Тэрслүү үг

МОЛИГО

Молиго хэмээх үгийн утгыг Я.Цэвэлийн толь бичгээс үзэхүл  хуурч мэхлэх, амласнаа биелүүлдэггүй гэх утгатай дүйж байна. Дунд сургуулийн пацаан охидуудын дунд захиа зөөж нэгийг хууран нөгөөтэй сэм үерхэх нь байдаг л зүйл.

Үсрээд л  ангийнхныхаа дунд сахилгагүй нэр зүүгээд мартагдана. Худалдааны салбарт хамтрагчид тохирсон гэрээ хэлэлцээрээсээ ухарч итгэл алдах нь  компани хоорондын  асуудал болохоос бус  олонд хүртээлтэй зүйл яав ч биш.

 Харин төр засаг  ард түмнээ молигдох нь   жирийн иргэдийн амьдрал, цаашлаад улс нийгэмд  гай, сөрөг үр дагуулдгийг  өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харлаа. Юу болсныг  эргэн саная.

2008 оны УИХ-ыг сонгох сонгуулийн үеэр  Ардчилсан  нам Монголын ард иргэддээ нэг сая төгрөгийг бэлнээр олгоно хэмээн амлаж яг л дуудлага худалдаанд оролцож байгаа бэл бэнчинтэй пүүс компанийн захирал шиг загнасан нь популист амлалтыг дэвэргэх алхам болсон юм.

Тэд ам нь халахдаа монгол хүн бүрт амласан Эрдэнийн хувь нэг сая төгрөгийг 2009 оноос эхлэн өгөхийн зэрэгцээ уг хувь жил бүр өсч таван жилийн дараа гэхэд найман саяд хүрнэ хэмээн “цуурч” байв даа.

Гэтэл сонгуулийн гол өрсөлдөгч МАН /хуучин МАХН/ ардчиллынхны амласныг 1,5 сая  болгон бэлнээр өгнө хэмээн ханш эвдсэн нь ямар ч тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хөөрөгдсөн амлалтын жолоог хяналтгүй тавиад туучихсан байдаг.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Биднийг сонгоод аль, тэгвэл та нарт мөнгө өгнө” гээд өглөө оройгүй довтлоод байхад хэн ч гэсэн энэ тухай эргэцүүлж бодох нь  зүйн хэрэг.

Төр нь иргэндээ тусалья гэж байхад бид саналаа өгөлгүй дээ гэсэн монгол хүний уужим ухаанаар ард түмэн эгээ л нөөцийн маханд дугаарлах шиг идэвхи гаргаж сонгуульдаа оролцсонсон.

Хөдөөгийн суманд суугаа таван ам бүлтэй Долгорынх, хотын захад наймаа эрхэлдэг Доржийнх, өнөр бүлээрээ үйлдвэрлэл эрхэлдэг Дэлгэрийнх, олон ам бүлтэй орлого багатай айл бүхэн халуун ам бүлээрээ ярилцан байж энэ сонголтыг хийсэн.

Хоёр намын өрсөлдөөн, сонгуулийн хоосон амлалт, сэтгэл уяраасан сайхан яриа, санал урхидах зэвсэг болсон бөгөөд ард түмний санал мянга мянгаараа, зуу зуугаараа нэр дэвшигчийн халаасанд орсон түүх энэ.
Бас дээрээс нь луйвар орсон.   Дараа нь улстөрчид төрд сонгогдож, сонгогчид бөөн хүлээлттэй үлдсэн.

Хоёр биенээ нэг нүдээр харж чадахаа байсан ах, дүү намууд сонгуулийн дараа харин ч албан тушаал, эрх мэдлээ хуваан авч нэг гэртээ айл гэр болон төвхнөж, бэлэн мөнгөний амлалтаа хэрхэн биелүүлэх талаар нэг хэсэгтээ л бодолхийлж сураггүй болсон нь үнэн билээ.

 Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сонгогч  бид саналаа өгснийхөө шагналыг хэрхэн хүртэв. Төрөө сонгосныхоо  хариуд хайр халамжийг нь хүртэнэ хэмээн  гүрний чанадаас гүвээ сэтэртэл харуулдах монгол хүний  уужим ухаан гарган жил дараалан хүлээсэн ч таг чиг байлаа.

Наадмаас наадам дамжин хүлээв, байдаггүй.     Харин ч их мөнгөний сургаар үнэ нэмэгдэв. Идэх хоол, өмсөх хувцасаа  хэмнэж бүсээ чангалахад хүрэв.

