Дорноговь аймагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих ажлын хэсгийн сургалт, хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Н.Хонгорзул: “Нээлттэй Дорноговь” хөтөлбөр боловсруулж байна
Дорноговь аймгийн хувьд хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 448 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх аймгийн дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэ оны ннэгдүгээр сарын 05-нд дээрх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны сургалт хэлэлцүүлэг болж Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн гишүүн, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Батсугир, аймгийн Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нар, агентлагийн дарга, удирдлагууд оролцож, Дорноговь аймагт шилжин ирж, суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Дорноговь аймаг авто зам, төмөр зам зэрэг тэд бүтэцийн давуу талаа ашиглаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжиж эхлэл тавигдсан. Хөгжлийн томоохон хөтөлбөрүүдтэйгээ уялдуулж манай аймаг хүн амаа өсгөх бодлого тавьж байгаа.Өөрөөр хэлбэл аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулж шилжин суурьшигчдыг хүлээн авах бодлого баримталж байна.
Мөн “Нээлттэй Дорноговь” хөтөлбөрийн төслийг боловсруулж хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүсээс санал авсан байна. Дорноговь аймаг хүн амаа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний чанар хүртээжийг нэмэгдүүлэх, Дорноговь аймагт шилжин суурьших иргэдэд төрийн үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг суурьшуулахад анхаарах, шилжин суурьшихад тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоог хангах, иргэдийн сэтгэл хандлагад эерэг өөрчлөлт үзүүлэх, мөн орон нутгийн төрийн бус байгууллагуудыг дэмжих зэрэг ажлыг төлөвлөж аймгийн ИТХ-аар хөтөлбөр болгон батлуулахаар ажиллаж байгаа хэмээн Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул өгүүлэв.
Мөн Дорноговь аймагт шилжин амьдаръя гээд зорьж ирсэн тохиолдолд газар зохион байгуулалтад өөрчлөлт оруулж шинэ суурьшлын бүсийн 20 хүртэлх хувьд нь шилжин ирсэн иргэнд газар олгох, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон зорилт тавьжээ.