НийгэмНийтлэл

Цагаан зээр үгүй бол тал нутаг гунигтай

Говийн нэгэн хүйтэн шөнө алсарч өглөөний нар мандах цагаар өөдөсхөн бут бараадан хэвтэх зээрийн янзагатай тааралдлаа.

Хүн бүү хэл салхи хөдлөхөд л дөрвөн хөл дээрээ үсрэн цовхчоод, өвсний толгой дээгүүр туруугаа хүргэлгүй агаарт жирийлгэдэг амьтан шүү дээ. Хүн ойртохыг мэдрэх авч толгойгоо өндийлгөөд босох тэнхэл үнэндээ алга. Өл алдаж даарч бээрсэн бололтой.

Уг нь дорнын уудам тал, хялганат талыг амь оруулж үзэмж төгөлдөр болгодог амьтан бол цагаан зээр юм. Тал нутагт бор зээр буюу хар сүүлт, цагаан зээр гэж хоёр уран амьтан бий. Аль аль нь л онцлогтой. Бор зээр хүний бараа харуутаа л цахилж оддог илүү зэрлэг, цөөхүүлээ бэлчдэг бол цагаан зээр олуулаа бэлчинэ.

Зээрийн сүүл заримдаа гозойчихсон явах нь бий. Алсаас харахад антен шиг харагдана. Бор зээрийн сүүл бараг 90 градусын өнцөг гаргадаг гэх нь бий. “Хүүе тэрийг хараач. Антен явж байна гээд л нутгийнхан ярьцгаана. Давхиж явахдаа хоёр чихээ гозойлгож, цагаан танаа гялалзуулаад, уран нарийн хөлөөрөө өвс ургамлыг ярж, ус мөрөн долгилуулах шиг хурдална.

Бүжиглэж байгаа хүн шиг харагдана. Ингэж давхиж байгаад байгаль ээжийг тэр чигт нь сэрээчих шиг болно. Зээрийн давхихыг хараад бусад амьтны  анхаарах, сэрэх мэдрэмж нь хөдөлдөг шиг байгаам.

Ер нь зээрийн хөдөлгөөнөөр л араатан амьтан хөдөлж сэрж эхэлдэг байж болох. Өөрийгөө хамгаалах чадваргүй хэрнээ уран гоё цахилж яваад араатны анхаарлыг татдаг. Давхиж яваад гэнэт зогсоно.Таанын толгой шүүрчихээд ахиад л харайлгана.

Давхиж явахын заяанд төрсөн амьтан даа. Цахилж дэгдэхийг нь хараад л баймаар. Дөрвөн хөл нь агаарт эргэлдээд газарт буух агшинг олж харах гэж хараа цуцдаг. Үнэндээ цагаан зээр байхгүй бол тал газар юутай уйтгартай, юутай гунигтай байх бол. Хараа бэлчээх уудам талдаа юугаа үзэж, юугаараа бахархах билээ.

Үйл олноороо хөлөглөх цагаан зээрийн туруунд  л тал нутаг сэрдэг юм. Араатан болгоны амьд явах шалтаг нь цагаан зээр байж мэднэ.Тас шувуу далавчаа дэлгэн нисэхдээ цагаан зээр рүү л илүү өнгөлзөнө. Хэнд ч гай болохгүй энгийн номхон араншин буй болохоор элдэвлэх амьтан хүн олон.

Цагаан зээр нүүдлийн амьтан мөн. Гэвч намрын сэрүү орж, анхны хяруу унаж эхлэх үеэр л илүү хөдөлгөөн орж үй олноороо нүүж эхэлдэг гэж хуучцуул ярьдаг. Газар хөдлөх шиг л давхина. Арван мянган сүрэг бол жижиг сүргийн тоондоо ордог байсан гэх. Гайхмаар тоо.

Арван мянган амьтан сүрэглэж явна гэхлээр их тоо санагдах авч үүнээс илүү олноороо сүрэглэж явсан байх нь. Тэр бүү хэл зөвхөн ооно тусдаа ялгаран явдаг. Мянга гаруй ооно сүрэглэн явж аргаль угалз шиг хоорондоо мөргөлдөж байсан гэлцдэг. Мянган зээр давхиад өнгөрөхөд ооныг нь тоолдог байсан гэх хуучцуулын үг одоо худал сонсогдож мэднэ.

Шарга ооно, цэнхэр ооно, шоохой ооно давхиж явна гээд л. Шоохой ооно гэдэг нь шүдлэнг хэлж байгаа. Намар зээр хоёр ихэр юм шиг адилхан.Тарга тэвээрэг авч үс нь сортолзоод ирэхээрээ өнгөлөг тансаг болно. Намрын улиралд хэдэн мянгаараа хөлөглөн явах зээрийн сүргийг харахад сэтгэл хөдөлнө. Хараа булаам сайхан харагддаг.

