Замын-Үүдийн боомтын шинэ өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж энэ оны нэгдүгээр сарын 08-нд ашиглалтад хүлээн авлаа. БНХАУ-ын Эрээн боомт хүчин чадлыг нэмэгдүүлэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2019 оноос БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн байна. Замын-Үүдийн боомтоор өмнө нь нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байсан бол өргөтгөл шинэчлэл хийснээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг ес дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болж буй төдийгүй өдөрт дээд тал нь 20 гаруй мянган хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай гэдгийг албаныхан мэдээлсэн. Мөн “Ковид-19” цар тахлаас шалтгаалж тусгай горимд шилжээд байсан Замын-Үүд олон улсын боомтын авто замаар зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа мөн л энэ өдрөөс эхлэн хэвийн горимд шилжлээ.
Харин Замын-Үүдээс хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч “сөрөг” хариу гарсан тохиолдолд нэвтрэх бол Хятадын талаас ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөөд нэвтрэх тухай албаныхан мэдээлсэн юм. Дэлхий даяар тархаад байсан “Ковид-19” цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сард Замын-Үүд боомтын Монгол-Хятадын зорчигчдын хөдөлгөөнийг хааж байсан бол цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж тусгай горимд шилжүүлэн ажиллаж байсан юм. Боомтын шинэчлэлийн барилга хүлээн авах ёслолын ажиллагаанд Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, БНХАУ-ын Эрээн хотын холбогдох удирдлага, Монгол Улсын хил гаалын албаны ажилтнууд оролцжээ.
Эх сурвалж: