Ярилцлага

Ли Янь Жюнь: Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагаа, консулын тойргийн олон түмний төлөө зүтгэнэ

2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр БНХАУаас Монгол Улсын Дорноговь аймгийн ЗамынҮүд суманд суугаа Ерөнхий консул Ли Янь Жюнь Дорноговь аймгийн төвд айлчилсан билээ. Энэ үеэр тодруулсан  тодруулга ярилцлагаа уншигч танд хүргэж байна.

-БНХАУ-аас Монгол Улсын  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын талаар танилцуулна уу?

-Тус Ерөнхий консулын газар нь 2014 оны долоодугаар сард албан ёсоор нээгдэж, консулын тойрогт Монгол Улсын Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгууд багтдаг. Хятад Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш, зүйр үгэнд замаа мэддэг бол явахад хялбар, хүнээ таньдаг бол ярилцахад хялбар гэж үг бий.

Ерөнхий консулын газрын үйл ажиллагааны тэргүүн зорилго нь Хятад, Монголын найрамдлыг сурталчлах, хоёр талын бүхий л түвшиний, бүхий л салбарын харилцан итгэлцэл, харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны үндэсийг тавихад оршино. Хоёрдугаарт, Хятадын талын зах зээл, хөрөнгө, технологи, гарц болон Монголын талын нөөц баялгийн давуу тал хоорондоо харилцан бие биенээ нөхөн хамтран ажиллах боломж маш их бий.

Консулын газрын чухал үүрэг бол хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах явдал юм. Гуравдугаарт, Ерөнхий консулын газар нь Монгол Улсад үнэн бодитой, бүхэл цогц Хятадыг харуулах гэж мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг дээшлүүлэх, хөрш орнуудын найрамдлыг тогтоон гүнзгийрүүлэхээр ямагт хичээсээр ирсэн.

Дөрөвдүгээрт, “Хөршүүдтэйгээ найрсаг байж, хөршүүдтэйгээ түншлэх” үзэл баримтлалыг баримталж, Ерөнхий консулын газар Монгол Улсын орон нутгийн эдийн засгийн хөгжилд илүү бодитой үйл хэрэг хийж, Монголын ард түмэнд бодит давуу талыг хүртээхийг хүсч байна.

Монголын зүйр үгэнд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, Хятадын зүйр үгэнд “Сайн хөршийг алтаар ч солишгүй” гэдэг үг бий.  Дипломатчийн хувьд би үүргээ тууштай биелүүлж, “Хөршүүдтэйгээ найрсаг байж, хөршүүдтэйгээ түншлэх”, “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг ул суурьтайгаар хэрэгжүүлэн, хоёр улсын ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах болно.

Үүргээ биелүүлэхээр Ерөнхий консулын газар ямар ямар ажлуудыг хийсэн бэ?

-Хоёр улсын орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцаа, харилцан айлчлалыг ахиулах нь Ерөнхий консулын газрын энгийн ажил бөгөөд өмнөх жилүүдэд Ерөнхий консулын газар жил бүр консулын тойргийн аймгуудын 150 гаруй төлөөлөгчдийг Хятад Улсад урин  айлчллуулж, Хятад Монголын орон нутаг хоорондын найрсаг харилцааг тасралтгүй гүнзгийрүүлсээр ирсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь цар тахлын улмаас түр зогссон байгаа бөгөөд нөхцөл байдал сайжирсны дараа бид үргэлжлүүлэн зохион байгуулж, Хятад Монголын орон нутаг хооронд улам илүү зузаан, бат бөх нөхөрлөлийг бий болгох болно.

-Ерөнхий консулын газар Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ялангуяа томоохон төслүүдийн хамтын ажиллагааг ахиулах, хамгаалахаар олон ажлуудыг хийсэн. Бид Монголын орон нутгийн засаг захиргаа болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй үргэлж харилцаатай байж, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлүүдийг ойлгон, хамтын ажиллагааны төслийн саадгүй явцыг бататгах, харилцан ашигтай байдлыг бий болгохоор чадахаараа тусламж үзүүлдэг.