Эрхэм түшээд хүүхдийн мөнгийг хасч оронд нь эх орны хишиг гэх 21 мянгыг тараах шийдвэр гарган, үүнийгээ нөгөө эх орны хишгийн эхлэл гэж ам уралдан ярьцгаасан нь бас нэг молиго үмхүүлсэн явдал болсон юм.  Тооцож үзье.

 Намуудын амласан ёсоор  нэг иргэн өдийд 5-6 сая төгрөг цаашлаад таван ам бүлтэй айлын хувьд бараг 20-иод сая төгрөг авчихсан байх байж.  Үгүй юм аа гэхэд төрөөс хүртэх мөнгөөрөө боломжийн  орлоготой хүнсний мухлаг, гар үйлдвэр, жижиг цех ажиллуулаад амьдрал ахуйгаа аваад явна гэсэн сэтгэлтэй олон хүний хүсэл мөрөөдөл унтарч, нүдний  нь гал бөхсөн билээ.
Мэдээж бэлэн мөнгө тараахад үнэ өсч, инфляци газар авна гэсэн шалтгааныг эрх баригчид дулдуйдсан ч мөнгө тараагаагүй байхад үнэ галзуурсныг харин яаж ч чадаагүй.  Гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй мөрөөдлийн мөнгийг өнгөрсөн дөрвөн жилд зөвхөн зүүдэлж л хоносон.

Төрийнхөө хишгийг  хүртэнэ гэж хэчнээн ахмад  амьдралынхаа эцсийн мөч хүртэл амьдарсан бол.  Хөөрхий дөө, сая төгрөгөө аваад үр ачдаа өгчихөөд нүд аних минь гэсэн сэтгэл нь амар болсны дараа сүнстэй нь хамт хорогдсон ч юм билүү.
Хүний сэтгэл санаагаар тоглоно гэдэг айхтар нүгэл байх. Төрийн эрх мэдлийг авахын  төлөө улайрч  нэгнээ давахын тулд юу ч хийхээс буцахгүйдээ тулсан  улс төрийн намуудын амлалт улаан цаймдаа хүрч бараг л гэрт нь очоод зуухны үнсийг чинь асгаад өгье, байранд оруулаад өгье, та бүхэнд сар бүр халамжийн мөнгө  өгнө гэж төрсөн эжий ааваас нь дутахгүй аягласан болохоор Монголын дундаж давхарга, доогуур орлоготой  ард иргэд итгэн саналаа өгчихөөд шагналд нь өрөнд дөрлүүлчихээд  байна.

Яагаад гэж та асуух нь магад.1,5 сая төгрөгийн дуулианаар хэчнээн өрх гэр зээл авч төрийнхөө хишгээр эргүүлэн дарна гэж   бодсон бол.  Төр дундаж иргэддээ зориулж байна. Хуулийн гаргалгаа тайлбар нь энгийн.

Үндсэн хуульд ард түмэн төлөөллөө шууд сонгоно гэж заасан нь  хуулийн зүйл заалтад бичигдсэн  намын мэдлийн 28 мандаттай зөрчилдөөд байгаа талаар маргаан үүсгэжээ.  Хэрэв ээ Үндсэн хуулийн цэц мөн адил ингэж үзвэл УИХ баталсан хуулиа эргэж харахаас аргагүй байдалд хүрнэ.  Хуулийн энэ мэтийн асуудал улс төрчдийн толгойн өвчин болсоор байгаа юм.

 Шинээр батлагдсан УИХ-ыг сонгох  Сонгуулийн  хуулиар Дорноговь, Говьсүмбэр аймагт нэг мандат ногдож байна.  Нэг мандаттай тойрог дээр нэг  намаас нэг л хүн нэр дэвших болохоор мандатын төлөөх томоохон өрсөлдөөн, эсвэл  албан тушаалын наймаа явагдах нь гарцаагүй.
Ардчилсан нам нэр дэвшихээр горилогсдодоо 50 сая төгрөгийн босго тавьж байгаа бол  Ардын нам ч нэжгээд сая төгрөгийг  тавьсан.

Хэдийвээр нэг мандаттай тойрогт нэг л хүн ялалт байгуулах юм шиг харагдаж байгаа боловч удаах нэр дэвшигч подхийсэн санал авч нам  дээрээ очин суудал авах болохоор хэлбэр нь нэг мандаттай холимог тогтолцоо, агуулга нь хоёр мандаттай томсгосон тойрог ч юм шиг харагдаж байгаа юм.

Угтаа бол өмнөх томсгосон тойргоос зарчмын хувьд  адилхан гэсэн үг. Харин нам доторх залуу боловсон хүчин болоод шинэ нэр дэвшигчийг хаалгаар цухуйлгахгүй байх бүх боломжийг хааснаараа гайхамшигтай, бас аймшигтай хууль гэж хэлэх хүн олон байна.

