Ирээдүйг гэрэлтүүлэх ид шидийн орон Дорноговьд сүндэрлэнэ
Дорноговь аймгийн Сайншанд сумын VI багийн нутагт “Наран өргөө” хүүхдийн сувилал хөгжил хамгааллын төвийн барилгын шав тавих ёслол боллоо.
Дээрх төслийг санаачлагч С.Цогцэцэг сувилахуйн мэргэжилтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө хувийн орон сууцаа зарж байгаа бүхнээ зориулан хөдөлмөрлөж яваа эмэгтэй юм.Тэрээр Дорноговь аймгийн төв Сайншанд хотод “Наран өргөө” нэртэй хүүхэд хамгаалал хөгжил сувиллын төвийг барьж олон хүүхдэд тус хүргэх гэгээн мөрөөдөл өвөрлөн зүтгэсээр ийн барилга барих газраа олж хашаа хатган удахгүй барилгаа эхлэхээр ажиллаж байна.
2019 оны 11 дүгээр сард төсөл танилцуулах үйл ажиллагаа болоход аав ээжүүдийн төлөөлөл тус төслийг дэмжиж хандивын аян эхлүүлсэн ч хөл хориотой холбоотойгоор үйл ажиллагаа хараахан өрнөөгүй байсан аж. Харин эдүгээ энэ ажлыг үргэлжлүүлэхээр “Өхөөрдөм Инээмсэглэлийн өргөө” НҮТББ-ын нэр дээр Голомт болон Хаан банкны данс нээж хандивын аянаа эхэлжээ.
Эрүүл, оюунлаг ирээдүйн төлөө та бүхнийг хамтран оролцож, дэмжиж, туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Хүүхэд бидний амьдралын хамгийн том гэрэл. Хүүхдийнхээ зүрхэнд байгаа гэрлийг бадрааж аз жаргалыг хором бүрт мэдрүүлж бүр их гэрэлтүүлээрэй гэж тэрээр хэлсэн байна.
“Наран өргөө” хүүхдийн сувилал хөгжил хамгааллын төвийн барилгад хандив өргөх хувь хүн, компани аж ахуй нэгжүүд мөнгөн хандив, ажиллах хүч, барилгын материал, машин тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж болно.
Хандивыг “Өхөөрдөм Инээмсэглэлийн өргөө” НҮТББ-ын “Голомт” банкны 5405112678, “Хаан” банкны 5379227957 тоот дансанд хандив өргөх боломжтой бөгөөд хандивын аяны талаарх нэмэлт мэдээллийг 88953545, 99068506 утсаар тодруулах боломжтой.