Мөн би энд Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны холбогдох төслүүдэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн Монголын орон нутгийн засаг захиргаа болон Монголын талын төслийн түнш байгууллагуудад талархлаа илэрхийлье.

    Ерөнхий консулын газар нь консулын тойргийн иргэдэд чиглэсэн бодитой, сайн үйлс хийсээр ирсэн. Жил бүр бид консулын тойргийн аймгуудын их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын тэтгэлэг болон амьжиргааны тэтгэмж олгож хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулсан. Консулын тойргийн аймгууд салхи шороо, зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэхэд бид гамшигт нэрвэгдсэн иргэдэд эд материалын хандив үзүүлж, тэднийг хүнд хэцүүг даван туулахад тусалдаг.

Өмнөх жилүүдэд Манай Ерөнхий консулын газар жил бүр Дорноговь аймгийн 200 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Эрээн хотод айлчлуулж, тэндэхийн хүүхдүүдтэй харилцаж, найрсаг харилцаагаа дамжуулах зэрэг ажлыг хийсэн, цар тахал дууссаны дараа бид дахин үргэлжлүүлэх болно.

    Монгол Улсад цар тахал дэгдсэнээс хойш, Ерөнхий консулын газар нь Хятадын засгийн газар болон ард иргэдийг төлөөлөн консулын тойргийн бүхий л аймгуудад халдвар хамгааллын эд хэрэгсэл болон мөнгөн хандив үзүүлж, консулын тойргын аймгуудын цар тахлын эсрэг тэмцэх ажилд бололцоогоороо тусламж үзүүлсэн.

-Та Монгол Хятад Улс цар тахлын эсрэг тэмцэж буй хамтын ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Цар тахлын нөхцөл байдал дор Хятад, Монгол хоёр улс харилцан бие биенээ хамгаалалцан, дэмжилцэж, холбогдох газрууд хамтарсан урьдчилан сэргийлэх, хянах ажлыг нягт холбоотой хэрэгжүүлэн,  илт үр дүнд хүрсэн. Харилцан туслалцах нь хөршүүдийн харилцаанд байх ёстой утга учрын нэг, шинэ корона вируст цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол улсууд бие биенээ  хамгаалалцан туслалцаж,  хамтдаа халдварын эсрэг тэмцэж байгаа нь хоёр орны ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулсан билээ.

Хятад Улс цар тахлын эсрэг ид тэмцэж байх үед Монголын ард түмэн Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан. Мөн Монгол Улсын засгийн газраас зохион байгуулсан “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар Монголын нийгмийн бүхий л салбар мөнгө, эд материалын хандив үзүүлсэн нь Хятадын ард түмэнд ихээхэн урам зориг хайрласан юм. Хөршийнхөө эдгээр тусламжийг бид хэзээ ч мартахгүй.

Хятад Улс ч мөн Монгол Улсын  цар тахлын эсрэг тэмцэх ажлуудыг идэвхтэй дэмжиж, тахлаас урьдчилан сэргийлэх, тахлыг хянах туршлага мэдээллээ Монгол Улстай хуваалцаж, олон тооны тусламж үзүүлсэн. Хятадын төв Засгийн газар, холбогдох орон нутгийн Засаг захиргаа, Элчин сайдын яам, консулын газар Монгол Улсад их хэмжээний цар тахалтай тэмцэх эд  материалын хандив үзүүлсэн.

Энэ оны хоёрдугаар сард Хятадын Засгийн газар Монгол Улсад 300,000 тун вакцины тусламж үзүүлж, удалгүй дөрөвдүгээр сард Хятад Улс 1.2 сая тун вакциныг Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хятадын вакцин нь Монгол Улс цар тахлын эсрэг тэмцэхэд эерэг хувь нэмрээ оруулж, Монгол Улсын засгийн газрын удирдлага болон Монголын ард түмний хүчин чармайлтаар уг цар тахлыг амжилттай даван туулна гэдэгт би бүрэн итгэж байна.

Консулын тойрог дахь Монгол Хятадын харилцааны талаар танд ямар хүлээлт, хэтийн төлөв байгаа вэ?

