Мал эмнэлгийн лабораторийг ашиглалтад хүлээн авлаа
Азийн хөгжлийн банкны 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан, мал амьтны халдварт өвчин, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх өндөр хүчин чадалтай Мал эмнэлгийн лабораторийг өнөөдөр хүлээж авлаа.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг, Азийн хөгжлийн банкны “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн мэргэжилтэн Бурмаа нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Мал эмнэлгийн лабораторийн барилгыг “Өгөөмөрөн-Шанд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Мед Импекс Интернэшнл” ХХК болон “Сүвэн-Уул” ХХК-уудаас шинээр нийлүүлэгдэж 89 нэр төрлийн 220 ширхэг тоног төхөөрөмжийг угсрах юм.
Энэхүү лаборатори ашиглалтад орсноор аймгийн Мал эмнэлэг Химийн лаборатори (малын эмийн үлдэгдэл, пестицид), Гистологи эмгэг судлал, Хор, халдварт өвчин судлал, хөгц мөөгөнцөр судлалын 4 шинжилгээний тасагтай болж өргөжин, 200 дээжид нэгэн зэрэг шинжилгээг хийх боломжийг бүрдүүлж байна.