Ардын морин өртөөний сүүлчийн улаач Я.Ухна
Дорноговь аймгийн Мандах сумын аймгийн аварга малчин Я.Ухна гуай 93 насыг зооглоод байгаа сумынхаа хамгийн ахмад өндөр настан юм.
Тэрбээр Мандах сумын дөрвөн жилийн бага сургуульд 1940 онд элсэн орж төгсөөд өнгөрсөн зууны дөчөөд оны сүүлчээс тавиад оны үед ардын морин өртөөний улаач, морин өртөөчнөөр ажиллаж байжээ. Ухна гуай эдүгээ үр хүүхэдтэйгээ нутагтаа энх тунх сайхан аж төрж байна. Тэрбээр морин өртөөний улаач хийж байсан тухайгаа хуучилсан юм. Мандах сум аймгийн төвөөс 170 км алслагдсан.
Ухна гуайн хэлснээр Мандах сумаас аймгийн төв хүртэл зургаан өртөө байсан бөгөөд өртөөны хоорондын зай 30 гаруй км. Энэ замыг мориор 3-4 цаг туулдаг байжээ. Мандах сумаас гараад л Гурвангийн өртөө, Хонгорын өртөө, Сайханы өртөө, Сэкүүлийн өртөө, Ганц модны өртөө хүрээд аймгийн төв ордог байжээ. Ардын морин өртөө Дорноговь аймагт 1949 онд солигдож тээврийн үйлчилгээг авто машинаар хүргэж эхэлсэн байна.
Түүний ярьж буйгаар дөнгө эхэлж байгаа авто машины үйлчилгээ хязгаартай байсан тул Ардын морин өртөө зарим суманд тодорхой хугацаанд үргэлжилсэн аж. Бүр 1960 он хүртэл зарим газар ардын морин өртөө байсан талаар тэрээр дурсав. Хаврын мал төллөх үеэр малын ноос бэлтгэх, мал мах тушаах, ан агнуурын болзол зэрэг сумын захиргаанаас гаргасан үүрэг даалгавар бүхий албан бичгийн заримыг нь баадагнан бүсэлж, заримыг нь өвөртлөөд морины тэнхээгээр шуурхай хүргэнэ.
Бичиг занги хүргэж яваа өртөөний улаач мориороо гэлдрүүлнэ гэж үгүй. Мориороо дандаа л ергүүлж, цогиулж, давхиж их талыг туулдаг байжээ. Гэхдээ өртөөний морьдыг олон хоногийн өмнө барьж уяж сойж хоол ундыг нь тааруулан, өртөөний улаа залгуулдаг байсан тул ихэнхдээ л хөл хөнгөн хурдан шаламгай, унаа даах чадвартай номхон дөлгөөн морьдыг сонгож алба залгуулдаг.
Өртөө бүрд морио малладаг, улаа нэхдэг, өртөөчний хоол, цайг хийдэг хүмүүс тус тусдаа ажиллаж байжээ. Өртөөгөөр улаа нэхээд ирсэн хүмүүсийг цайлж хооллож амраана. Улаач нар тухайн өртөөндөө мэдээ занги хүргэчихээд буцаад явахдаа мөн л албан бичиг, мэдээ аваад явна.
Сардаа 120 төгрөгийн цалин авна. Өглөө болгон хоол ундыг нь тааруулж гахсраасан морио эмээллэн унаж өртөө нэхнэ. Морьдоо их арчилдаг, туурайг нь өвтгөхгүй, зоо нурууг нь гэмтээхгүй байж морьдоо цэвэрхэн сайхан унахыг хичээдэг. Хот, аймгаас төлөөлөгч ирсэн үед ачаалал ихэсч долоо хоногт хоёроос гурван ч удаа улаа нэхнэ. Морио тогтоосон цагт барьж унахад бэлтгээгүй, алба саатуулсан тохиолдолд шийтгүүлдэг байсан гэж өвгөн улаач хуучилсан билээ.
Түүх сөхвөл, ардын хувьсгалаас өмнөх Манж Чин гүрний үед үйлчилж байсан өртөө улаа мөн л энэ нутгаар дайрч байжээ. Манжийн элч төлөөлөгч нар албаны мэдээг яаралтай нэвтрүүлэн хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөг XYIII зууны эхэн үед байгуулж мөн зууныхаа сүүлчээр дуусгасан ажээ.
Энэ өртөө нь Бээжингээс Өвөр Монгол, Ар Монголын нутгаар дамжин Баруун хязгаар Ховдын Улиастай хүртэлх гол зангилаа газруудтай холбогддог байв. Энэ өртөөг “буухиа өртөө” гэж нэрлэдэг байжээ. Бээжингээс Улиастай хүрэх замд 72 суурь байсны найман суурийг хятадууд, дараах найман суурийг Цахарууд залгуулдаг байв. Цахарын өртөөнөөс залгаад Харчины 36 өртөө эхэлдэг бөгөөд эл 36 өртөөний 18 дахь өртөө нь Мандах сумын иргэдийн шүтээн хайрхан болсон Арван наймын Богд уулын ойролцоо байжээ.
Эл хайрхны орой сэтэрхий мэт харагддаг. Их эзэн Чингис хаан Хатанбулаг сумын Эргэлийн зоог харвасан бөгөөд сэтэрсэн орой нь энэ уулын ард тогтсон гэх домог яриа ч байна. Я.Ухна гуайн хэлснээр Бээжингээс гарсан өртөөний улаач Өвөрмонголоос орж ирэхдээ энэ нутгаар дайрч Нарангийн булгаар өртөөлөөд Зөөвөр бороор дайрч /уул усны нэр/ Буянт Өлзийт гэх Дунд говийн сумаар ороод хойшоо явдаг байв.
Мөн тэмээн жингийн томоохон зам энэ нутгаар дайрч байжээ. Манай дээдсүүд хавар, намрын улиралд гурил будаа ачсан тэмээн жингийн цуваа өмнөдөөс умардыг зорихыг саравчлан ажигладаг байсан гэлцдэг. Бодвол хойшоо Алтанбулаг, зүүн тийшээ Баянтүмэнгийн чиглэлд явж байсан байх хэмээн тэрбээр ярьсан билээ.
Ухна гуай өртөөний улаачаас гадна улсын мал тууврын ажилд хүчин зүтгэж байлаа. Хаврын өдрүүдэд улсын мах бэлтгэлийн малыг тууж гараад зун, намрын цагаар таргалуулж Улаанбаатарт хүргэж өгдөг ажилтай байв.
Хоёр зууныг дамнасан нэгэн цагт ардын морин өртөөний өртөөч, улаа нэхэж явсан түүнээс “Та энэ өндөр насыг насалсны нууц нь юунд байна вэ” гэж асуухад, өвчин эмгэг хэлэлгүй эдүгээ 93 насыг зооглон энх тунх аж төрж байгаагаа хөдөөгийн эрүүл агаар, цэвэр хоол унд, хөдөлгөөн ихтэй нүүдэлч ахуйн онцлог болов уу хэмээн бахархан хэлж байсан юм.