Тав харайлгаад л үхэл тосох талын амьтны тарчлаан

Ийн бодол эргэж өнчин бутны дор үгээгүй ядуу төрхтэй өнөөх амьтныг дахин харах зуур талын зэрэглээнд тонгочин тоглож, хялганын толгой тасдан цахилдаг үзэмж гоо цагаан зээрийн нүдний гал бөхжээ. Хул шарга зүс нь гундаж, туниа муутай бие нь гууртаж эхэлж. Өндийж ч чадахгүй эрүүгээ цастай бутны бараан хэсэг дээр тулаад хааяа нүдээ цавчих. Үхлийн өмнө сөхрөн хэвтэж үйлт хорвоогийн сүүлчийн нарыг гунигтай ширтэнэ.

Эхээсээ төрөөд хүйн холбоотой нутгийнхаа дөрвөн улирлын нарыг бүтэн үзэж амжсан бил үү би. Өдөр болгон ташуурдан хөөх талын хөх салхинд түр ч атугай амсхийж таана мангирын толгойг тавтайхан хазалсан бил үү. Шөнийн бүүдгэр ертөнцийн үзүүр хязгааргүй талд өнчин бут бараадан хэвтэхдээ амгалан хоносон өдөргүй. Амьд үлдэхийн төлөө л энэ олон зуун бээр газрыг тууллаа.

Гэвч зөвхөн үхэхийн төлөө байсан гэж үү. Дөрвөн шилбэнийхээ шөрмөсийг тасартал, дөрвөн туруугаа улдтал цахилаад ч нэг ч өдөр тайван хоносонгүй. Зовлонг гэтэлгэх цаг иржээ. Уг нь хахир хатуу улирлыг давчихвал нэг нас нэмж зусаг шаргачин болоод, хялганат талдаа бүжих байсан даа гэх эцэнхий бодол л түүний дотоод ухамсарт эргэлдэж байх шиг.

Хүйтэн хэвтэр дээр өвчүүгээ хайран дагжин чичрэх энэ амьтан идэр есийн жаварт өмнөөс умар, умраас өмнийг зорин хэдэн зуун бээр газар довтолгохдоо хүний хүйтэн сэтгэлтэй нүүр тулан ад үзэгдэж, араатан жигүүртэнд хөөгдөж явсаар өл алдан даарч, эцэстээ ижлээ гүйцэлгүй эвхэрч унасан нь энэ. Жавар тачигнасан цагаан өвлөөр хүйтэн салхи сөрж өдөр шөнөгүй довтолгох зээрийн сүргийг ажихуйд тэсвэр тэвчээрийн туйл гэж хэлмээр санагдах.

Хөхөө өвлийн хүйтэнд, хөр цасны хайрууд мал сүргийг ингэж ширүүн хөөвөл замын явдал даахгүй хээл хаяад үхнэ. Бут бараадан хэвтсэн эцэнхий зээр хэвтрээсээ боссонгүй. Хэвтэр ч гэж дээ хавирга царцаах шахам цастай хүйтэн тал дээр гэдсээрээ дарж хэвтсэн бараан хонхор.

Зээрийн сүрэг төмөр замын өргөст торонд өлгөгдөж амиа алдаж байна

Говийн ээрэм талд, харгана бутны нөмөрт тогоон чинээ ийм бөөн бөөн бараан хэвтэр тав алхаад л таарна. Энэ бол эцэж ядарсан бөгтөр шарга зээрийн хорогдох гэр нь юм.Тэдэнд  буй биеэ араатнаас нуух үүр, гэр орон байхгүй. Хэдхэн хормын дараа энэ бүлээн голтой амьтны амь тасарч цаана нь өлөн нүдээ чилийлгэн байгаа бодын хар буюу тас шувууны хоол болно.

Үлдсэн сэг зэм дээр нь үнэг хярсаас өгсүүлээд өчнөөн амьтан хооллоход бэлэн эргэлдэнэ.Толгойгоо өндийлгөж ч чадахгүй хэвтээ тэр амьтны ижил сүргийн зарим нь төмөр замын өргөст торонд амьдаараа тарчилна. Хамгаалалтын торны доторх  өнжмөл өвсийг идэхээр зээрийн сүргийн түрүүч өргөст торыг хурдтай зүсэн гарч биеэрээ дүүрэн шарх аваад бусдынхаа төлөө амиа өргөнө.

Хажуугаар нь галт тэрэгний хүнгэнэсэн дуун сонстож, авто зам дээгүүр ачааны машины хүчирхэг дугуй эргэлдэнэ. Айж үргэж, цочихдоо хаашаа ч хамаагүй давхин одож өөрийгөө зовооно. Замын машинтай уралдах шахам давхиж ойворгон нөхдийн ангийн хорхойг дарах шалтаг болно. Авто зам дээр дайруулж үхнэ. Өвөл тамираа барсан амьтан хаврын шуурганаар мөн л хорогдоно. Тав харайлгаад л үхэл тосно.

Дээхнэ үед зээрийн сүргийн эрлэг нь армийн цэрэг офицер байсан бол эдүгээ цагт мотоциклтэй малчид болжээ.Тал дүүрэн бэлчсэн мал сүргээ хайрладаг шигээ тайван хонох тавилангүй зээрийн сүргийг ад үзэх малчид олон болж. Бэлчээр талхаллаа гээд мотоциклиор хөөж тууна. Агнаж махыг нь хямд зарна.

