дахь жилдээ ажиллаж байна.

Тэр байгууллагынхаа 2014, 2016 оны цувааны аварга болсон бөгөөд галт тэрэгний машинчийн хоёрдугаар зэргийн үнэмлэхтэй. Аагим халуунд ч, хахир хүйтэнд ч алсын харгуйг ширтээд  аялалд явах нь машинчийн жаргал.

Тавь гаруй вагон бүхий 4000 гаруй тонн жинтэй ачааг туслах машинчтайгаа хамт зорьсон газраа хүргэж өгчихөөд амрах байрандаа ирээд л санаа амардаг. Зам зуур  байгалийн сонин сайхан хийгээд шуурга, бороо, цас алинд ч зогсох эрхгүй урагшилж байдаг галт тэрэгний машинчийн ажил тэнгэрлэг.

Хоёрхон хүн л  тэрбум тэрбумаар үнэлэх их ачаа, эд хөрөнгийг  зорьсон газарт нь хүргэж өгдөг хэмээн тэрээр өөрийн мэргэжлээрээ бахархсан юм. Аргаль, үнэг, хярс, чоно хүртэл дагаад л хурдлахыг харж явах  нь монгол орноороо, уудам тал нутгаараа бахархах сэтгэл аандаа төрдөг гэв.

Галт тэрэгний машинч I, II, III, IV  зэргийн шалгуур давах учиртай. Дадлага туршлагатай,  он удаан жил ажилласан,  үзүүлэлт, өндөр машинч нар нэгдүгээр зэргийн  үнэмлэхтэй болж суудлын галт тэрэг жолоодох эрхтэй. Харин шинэ машинч нар дөрөвдүгээр зэргээс эхэлдэг гэнэ.

Тухайлбал, гурван жил ажиллаж байж гуравдугаар зэргийн машинч, таваас дээш ажиллаж байж хоёрдугаар зэргийн машинч болно. Илчит тэргийг төгс мэдэж, судалж бүх шалгуурыг давсан хүн л нэгдүгээр зэргийн машинч болж суудлын галт тэрэгний машинчаар ажиллана. Ирээдүйд нэгдүгээр зэргийн машинч болох зорилго өвөртөлж яваа тухай тэрээр өгүүлсэн юм.

 

Дутууг нөхсөн туслах машинч

 

 

 

Галт тэрэгний дуу зогсоо зайгүй нүргэлнэ. Говь талын энгээр адуу мал тааралдахаас гадна хаа нэгтэй зээрийн сүрэг хурдалж өнгөрөх. Байсхийгээд л  арын дизелийн өрөө рүү гүйгээд орчихдог туслах машинчийн ажил сонирхол татлаа.

Валягийн Цагаанбилэг уг нь биеийн тамирын багш мэргэжилтэй ч төмөр замд ажиллах сонирхолдоо хөтлөгдөн  2017-2018 онд Дорноговь аймгийн Төмөр замын МСҮТ-д илчит тэрэгний туслах машинч мэргэжлээр төгсжээ. 2018 оноос УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн Ашиглалтын цехийн есдүгээр цуваанд туслах машинчаар ажиллаж байгаа аж.

Тэрээр ажлынхаа талаар ийн ярьсан юм. Миний ажил бол машинчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илчит тэрэгний цэвэрлэгээ үйлчилгээг  хийдэг, аяллын хугацаанд илчит тэрэгний эд ангид хяналт тавина, дизель эд ангийн бүрэн бүтэн байдлыг замыг турш хянадаг. 235 км-ын аяллыг илчит тэрэг үргэлжлүүлэхэд бэлэн үү үгүй юу гэдгийг шалгаж машинчад дэм болж ажиллана.

Өөрөөр хэлбэл машинчийн дутууг нь гүйцээж явдаг. Эхлээд туслах машинчаар хоёроос гурван жил ажиллаад  цаашдаа өөрийн хичээл зүтгэлийн үрээр машинч болж зэргээ ахиулж амжилт гарган ажиллах сонирхолтой. Галт тэрэгний аялал бол тогтоосон норм, дүрэм журамтай, ямар ч илүү үйлдэл хийж болохгүй. Дизелийн өрөөнд орж эд ангийг шалгаж, тос, масло, ус ямар түвшин байгааг хянана.

Ажлын байран  дээр гарах танхимд номын дуу үзэх хоёрын дунд ялгаа бий. Ажлын байранд гараад ирэхлээр бүх зүйл өөрийн толгой дээр ирдэг тул маш их хариуцлагатай, анхаарал, сонор сэрэмжттэй байх ёстой. Шинээр машинч болж байгаа хүмүүс зааварлагч машинчтай хамт явж дадлагаждаг гэв.

 

Төгсгөл

 

 

Их говийн ухаа толгод дундуур мурилзан сүлжин давхих галт тэргийг цонхоор дурандахуйд газрын гүнээс атиралдан гарч ирэх могой мэт харагдана. Заримдаа хүүхдийн тоглоом шиг.

Тэртээд торолзох буйдхан зөрлөгөөс  эхлэн тэнгэрийн хязгаарыг дуустал давхих тийм л эрч хүч, урам зориг, хүсэл мөрөөдөл  галт тэрэгний машинчид буйг анзаарч явлаа.

Ийн давхисаар бид 235 км замыг туулж Замын-Үүдэд ирлээ. Дараагийн машинч тэдний ачааг Замын-Үүдийн боомтоор Эрээнд хүргэнэ. Өртөө улаач шиг ажилтай машинч нар өдий төдий тэрбумаар тоологдох ачаа барааг улсын нэг захаас  нөгөө захад уухайлан хүргэж байгаа нь энэ.

Машинчид ажлаа хүлээлцсэний дараа тэд амрах байрандаа ирж эмчийн үзлэгээр орж тухаллаа. Тэдний амрах байр тохь тухтай хоол унд сайтай аж.

Зорчигчид үл таних, зогссон ч өөрөө үл үзэгдэх галт тэрэгний машинчийн ажил ийм буюу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button