-Монгол Улсын зарим алсын хараатай улс төрчид Хятад Улстай хөрш байх нь Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал боломж гэж хэлсэн байдаг. Би ч мөн үүнтэй гүнээ санал нийлж байна. Хятад Улс өөрчлөн шинэчлэгдэж нээлттэй болсноос хойш, ялангуяа БНХАУ-ын Коммунист намын 18 дугаар их хурлаас хойш Си Жиньпин даргатай Намын Төв Хороо Хятадын ард түмнийг ядуурлаас ангижруулах шийдэмгий ялалтад хөтөлж, чинээлэг нийгмийг цогцоор нь байгуулах зорилго биеллээ олсон билээ.

2020 онд, Хятад Улс шинэ корона вируст цар тахал, дэлхий эдийн засгийн уналт зэрэг олон хүнд цохилттой тулгарч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахлыг хянах ажлыг болон эдийн засгийн хөгжлийг цогцоор нь үр дүнтэй төлөвлөж 2.3 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлж, дэлхийд цор ганц эдийн засгийн эерэг өсөлтөд хүрсэн гол эдийн засаг болов.

Хятад Улсын баримталж буй энх тайвнаар хөгжүүлэх гадаад бодлого нь Хятадын хөгжлийн хөдөлгөх хүчийг хөрш зэргэлдээх бүхий л орнуудын  хөгжлийн хөдөлгөх хүч болгох алтан түлхүүр юм. Хятад Улс өөрийн хөгжил болон хэд хэдэн эерэг арга хэмжээнүүдээр дамжуулан бүхий л улс орнуудын хөгжилд шинэ боломжийг тасралтгүй бий болгох болно.

Жишээлбэл “Нэг бүс, нэг зам” санаачилга зам дагуух улс орнуудад аль хэдийн үндэслэн, цэцэглэж үр өгөөжөө өгч эхэлжээ. Түүнчлэн Монгол Улс ч мөн Хятадын талтай “Талын зам”, “Нэг бүс нэг зам” санаачилгын уялдааг идэвхтэй хэрэгжүүлэн хоёр улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хятад Улс яагаад ийм их хөгжлийн ололт амжилтад хүрсэн, энх тайвнаар хөгжих гадаад бодлогыг баримтлах, хөрш орнуудтайгаа элэгсэг дотно,үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх гадаад бодлого явуулж байгаагийн үндсэн шалтгаан бол Хятадын Коммунист намын удирдлага юм.

2021 он бол БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой. Хятадын Коммунист нам өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын ард түмнийг өөрийн үндэсний нөхцөл байдал, хөгжлийн шаардлагаар удирдан чиглүүлж, хятадын онцлогт социализмын замыг бий болгон иргэдийн амьдрал мэдэгдэхүйц сайжирч, үндэсний ерөнхий чадамж эрс дээшилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гайхамшгийг бүтээжээ.

Шинэ түүхэн эхлэл дээр, Хятадын Коммунист нам Хятадын ард түмнийг баян хүчирхэг, ардчилсан соёл иргэншилт эв найртай социалист орчин үеийн улс орныг цогцоор нь байгуулахад нэгтгэн удирдан чиглүүлж, мөн хүн төрөлхтний энх тайван хөгжлийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байх болно.

Монгол Улсын Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгууд бүгд хөгжлийнхөө үед явж байгаа ба Хятадын орон нутагтай хийх хамтын ажиллагаа нь өвөрмөц давуу талтай мөн, нөөц боломж нь маш их. Хятад, Монголын хамтын ажиллагааны ололт амжилт нь хоёр оронд улам сайн сайхан ирээдүйг бий болгож мөн Дорноговь аймгийн ард түмэнд илүү аз жаргалтай сайхан амьдралыг авчирна гэж би боддог.

Дипломатчийн хувьд би үүрэг даалгаврыг биелүүлж, бүхий л гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүх хамтран ажиллагсдаа Хятад-Монголын дипломат харилцааг улам сайн сайхан болгоход хөтөлж, Хятад-Монголын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар консулын тойргийн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг улам бүр ахиулж, улам олон ард иргэдэд хөгжлийн үр шимийг хүртээх болно.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button