Шуурганд алга болсон 118 иргэнээс 114 хүнийг эсэн мэнд олжээ
Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн нийт нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганаар 118 иргэн алга болж үүнээс 114 иргэнийг алба хаагчид эсэн мэнд олжээ.
Үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна. Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, алга болсон хүнийг эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисс болон бусад чиг үүргийн байгууллагын давхардсан тоогоор 50 нэгж тээврийн хэрэгсэлтэй 240 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд аймгийн нийт нутагт 0-9 см хэмжээтэй цасан бүрхүүл тогтжээ.
Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч ,үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүссэн тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны 18:00 цагаас 23-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.