Эрүүл мэнд

Нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч нар сумдад ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутгаас мэргэжлийн төвүүдэд нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч нарыг 45 хоногийн хугацаатай өвөлжилт хүндэрсэн сумдад томилон ажиллуулах шийдвэр гаргасан.

Дорноговь аймагт нарийн мэргэжлийн 15 эмч ажиллахаар томилогджээ. Аймгийн Эрүүл мэндийн газраас хүний нөөц дутагдалтай Иххэт, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ суманд зургаан эмчийг томилж, есөн эмчийг үзлэгийн гурван багт хуваан, 13 сумын хөдөөгийн багуудад малчны хотхонд нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээ хийх зохион байгуулалтыг гаргаж ажиллах үүрэг чиглэл өгчээ.

“Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, цаашдаа хаваржилт хатуу байгаа энэ хүнд цаг үед малчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг хяналт хийх, эмч цөөтэй сумдад хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ долоо хоногт цас зуд ихтэй өвөлжилт хүндэрсэн Иххэт, Дэлгэрэх, Даланжаргалан суманд үзлэгийн гурван баг гаргасан. Үзлэгийн багт дотор, мэдрэл, хүүэд, арьс харшил, нүд, уламжлалт анагаах ухааны эмч нар болон лаборатори, дүрс оношилгооны эмч нар ажиллаж байгаа юм.

Эмч нар  мобайл эхо, болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, сэтгэцийн эмч сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажиллана” гэж аймгийн ЭМГаас мэдээлэв. Хөдөөгийн багуудад тэднийг багийн эмч нар чиглүүлэн ажиллана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button