Хогийг мөнгө болгож буй залуу
Дээрх зураг бол гялгар, уут, хог хаягдлыг ашиглан сандал болон бусад зүйлсийг бүтээсэн говь нутгийн залуусын бүтээл юм.
Дорноговь аймгийн Сайншанд хотод хог ангилан ялгаж, дахин боловсруулах “Эко говь” компани 2020 оноос хойш ажиллаж байна.
Тус компани хөнгөн цагаан, хуванцар сав, гялгар уут зэргийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн 38 тонн гялгар уут, 12 тонн цаасан хайрцаг, 22 тонн хуванцар савыг дахин боловсруулжээ. Тус компанийг үүсгэн байгуулсан Э.Ган-Эрдэнэтэй уулзахад манай компани дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр үйл ажиллагаагаа эхэлж хүнд үед чадан ядан ажилласаар өнөөг хүрлээ.
Зарим үед ажил маань зогсонги байдалд ч хүрч байлаа. Гэхдээ шантарсангүй, ажлаа үргэлжлүүлж байна.Орчин тойрондоо хоггүй цэвэр амьдрах, хогоо дахин ялгаж, дахивар бүтээгдэхүүн болгох ухамсар соёлтой хүмүүс байхад хогийг замбараагүй хаях, хогоо ангилж ялгахгүй байх асуудал өнөөдөр ч тулгамдсан хэвээр. Хогоо ангилж ялгах тал дээр хүмүүсээс жаахан гэсэн сэтгэл гарвал сайн.