Хэнд ч гэм хийгээгүй атал хэний ч өмнө гэмтэй юм шиг огло харайн, хөөгдөж туугдан явах зээр элэг буруу амьтан биш ээ. Цагаан зээр нүүдэллэн явахдаа ургамлын үрийг салаа туруундаа нааж өөр газар шилжүүлэн зөөвөрлөнө. Энэ нь байгаль эхийг цөлжихөөс хамгаалдаг.

Цагаан зээр эмэгтэй хүн хоёр нутаггүй гэдэг хэлц үг байдаг авч төрж өссөн нутагтаа эргээд нүүдэллэн ирдэг, нутгаа цөлжүүлдэггүй элэг зөв амьтан. Зээр хялганат хээрийн эко системийг бүрдүүлдэг. Харин энэ амьтан устахад хялганат хээрийн бүс дагаад үгүй болох аюултай.

Үүнээс гадна маш олон төрлийн махчин амьтдын идэш хоол болдог бөгөөд зээр устаж дуусахад л түүгээр хооллодог олон амьтны идэш хоол хомстоно. Амьд амьтан бүхэнд үхэхийн шалтаг бий авч зээрийн сүргийн үхэл ихэвчлэн хүний буруутай үйлдлээс шалтгаалж байна.

Зээрийн сүрэг авто машинд дайруулж үхэх тохиолдол нийтлэг

Дорнын уудам тал, хялганат хээрийн бүс бол зээрийн сүргийн эртний хүйн холбоотой нутаг авч сүүлийн үед уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг шахцалдан оршсоноор уугуул нутгийнх нь бэлчээрийг булааж эхэллээ. Үүнээс гадна цаг уур, ган зудын нөхцөлөөс болж зээрийн сүрэг устаж болзошгүйг Дэлхийн байгаль хамгаалах сангийн шалгуур үнэлгээгээр тодорхойлжээ.

Жил бүр л хэдэн мянган зээр Дорноговийн нутгаар хойш урагш идэш тэжээл хайн нүүдэллэнэ. Даланжаргалан дахь Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид энэ оны нэгдүгээр сарын 10-нд Даланжаргалан сумын төмөр замын орчмын нэг талаас цагаан зээрийн үхэл хорогдлын судалгаа хийхэд 60 км зайд 157 үхсэн цагаан зээрийн сэг зэмийг олж бүртгэжээ.

Ихэнх нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулсан, цөөхөн нь идэш тэжээл хомсдсоноос болж хорогдсон нь ажиглагджээ. Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удлаа. Төмөр замын тор хуучирч ихэнх газраа суларсан, намхан, зай нүх нь их байгаа нь зэрлэг амьтан, цагаан зээр идэш тэжээл даган тор луу орох нөхцөл бүрдсэн гэх.

Мөн тор сул байгаа нь орооцолдоход нөлөөлжээ. Төмөр зам, засмал замын нүхэн гарцыг нэмэгдүүлэх,  өргөст торыг халах, ан агнуурыг бүрэн зогсоож торгуулийн арга хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл улаан номд оруулж хамгаалах хэрэгтэй болох нь.

Мөн гол бэлчээр болох дорнод хээрийн бүсэд мал оторлуулахгүй байх, бэлчээрийг сэлгэн ашиглах, энэ чиглэлийн хууль тогтоомжийг бодлогын хүрээнд өөрчилж зохицуулах, хулгайгаар зээр агнах явдлыг таслан зогсоох шаардлага гарлаа.

Төмөр зам, авто замын байгууламж цагаан зээрийн нүүдлийн замыг голоор нь хувааж цусаа сэлбэж чадахгүй, бэлчээрээ сэлгэж чадахгүй байдалд хүргэж, үхэл хорогдлын тоог жилээс жилд нэмэгдүүлж байна.

Удахгүй Тавантолгой-Зүүнбаян- Бичигт-Хөөт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зэрлэг амьтны бэлчээрийг дөрөв хуваана. Цөөхөн үлдсэн энэ амьтныг дахин цаазын тавцанд аваачих уу. Зэрлэг амьтдын идэш тэжээлээ олж идэх бэлчээр улам л хумигдана гэсэн үг.

Үүнээс гарах эрсдэл, ан амьтан байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөллийг тааварлахад бэрх. Ер нь цагаан зээрийн үндсэн нутгийг хэдэн саяар тоологдох мал сүрэг эзэлчихээд байгаа нь үнэн. Малтай газар малчид байх нь тодорхой. Малчид малаа цөөлөх эсвэл тал нутгаас нүүх шаардлага зүй ёсоор гарна.

Мал төрийн хамгаалалтад байна гэсэн хуулийн заалт магадгүй цөөхөн үлдчихээд байгаа зээрийн сүргийг улам л гадуурхах шинжтэй. Буянт мал сүргээ муулахдаа бурхандаа зул өргөдөг шиг талын цагаан зээрийг хамгаалах сэтгэл малчдад үгүйлэгдэж байна. Тав харайлгаад л үхэлтэй тулгарах талын амьтны тарчлаан хэзээ дуусах вэ.

Х.Эрдэнэбулган

2021.02.01.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button