Уг нь МАН бага хурлаараа, АН ҮЗХ-ны хурлаараа шийдэж нэр дэвшигчийг тодруулдаг учиртай хэдий ч зарим   нь нэр дэвшихээ ил тод зарлажээ.

Жилд зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргасан ч барилгын компаниуд хариуд нь шатрын нүүдэл  гарган үнээ нэмснээр ам метр талбайн үнэ тэнгэрт хадаж, үнэ хүү хоёр “ничээ” болов.

50 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай зээлэхэд 120 сая төгрөг болгож төлөх бөгөөд өнөөх 50 сая төгрөг нь гадаадын Хөрөнгийн биржээс зээлж авсан мөнгө төдийгүй эцэст нь  гадаадынханд барьцаалагдсан монголчууд болж хувирах юм байна.

 Энэ насаараа мөрөөдөөд ч, хөдөлмөрлөөд ч авч чадахгүй мөрөөдлийн байшин.   Энэ дөрвөн жилд манай төр засаг ард түмэндээ хатуу нөхцөлтэй, эрсдэл дагуулсан, иргэдээ ялгаварласан банкны зээл хийх боломжийг л олгожээ.

Та мөнгөө авах уу, үргэлжлүүлж тоглох уу?

Тавантолгойгоос иргэдэд хувьцаа олгох тухай хоёр намын сонгуулийн амлалтад  тодорхой дурдсан зүйл байхгүй. Нөгөө талаар 1,5 сая төгрөг чинь хувьцаа болно шүү гэж  эрх баригчдын зүгээс хэлээгүй болохоор ард түмэн бэлэн мөнгө, бас эх орны хишгээ тусад нь авах юм байна гэсэн нийтлэг ойлголттой байлаа.

Тэгтэл   юу гэнэ вэ? Таван толгойгоос иргэдэд хувьцаа олгох тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч  иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших болсон нь сайшаалтай зүйл авч 536 ширхэг хувьцаагаа 1072 болгоё гэсэн эрхэм түшээдийн шийдвэр иргэдээ дахин молгидсон юм.

 Нэг сая төгрөгөө авах уу?, 1072 ширхэг хувьцаагаа авах уу хэмээн  урьдчилж бэлтгэсэн  жүжиг  дэглэж олон түмний тайзан дээр тавьсан нь сая төгрөгийн бооцоот уралдаанд оролцож байгаа оролцогчдод тавьдаг эрсдлийг ард түмэнд үүрүүллээ.

Та мөнгөө авах уу, үргэлжлүүлж тоглох уу? гэдэгтэй адилхан  Та нэг сая төгрөгөө авах уу? хувьцаагаа авах уу гээд л хэлэн дээр нь үмх мах тавьчихаад авах гээд ч байгаа юм шиг өгөх гээд ч байгаа юм шиг үнэхээр хошгоруулж байгаа биз.

 Арт түмэн туршилтын туулай болжээ. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэдэг. Ер нь хэний мөнгийг хэнд өгөх гээд байгаа нь ойлгомжгүй. Хувьцааны талаар мэдлэг муутай, аж амьдрал тааруу ард иргэдээ тохуурхсан шийдвэрийг төр ийн гаргав. Гэтэл өнөөх мундаг хувьцаа маань ямархуу хамгаалалт, эрх зүйн зохицуулалттай байгаа билээ.

 Санхүүгийн зохицуулах хороонд хаягласан өргөдөл гомдлын 80 гаруй хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс ирдэг гэдэг. Бүр цаашилбал  Санхүүгийн зохицуулах  хорооны дарга Баярсайханы хувьцааг брокер диллерийн пүүс өөрт нь хэлэлгүй зарчихсан тохиолдол гарсан.

Эх орны баялгийг иргэн бүрт тэгш хуваарилна гэсэн зарчим алдагдаж, үүнийг зохицуулах зохицуулалт сул байгаа үед бид хувьцаанаас ашиг олно гэж итгэж суухад хэцүү.  Төр нэг сумаар хоёр туулай буудсанаар иргэдэд олгох олон боломжид хаалт хийв.

Оюутнууд хувьцаа авах эрхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн л хувьцааны талаар санахын ч эрхгүй, ахмад настнуудад бүр ч олдохгүй энэ хувьцааг тэгээд хэн авах юм бэ?

“Дорноговийн шуудан” сонин 2012.04.25

http://dornogobiin-shuudan.blogspot.com

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button